Зураач С.Заяасайханы талаар сүүлийн үед монголчууд сайн мэддэг боллоо. Баянхонгорт төрсөн залуу дэлхийн хэмжээний зураач болсон. Энэ зураачийн талаар “Цагийн зөрүү” баримтат киног Монгол контент, сэтгүүлч Цагааны Оюундарь хийсэн байдаг. Тухайлбал, “Мона Лиза”-г зураач бүр өөрийнхөөрөө зурсан. Дэлхийн улс үндэстний зураач болгон зурсан “Мона Лиза”-гаас сайн зурсан 100 зургийг шалгаруулж, ном болгон хэвлүүлэхээр болсон. Энэ дэлхийн 100 шилдэг бүтээлийн нэгд Монголын зураач Самбуугийн Заяасайханы зурсан Монгол Мона Лиза багтсан. Товчхон хэлбэл дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа зураач. С.Заяасайхан Токио хотын Гинзад, тодруулбал “Fukasaku” галерейд үзэсгэлэнгээ гаргасан. “Гинза дүүрэгт Монгол хүн үзэсгэлэн гаргана гэдэг нэр төрийн хэрэг. Гинза газрын үнээр дэлхийд тэргүүлнэ. Японы эдийн засаг эрчимтэй хөгжиж байсан 80-аад онд Гинзагийн газрын үнэ хэд хүрч буй тухай мэдээ өдөр бүр зурагтаар гарч олныг шуугиулдаг байв. Тэр үед үнэт эдлэлийн Тасаки компани Гинза дотроо хамгийн үнэтэйд тооцогдох 4-р хороонд дэлгүүрийн газар худалдаж авахдаа 1 хавтгай дөрвөлжин метрийн төлөө сая гаруй доллар төлсөн нь тухайн үедээ рекорд болж байлаа. Одоо нэг меот квадрат газар 30 сая иенээр үнэлэгдэнэ. Ийм л үнэ хүндтэй газар нээсэн энэхүү үзэсгэлэнг Японы сумогийн 69, 70 дахь их аварга Хакухо, Харумафүжи хоёр хүрэлцэн ирж сонирхсон. Харумафүжигийн ээж Мягмарсүрэн, гэргий Баттуул хоёр гэхэд хоёр удаа ирж үзсэн гэдэг. Харумафүжи хайртай гэргийдээ 30 гаруй сая төгрөгөөр С.Заяасайхан зураачийн “Гүнжийг хүмүүжүүлсэн нь” зургийг авч бэлэглэжээ. Зурах дуртай Харумафүжи, зураач Заяасайхантай хамтран үзэсгэлэн гаргаж байсан удаатай. Тэрчлэн гадаадад ажиллаж амьдардаг, ажил үйлс нь өөдрөг яваа монголчууд ирж үзсний нэг нь “Google”-д ажилладаг Монгол залуу ирж С.Заяасайханы бүтээлээс худалдаж авчээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар С.Заяасайханыг Монгол Улсын Соёлын элчээр өргөмжилсэн. С.Заяасайхан сүүлийн 18 жил АНУ, Япон, Франц, Хонконг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 20 гаруй үзэсгэлэн гаргасан Монголын орчин цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Түүний бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна. Тайваньд болсон үзэсгэлэнд С.Заяасайхан зураач уригдан оролцсон. Тэр үед Тайванийн тэрбумтан 2013 онд зурсан “Хаадын хаан” зургийг нь 190 мянган ам доллар буюу монгол мөнгөөр 400 сая орчим төгрөгөөр худалдан авсан байна.