Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Хэнжэбэкийн иргэн Сүлдмөнхийг хутгалсан, мөрдөн байцаалтаас зугтсан хэргийг шалгаж байжээ. Хэрэгтэн олдохгүй байсан агаад шинэ мөрдөгч Э.Д-д хэрэг шилжин иржээ. Мөрдөгч хэрэгтэнг хайж нэлээд явсан байна. Энэ үед хэрэгтний эгч Д.Х нь мөрдөгчтэй яриад тэд зүүн дөрвөн замын “Анужин” зоогийн газарт хоол иджээ. Эгч нь өмнө нь ял шийтгүүлж явсан дүүгээ ахин шорон явуулмааргүй байгаагаа хэлж туслахыг гуйжээ. Дараа нь өрөөнд нь ирж бүтэн цаг гуйж суусанд “дүү чинь 10-аас дээш жилийн хорих ялтай, гэхдээ торгуулаад гарч болно, үүний тулд мөнгө орно шүү” гэсэн байна. Ингээд “Еладусы” ТББ-ын захирал цагдаагийн мөрдөгчид цувуулан мөнгө өгч эхэлжээ.Цагдаа зарим мөнгийг нь эмэгтэй дүүгийнхээ дансаар авсан байна. Хэрэгтний эгч цагдаад мөнгө өгсөн гэдгээ хүний наймааны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчидод эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг “Анбоунд” ТББ-ын найздаа ам алджээ. Харин найз нь буруу зүйл хийснийг нь хэлээд хэргээ илчлэхийг ятгажээ. Ингээд тэд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэсд хандсанаар энэ хэрэг илэрчээ. Мөрдөгч нь хэрэгтний эгчээс нийтдээ 9,6 сая төгрөг цувуулан авчээ. “Еладусы” ТББ-ын захирал нь өгсөн мөнгөний хэмжээ , өдөр хоногийг “Монголын Эвангелийн эвсэл”, “Бүх гишүүдийн хурал” гэж хаягласан тэмдэглэлийн дэвтэрдээ бичсэн байжээ. Үүнд “2019 оны 03 дугаар сарын 03-нд 13-ийн Номин Хайперын урд 19:45 уулзаж, 500,000 төгрөг дугтуйлж өгсөн”, “Э.Д ярьж хүнтэй уулзаж хоолонд орно гэсэнд 50,000 төгрөг шилжүүлэв”, 2019.03.11-нд Э.Дтэй Халдвартын Номинд уулзаж 1 саяыг бэлнээр өгөв”, “2019.03.23-ны 05:20 минутад Э.Д над руу залгаж, 500,000 төг асуув. Машин мөргөчихлөө 13-т байна гэж. Би мөнгө өгч чадаагүй, интернет банк болоогүй” гэх зэргээр бичсэн байжээ.