Хотын төвд А зэрэглэлийн бүсэд байдаг гэдгээрээ энэ музейн газар эртнээс мөнгөтэй компани, баян бизнесмэн, эрх мэдэлтэй даргын нүдэнд өртсөөр ирсэн. Тус музей нь 647 сая төгрөгөөр үнэлэгдэх 20000 м2 газраа гэрчилгээ сунгагдаагүй гэх үндэслэлээр санхүүгийн тайлан балансдаа тусгаагүй явсаар ирсэн. Нэгэнт музейн өмч бараг биш болсон буюу тайланд тусгагдаагүй тул алдахад тун амархан болжээ. Музейн газрыг авагчид нь дандаа мөнгөтэй компаниуд байна. “Чойжин ламын музей” болон Чоно ХХК-ийн хооронд 2007 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ээр музейн 800 м2 газрыг тус компани үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журам"-ыг зөрчсөн. Мөн дээр өгүүлсэн гэрчилгээ сунгагдаагүй гэх шалтгаанаар далимдуулан “Чоно” ХХК 800 м2, “Сити төв” 199 м2, “Ар монгол трейвел” ХХК 227.4 м2 газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаагаас шүүхэд маргаан нь үргэлжилсээр байна.