ҮХГ-ын даргын ажлаасаа илүүтэйгээр “Эрдэнэс Таван Толгой” компанийн ТУЗ-ийн даргын “сүүтэй” албандаа илүү санаа тавих болсон Б.Баярсайханы үед энэ газрынхан концессийн бүртгэлээ ч хөтөлж чадахаа больжээ. Концессийг асуудлыг 2010 оноос ТӨХ, ЭЗХЯ, СЯ, Хөрөнгө оруулалтын газар эрхэлж ирсэн. 2016 оны 8-р сараас Үндэсний хөгжлийн газрын Концесс, Төр хувийн хэвшлийн түншлэлийн алба хариуцах болсон. Концессийг хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий байгууллага, түүний хариуцсан нэгж газар тогтворгүй ажиллаж ирсэн нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчингүй болгож улмаар концессийн мэдээлэл үнэн зөв гарахгүй явсаар иржээ. ҮХГ-ыг Б.Баярсайхан удирдсанаас хойш энэ байдал засраагүй байна. 2018 онд тус газар нь “Жи Эс Эй Эс” ХХК-тай "Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төслүүдийн бүртгэл хөтлөх, тэдгээрийн явц болон хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулжээ. Ингээд бүртгэлээ хувийн компаниар хийлгэж эхэлжээ. Гэсэн ч ажлын үр дүнг харгалзахгүйгээр 8,9 сая төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгож төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. Газрын удирдлага нь ажилтнуудынхаа хэн нь юу хийдгийг ч мэддэггүй бололтой. Мөн онд “Хадатын хүрээ” ХХК-тай "Байгууллагын чиг үүргийн шинжилгээ, давхардал хийдлийг арилгах судалгааны ажлыг гүйцэтгүүлэх гэрээ"-г байгуулж 9,3 сая төгрөг төлжээ. “Удам соёл” гэдэг компанитай "Судалгаа, шинжилгээний ажлын болон үйл ажиллагааны тайлангийн эмхэтгэл хэвлүүлэх" ажлын гэрээ байгуулж төлбөрийг 100 хувь буюу 9.4 сая төгрөгийг бүрэн шилжүүлсэн байна. Гайхалтай нь энэ гэрээнд хугацаа заагаагүй байжээ. Үүнээс харахад ҮХГ-ныханд өөрсдөө хийх ажил бараг үлдээгүй аж.