Сүхбаатар аймаг 1968 онд сумын төвд наадам хийлгүй, аймагтаа нэгдсэн наадам хийж сум сумын хурдан хүлэг очиж уралдсан байдаг. Хурдаараа алдартай Жавхлантшарга аймгийн их насны морьд эргээд газрын дунд орж байхад Нийгмийн хонгор тархинд давхиж явжээ. Гэтэл хэсэг морьд зам дөтлөөд салаад явчихаж. Тэгэхэд Сүхбаатар сум нэгдлийн дарга Очирчүлтэм гэдэг хүн УАЗ 469 машинтайгаа 70 км/ц хурдалж очоод, "Баруун сумдын морьд зам дөтөлсөн учир хасуулна" хэмээн цонхоо нээн хашгирах гэтэл Нийгмийн хонгор унаач хүүхдийнхээ хоёр хөлний урдуур гөлмөө дэрвүүлээд туулаад өнгөрсөн гэдэг. Үүнээс улбаалж Нийгмийн хонгор газрын дунд 70 км/ц хурдтай явдаг гэсэн яриа гарсан гэдэг билээ.
"Тэр наадамдаа үзэгчдийн алга ташилт, уухайнаар гараанаас гарч байгаа юм шиг л тарлаж түрүүлсэн" гэж Пүрэвийн Үл-Олдох гуай хуучилсан байна.
1971 оны улс хувьсгалын 50 жилийн ойд Нийгмийн хонгорыг уралдуулах урилга очиж, 4 сарын дундуур сум нэгдлийн хурал болж, Дорж уяачаар биш Дашдоной өвгөнөөр уяулж явуулах шийдвэр гарч уяачийг нь сольжээ. Хаврын тарчиг цагаас эхлэн гурван сар шахам аялж Яармагийн дэнжид ирсэн хонгор морь хоолоо тогтоохгүй эмгэгтэй болсноос гадна тамир илт мууджээ. Энд бас хорон муу хүмүүсийн муу арга орсон гэдэг. Энэ наадамд Айдасын давааны ар луу цавь нь гэдсээ алгадаад тархины морьдтой бууж байсан тухай тэр ойд соёолон бор үрээгээ айрагдуулсан Шувуун Жамц гэдэг хүн ярьсан удаатай. Тэр наадамд Нийгмийн хонгор 70 орчмоор давхин, уяан дээрээ ирээд өлдөж хэвтсэн гэдэг.
1982 онд Эвээний Дорж гуай хонгор мориныхоо зодгийг тайлуулахаар наадамчин олны өмнө өөрөө шогшуулж, хурсан олон мэлмэрүүлж байсан гэдэг. Тэр жил 23 хүрч байсан хонгор морь даагатай уралдан 18 дахь түрүүгээ аваад наадамчин олны ганцаар цоллуулан ёслол төгөлдөр зодог тайлсан аж. Түүнээс хойш таван жилийн дараа 1987 онд Улаанбаатар хотоос малзүйн эрдэмтэд очиж 28 настай Нийгмийн хонгорыг тариа хийн унтуулаад, арьсаар нь чихмэл хийж 1988 онд Сүхбаатар сумын музейд мөнхөлсөн юм. Сүхбаатар аймаг Сүхбаатар суманд тус бүр нийгмийн хонгорын хөшөөг сүндэрлүүлж 2000 онд Нийгмийн хонгорын нэрэмжит наадам зохиогдон Орлой Хонгор морь түрүүлж байсан юм.
Ийнхүү зуун дамжин моринд хайртай олныхоо зүрх сэтгэлд мөнхөрсөн Нийгмийн хонгор хэмээх цуут хүлгийн товчхон түүх ийм буюу..