Сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.ЧИНБАТ-аас тодруулга авлаа. Тэрбээр " Болсон үйл явдал, бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Манай байгуулага дээр Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг сэтгүүлч нарт холбогдох "халдварт өвчний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээлэл түгээсэн" гэх асуудал шалгагдаж байна. Хууль, журмын дагуу хэрэг бүртгэлийн ажил хийгдэж шалгагдаж байна. Хоёрдугаарт, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг гэдэг хүнийг би өрөөндөө огт дуудаагүй. Түүнийг өрөөнд дуудаж гар хүрээгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Тэр хүн өөрөө өрөөндөө орж ирсэн. Миний удирдлага дор ажилладаг алба хаагчийн шалгаж байгаа гомдол мэдээлэл, хэрэгтэй холбогдуулан хууль бусаар нөлөөлөхийг оролдсон. Миний зүгээс хуулийн зүйл заалт буюу хариуцлагыг наймалцаж, тохиролцоо хийдэггүй гэж хэлсэн. Энэ үгийг хэлэхээр маш ихээр урлаж, эрээ цээргүй ааш авир гаргасан. Миний зүгээс хэрүүл маргаан гаргах хэрэггүй гэж хэлж, албаны өрөөнөөс гарах шаардлага тавьсан. Түүнийг биелүүлээгүй. Чиний булайг дэлгэнэ гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Би албаны өрөөндөө үйл ажиллагаа хэвийн явуулж байсныг маань тасалдуулж, саад учруулсан. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу шаардлага тавьж, биелүүлээгүй учир өрөөнөөсөө гаргасан." гэв.
Харин сэтгүүлчийн зүгээс нотлох баримт устгасан гэх асуудлын талаар тэрбээр " Нотлох баримтыг устгасан гэдэг үндэслэлгүй худал мэдээлэл. Тэр нотлох баримт гэж ярьж байгаа нь 30 хуудас материал. Тэр нь ikon.mn сайтад нийтлэгдсэн одоогоос жилийн өмнөх мэдээлэл юм. Мөн иргэний бүртгэлийн байгууллагын burtgel.mn-д байрладаг албан ёсны сайтад байрласан иргэний лавлагаа мэдээлэл байсан. Энэ бол бүх хүнд ил байгаа мэдээлэл. Харин дээрх энэ хоёр бол тусдаа асуудал. Миний өрөөнд болсон асуудал тэр материалтай ямар ч холбогдолгүй. Энэ асуудалд хууль, хяналтын байгуулага шалгалт явуулж, холбогдох дүгнэлтийг гарна гэж бодож байна. Одоогоор энэ асуудал ЦЕГ-ын Дотоодын хяналт, аюулгүй байдлын газарт шалгагдаж байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Нэмж хэлэхэд, сүүлийн хоёр хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд давамгай байдлаа ашиглаж цагдаагийн байгууллага болон алба хаагчийн нэр төрд халдаж байгаад харамсаж байна" хэмээлээ.