alim.mn | 2024.12.23
Цагдаа нартай хуйвалдан хятад иргэний өвөрт биеэ үнэлэгч “оруулаад” айлган зургаан сая төгрөгийг нь авчээ

Энэ хэрэгт СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн машинт эргүүлийн цагдаа жолооч Н, офицер П.Э нар холбогджээ. Харин хэргийн зохион байгуулагч н нь “Хятадын 20-р төмөр зам” компанийн гэрээт орчуулагч А.Мөнх-Э ... байсан. Тэрээр хятад удирдлагуудаасаа авах ээлжит нэгэн өшөө авалт болгож энэ хэргийг зохион байгуулсан байна. Эхлээд машинт эргүүлийн цагдаатай төлөвлөгөөгөө ярьж тохирчээ. Дараа нь оюутан цагийн найз Содоогоор дамжуулан Оожоо гэдэг зуучлагчтай холбогдож Отгонз ...  гэдэг бүсгүйг чатаас олжээ. Хамсаатнууд бүсгүйг хоолонд оруулж дайлангаа тун амархан ятгажээ. Түүний гүйцэтгэх үүрэг нь  зочид буудалд буусан хятад иргэний өрөөнд ороод ердөө л байх агаад жаахан байсных нь дараа цагдаа нар орж ирэн гадаад хүнийг баривчлаад явна гэж тайлбарлажээ. Мэдээж бүсгүйд далд төлөвлөгөөгөө хэлээгүй байжээ. Хятад захирлуудаас өшөө авахын тулд гэрээт орчуулагч нь компанийхаа талбайн зохион байгуулагч Шүй Ган /Xu Gang/-ыг онилсон байв. Тэгээд ч хятад эр монгол хүүхэн олж өгөхийг байнга гуйдгаараа амархан өгөөшинд оржээ. Хүүхэмсэг хятадыг мэхлэхийн тулд гэрээт орчуулагч нь фейсбүүкд “Misheel Kh” гэдэг нэрээр монгол эмэгтэйн хуурамч хаяг нээн Шүй Гантай нэлээд удаан харьцжээ.  Отгонз ... -г “ажиллагаа”-д татаж оруулмагцаа зургийг нь аваад хятад эр лүү чатаар явуулж улам итгүүлжээ. Мөн хятад хэл “зааж” өгчээ. Гэсэн ч муу “сурагч” байсан тул хятад эртэй утсаар ярихдаа гэрээт орчуулагчийн монгол галигаар хятадаар бичиж өгсөн үгийг уншиж чадалгүй түгдрээд баларчээ. Аз болоход сэжиг аваагүй агаад хятад эрийн байрлаж байсан 1-р хороололд орших “Хон Конг” зочид буудалд уулзахаар тохирчээ. Ийнхүү сэгсрэх ажиллагаа эхэлсэн байна. Тохирсон ёсоороо Отгонз ... нь 601  тоот өрөөндөө оржээ. Хэдийгээр тэрээр хятад хэлний нэг өдрийн “түргэвчилсэн” дамжаанд суусан ч хэл нэвтрэлцэж чадсангүй. Гэхдээ бэлгийн харьцаанд оржээ. Тохиролцсон ёсоор цагдаа нар орж ирэхгүй байсан тул ингэхээс өөр аргагүй болсон гэнэ. Энэ үед гэрээт орчуулагч нь хятад иргэн монгол эмэгтэйг хүчирхийлж байна гэсэн дуудлага өгч байрлалыг хэлж өгчээ. Гай болоход энэ үед дуудлагаар очих ёстой байсан машинт эргүүлийн цагдаа Н өөр чиглэлд явж таарчээ. Хөдөлгөөнт эргүүлийн машинд GPS суулгасан агаад чиглэлээсээ гарвал шийтгүүлдэг тул жолооч цагдаа нь 3-р хэлтсийн танил офицер Э-тэй холбогдож очихыг гуйжээ. Ингэхдээ уг өрөөнд байгаа хятад иргэн нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсд шалгагдаж байгаа гэж хэлжээ. Цагдаа нарыг ирэхэд өрөөнд байсан хоёр “ажлаа” хийгээд дууссан байсан гэнэ. Айж сандарсан хятад иргэнийг буудлаас гаргаж цагдаагийн алаг машинд суулгахад Отгонз ...  нь холгүйхэн зогсож байсан Оожоогийн машинд гүйгээд суучихсан байна. Дуудлагаар очсон цагдаа нар хятад иргэнийг цагдаа жолооч Н-д шилжүүлэн өгөхөд ажиллагааны 3-р үе эхэлжээ. Хятад эр гэрээт орчуулагчтайгаа утсаар ярихад Мөнх-Э ... нь бүхнийг “зохицуулж” өгөхөөр шууд иржээ. Цагдаа нартай уулзсаны дараа “чи монгол эмэгтэйг хүчирхийлсэн байна, том ялтай” гээд 15 сая төгрөгөөр аргалж болно гэжээ. Үхтлээ айсан хятад эр захирал Ци Хао Мин лүүгээ ярьж тусламж гуйсанд эхний ээлжинд зургаан сая төгрөг өгөхөөр болж гэрээт орчуулагч хурдан шуурхай явж авчирчээ. Үлдсэн мөнгийг дараа нь өгөхөөр болжээ. Цагдаа нарт мөнгө өгөх “ажиллагаа”-г гэрээт орчуулагч гүйцэтгээд  Шүй Гангийг буудалд буцааж авчирчээ.  А.Мөнх-Э ...  нь жолооч цагдаад нэг сая төгрөг өгөөд үлдсэнийг нь өөрөө авчээ. Харин жолооч нь офицердээ 450 мянгыг нь өгсөн байна.  Отгонз ... нь 500 мянган төгрөгийн шагналаа аваад биенээс нь хятад хүний үнэр үнэртээд байсан тул бушуухан усанд орсон гэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ