alim.mn | 2024.12.23
Монгол бүсгүйчүүдтэй “мөс” татаж байсан хятад иргэдийг цагдаагийн дүр, тоглоомон буугаар айлгаж 10 сая төгрөгийг нь авчээ

Монголд ирсэн хятадуудын цөөнгүй нь 1-р хороололд байдаг “Хонконг” буудалд буудаг. Чинээлэг хятад Фэнг Янг нь орчуулагч өвөрмонгол Зоригийн хамт мөн энэ буудалд буужээ. Тэд Халиунаа, Чулуунцэцэг гэдэг монгол бүсгүйчүүдтэй уулздаг байжээ.  Хоёр бүсгүй мөн л 1-р хороололд, Цамбагаравын ар талын 15-р байранд байр хөлсөлж байсан.  Хэрэг гардаг өдрийн үдэш Халиунаа нь Зоригоо руу утасдаж Фэнгээ асуугаад уулзахаар болжээ. Ингээд хятадууд хөлсөлж байсан байр луу  нь тор дүүрэн пиво бариад машинаараа явсан байна. Фэнг нь Монголд ирэхдээ унадаг өөрийн гэсэн машинтай гэнэ.  Хятад захирал хар тамхи олохыг орчуулагчдаа тушаахад тэрээр хуучны танил Боржигон овогт Мөнхбатын М гэдэг монгол залуу руу залгажээ.  М нь нэлээд олон хүнтэй ярьсаны эцэст Алтай хотхоноос Од гэгчийг олж  400 мянгаар мөс авахаар тохирчээ.  Ингээд шөнийн 04 цагийн үед орчууулагчтай хамт Их дэлгүүрийн хажууд уулзаж хайж байсан бараагаа аваад 1-р хороолол явжээ.  15-р байранд ирээд таван давхарт гарч байрандаа ороход  Фэнг цүнхнээсээ мөс татахад хэрэглэдэг гялгар цаас, сав зэргийг гаргаж иржээ. Авчирсан мөсөө бүгдээрээ татсан байна. Таашаал авсаны дараа орчуулагч мөс олж өгсөн М-д  таксины мөнгө өгөөд “Хонг Конг буудлын манай өрөөнд нэг монгол хүүхэн байгаа, чи тэнд очоод хоно” гэж “шагнажээ”.  Гэсэн ч тэрээр буудал руу явсангүй харин Хүрэлийнхэн овогт Энхжаргалын Зүмбээ, Жандар овогт Саранхүүгийн Шагдараа гэсэн хоёр найз руугаа залган Хархорин захын КФС-ын хавьцаа уулзаад мөнгө олж болох тун дажгүй санал тавьжээ.  Тэрээр “энд хоёр хужаа монгол хүүхнүүдтэй хар тамхи татаж байна, мөнгөтэй яваа, тэднийг айлгаж мөнгийг нь авья” гэжээ. Шагдараа тэр дор нь цагдаагийн дүрд хувилж айлгах санаа гаргажээ.  Тэд тоглоомон буу олоод байрны хажууд хүлээжээ. Үүрээр мансуурсан орчуулагч М руу ярьж хүрч ирээд машин барьж өгөхийг  гуйсанд тэрээр дотогшоо оржээ.  Түүнийг байр луу орсоны дараахан Зүмбээ, Шагдараа гэсэн хоёр “цагдаа” тоглоомон буугаа барьсаар араас нь дайран оржээ.  Буутай хүмүүс гэнэт орж ирсэнд хятадууд болон хүүхнүүд үхтлээ айж сандарчээ.  Өндөр махлаг нь буу тулгаж харин туранхай нь гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Хятадуудыг улам айлгаж үнэмшүүлэхийн тулд Шагдараа нь М-ийгээ нэгэнтээ өшиглөж аваад “хар тамхи зарсан хүн мөн үү” гээд өөр өрөө лүү оруулжээ. Нөгөө дөрвийг буруу харуулж хана түшүүлээд айлгах сэтгэлзүйн дайралт хийж гарчээ.  “Бид цагдаа нар байна, та нарыг олон өдөр дагасан. Хар тамхи хэрэглэх нь олон жилийн ялтай” гэжээ. Улмаар бүрэлдэхүүн дуудаж баривчлуулна гэсэнд Хятадад эхнэр хүүхэдтэй Фэнгийн сүнс нь зайлах шахжээ. Түүний бизнесийн нэлээд хувь нь хадмын талых нь хөрөнгө агаад Монголд ирээд бүсгүйчүүдтэй хар тамхи татаж байгаад баригдсан нь мэдэгдэхээс бүр үхтлээ айсан гэнэ. Ингээд монгол хэл мэддэгээр нь орчуулагчдаа “тохиролцохыг бодооч” гэж хятадаар хэлжээ. “Цагдаа” нар ч ам хэлээр учир зүйгээ олоход бэлэн мэт байдалтай байсанд орчуулагч өвөрмонгол нь Зүмбээтэй өөр өрөөнд уулзаж яриад 10 сая төгрөгөөр тохиролцжээ.  Ингээд гарч ирээд эхлээд мөс “зарсан” М-ийг явуулжээ. Дараа нь Зүмбээ нь Фэнг, орчуулагч хоёртой хамт гарч хятадууд Саппарогийн Хаанбанкны АТМ-аас хоёр удаагийн үйлдлээр бэлнээр зургаан сая төгрөг гаргаж өгчээ. Үлдсэн дөрвөн саяыг нь мобайл банкаар шилжүүлсэн байна. Нэгэнт тохиролцсон тул “цагдаа” нар хятадууд болон хүүхнүүдэд ахин хар тамхи татаж болохгүй гэж анхааруулжээ. Мөн болсон явдлын тухайд ам алдаж болохгүй хэмээн хатуу сануулаад явжээ.  Бэлэн зургаан сая төгрөгтэй болсон “цагдаа” нар төмөр замын хавьцаа нэгэн буудалд очиж амарчээ.  Мөнгөө тэнцүү хувааж авсан байна. Гайхалтай нь Зүмбээ дансаар орж ирсэн дөрвөн сая төгрөгийг нөгөө хоёртоо хэлэлгүй тас нуугаад хувьдаа хэрэглэсэн болох нь хэрэг илэрсэн хойно л мэдэгдэж тэднийг хагаралдуулсан.  Энэ хэргийн дараа Халиунаа, Чулуунцэцэг нар нэлээд айдастай явжээ. Хятад найз эрсийнхээ төлөө ч бас айж хэргийг нам дарсан эсэхийг нь вичатаар асуужээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ