Ийм нэгэн хэрэг гарчээ. Г.Баттулга нь дөрвөн ломбард ажиллуулж барьцаалан зээлдүүлэх бизнесийн салбарт амжилттай яваа нэгэн гэнэ. Ломбардад тодорхой хугацаагаар зөвшөөрөл өгдөг агаад хугацаа дуусмагц дахин сунгахын тулд цагдаагийн газраас тодорхойлолт авахаар НИТХ-ын баталсан журамд тусгагдсан байдаг. Ломбардын эзэн нь материалаа бүрдүүлж нийслэлийн цагдаагийн газрын уг ажлыг хариуцсан ажилтанд өгчээ. Ирүүлсэн материалыг шалгахад жин хэмжүүрийн баталгааны хуудас байхгүй, үйл ажиллагаа явуулах талбайн хэмжээ стандартад зааснаас бага, барилга байгууламжийн фото зураг ирүүлээгүй, камерын бичлэгийн хадгалах хүчин чадал нэг сард хүрэхгүй зэрэг олон зөрчил гарчээ. Дөрвөн ломбардтай эрийг зөрчлөө засаад материалаа шинээр бүрдүүлж ирэхийг хэлж явуулаад удаагүй байтал эрүүгийн ахлах мөрдөгч Ч.О орж ирэн “шалихгүй зөрчилтэй юм байна шүү дээ. албан тоот хийгээд өгөөч” гэж гуйсан ч зөвшөөрөлгүй гаргажээ. Хоёр өдрийн дараа өөр нэг мөрдөгч болох Б орж ирэн гуйхад мөн татгалзжээ. Энэ бүх явдлын дараа ломбардны эзэн материалаа барьсаар орж ирсэн байна. Материалыг хянаж үзэхэд дөрвөн ломбарднаас гурав нь шаардлага хангаж байсан учир зөвлөмж шаардлага бичиж хотын захиргааны Үйлдвэр үйлчилгээний хэлтэст албан тоот явуулжээ. Харин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Супер 4” гэдэг ломбардны хувьд талбайн хэмжээ хэт бага байсан учир зөвлөмж шаардлага олгохоос татгалзсан байна. Цагдаагийн ажилтнууд энэхүү ломбардны эзний өмнөөс гүйгээд байсны учир удалгүй тогтоогджээ. Ахлах мөрдөгч О.Ч нь тодорхойлолт гаргуулж өгнө хэмээн ломбардны эзнээс 200 мянган төгрөг дансаар шилжүүлэн авсан байсан гэнэ.