Ийм нэгэн авлигал хээл хахуулийн хэрэг дэгдсэн удаатай. Эхнэр нөхөр солонгос иргэн үүсгэн байгуулсан “Ханара Март” компани нь БНСУ-аас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн нийслэлийн солонгос зоогийн газруудад нийлүүлж ирсэн. Компаний ажилчид нь эздээ эрэгтэй, эмэгтэй захирал гэж дуудаг агаад нөхрийг нь Парк Хьюн Сук гэдэг. Тус компанид олон жил ажилласан хүмүүс компанийн удирдлагын шийдвэрээр хугацаа нь дууссан далайн гаралтай бүтээгдэхүүн, хоол амтлагч зэргийн хугацааг засдаг талаар шивэр авир хийдэг байжээ. Бүр Баянгол дүүрэг дэх агуулахдаа засдаг байсан гэнэ. Энэ талаар компанид олон жил ажилласан О гэдэг эмэгтэй Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс болон МХЕГ-д удаа дараа гомдол гаргасан ч хүлээж аваагүй тул цөхөрчээ. Эцэст нь харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн тухайн үеийн дарга М.Баасандоржийн баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар “Ханара Март”-ыг шалгахаар болжээ. Шалгалтыг хяналтын байцаагч Д.Баасанбат , Өлийбаяр нар гүйцэтгэхээр болж тус компанийн баруун дөрвөн замын “Голомт” банкны байранд байрлах дэлгүүрт очжээ. Байцаагчийг очихын өмнөхөн О гэдэг эмэгтэй залгаж “супермаркетийн хажууд гал тогоо байгаа, тэр өрөөнд хугацаа засдаг багажнууд нь бий, хөлдөөгчин доогуур хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүд бас байгаа шүү” хэмээн үнэт мэдээлэл өгсөн ч “би ажлаа мэдэж байна” гэж загнуулжээ. Хийх ажлаа бусдаар заалгах дургүй байцаагч шалгасан болоод л гарахыг мэдээлэл өгөгч өөрийн нүдээр харсан байна. Ингээд “Ханара Март”-ыг хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулсан гэх үндэслэлээр гурван сая төгрөгөөр торгохоор болжээ. Энэ нь компанид шуугиан дэгдээжээ. Тус компанийн ажилчид зөрчил дутагдал гаргавал торгуульж цалингаасаа суутгуулдаг. Энэ удаад ч мөн адил торгуулийг худалдагч Мөнхцэцэг нар нь төлөхөөр болжээ. Эмэгтэй захирал нь “торгуулийг жаахан багасга” гээд хоёр сая төгрөг өгчээ. Худалдагч нарыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байранд очиход Д. Баасанбат нь “100 айлыг нүүлгэх ажилтай тул завгүй байна” гээд торгуулиа бэлнээр болон дансаар төлөхийг шаарджээ. Ингээд худалдагч нар хоёр саяасаа 1,5 саяыг нь байцаагчид бэлнээр өгсөн байна. Байцаагч “Ханара Март”-д зөрчлийн хэрэг нээгээгүй агаад гомдлыг хялбаршуулсан журмаар хааж шийдвэрлээд хэлтсийн даргадаа ямар нэгэн зөрчил илрүүлээгүй гэж амаар танилцуулсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа “Босоо Хөх Монгол”-ынхон “Ханара Март” компани 2-3 жилийн өмнө хугацаа нь дуусан бүтээгдэхүүний он сар өдрийг засаж хуурамч шошго наан худалдаалдаг тухай бичлэгийг Баянгол дүүргийн агуулах дээрээс нь цацаж шуугиан дэгдээжээ. Хэлтсийн дарга М.Баасандорж НМХГ-д дуудагдаж “бут авахуулав”. Шалгалт “хийсэн” Д.Баасанбатыг ч мөн дууджээ. Удалгүй тэрээр царай нь хачин болчихсон буцаж ирээд даргадаа “шалгалтаар хугацаа нь дууссан бүтээгдэхүүн илэрсэн ч би хэрэг нээгээгүй, бас нэг сая төгрөг авчихсан” гэж үнэнээ хэлсэн байна. НМХГ-аас “Ханара Март”-д дахин шалгалт хийгээд хугацаа нь дууссан 51 төрлийн 475 ширхэг барааг битүүмжилсэн байдаг.