Анх Д.Өнөрболорыг “Мантууш” Болороо гэдэг байсан, одоо МАН-ын нарийн бичгийн дарга болжээ. 2016 оны сонгуулийн дараа Барилга, хот байгуулалтын сайд болох гэж зүтгээд унасныг хүмүүс санаж байгаа байх. Тэр үед МАН-ын байж боломгүй томилгоо буюу БХБ-ын сайд Өнөрболор болох нь гэж халаглаж байлаа. Учир нь, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат асан анх 11 сайдын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барихдаа БХБ-ын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анадбазарыг томилохоор оруулсан. Харин тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзсэн юм. Төр түмэн нүдтэй гэж энэ байх. Үүнээс хойш Өнөрболор Сэлэнгэд нэр дэвшихээр шийдэж, “Бидний цөөхөн монголчууд” төслийн М.Зоригттой хамт Сэлэнгэ аймгаар явсан. Удалгүй “Танайд хоноё” нэвтрүүлгийн Г.Алтантүрүүтэй хэсэг аялсан. Үр дүн ч гарсан байх. ”Улаанбаатарын хамгийн тансаг рестораны эзэн, Монголын “Ганнам”-ыг бүтээсэн Болороо хатагтай ийн зуны халуун, намрын зэврүүнийг үл тоон Сэлэнгэд “ажиллаж” буй нь УИХ-ын гишүүний суудлын үнэ цэн, нэр нөлөөг илтгэж буй хэрэг. Их хүссэн хүнд юу гэдэг билээ.
"Сөүл” Болороо гэж хэн бэ?
МАН-ын нарийн бичгийн дарга Өнөрболорт "Уушги цохио”, "Мантууш”, "Рояль нью кэстл”, "Сөүл групп” гэх зэрэг олон компани бий. Хүүхдийн паркт байдаг “Туяа” рестораныг “Сөүл” болгосноос харахад, “Сөүл групп” гэхээс харахад солонгост ихээхэн элэгтэй гэдэг нь харагдана. Нэг үе солонгос бизнесмэнтэй амьдардаг гэж цуурдаг байсан. Барилгын чиглэлээр голчлон бизнес эрхэлдэг түүнд Сэлэнгэ гэсэн нэртэй компани, аж ахуйн нэгж бий болов уу? Анхнаасаа Сэлэнгэд хайртай байгаагүй, харин нэр дэвших, УИХ-ын гишүүн болоход хамгийн тохиромжтой тойрог гэж харсан байж болох юм. Энэ эмэгтэй 1990 оны дундуур зурагтаар "Сөүл” рестораны тогоочийн хоол хийхэд орчуулагч хийдэг байсныг зарим нь санаж байгаа биз. Харин дараа нь солонгос хүнтэй сууж хөрөнгөжин, зарлигаар дархлагдсан дархан цаазат тусгай хамгаалалттай бүс нутаг хэмээн нэрлэдэг Богд хан уулыг байшин хороолол болгосон гэлцдэг.
Д.Өнөрболор “Сөүл” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Ли гэх Солонгосын орчуулагч байсан, сүүлд хамтран амьдарч байсан гэж сайтууд бичдэг. (Нөхөр нь Ганбаяр гэдэг залуу бий)Орчуулагчаас барилгын том компанийн гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн бүсгүй элит хотхнуудыг барьж, талх шиг зарсан. “Royal castle”, “Green villa” тэргүүтэй тансаг харшуудын бүтээсэн хатагтай. Д.Өнөрболорыг Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшихэд Их аварга Д.Дагвадорж твиттерээр “Аниа манай гэрт хулгана гүйгээд байгаа шүү. Ус гэж үх гэсэн утгатай байна. Green villa. Аниа завтай бол хариу бичээрэй” гэж жиргэсэн. Асашёорюүгийн амьдардаг “Green villa” хотхоныг Д.Өнөрболорын компани барьсан бөгөөд оршин суугчийн зүгээс асуудлаа илэрхийлсэн биз. Их аваргаас эхлээд өргөн түмэн түүнийг сайд болохыг эсэргүүцсэн болохоор Барилга хот байгуулалтын сайд болж чадаагүй. Одоо УИХ-ын гишүүн болохоор зүтгэж явна.