Солонгосын олон ангит "Гэр бүл" киноны Сү Хигийн монголчуудад танигдсан, энэ дүрийн нэрээр нь олон үзэгч нэрлэдэг жүжигчин Чой Жи Ву анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Жүжигчин бүсгүй Чой Жи Ву 2018 оны 3 сард гэрлэж, 2019 оны 12 сард хөл хүнд болсноо мэдэгдэж байсан билээ. Нөхөр нь өөрөөс нь 13 насаар дүү оффисын ажилтан залуу, олны танил биш. Солонгосын сайхан хүүхнүүдийн нэг, "Өвлийн хайрын дуу", "Диваажингийн шат" киноны од бүсгүй ийнхүү 44 насандаа ээж болох гэж байгаа юм. Тэрээр жирэмсний сүүлийн энэ үедээ үзэгч, бишрэгчдэдээ зориулан захидал бичжээ.
"Сайн байцгаана уу? Удаан хугацаа өнгөрчээ.
Юуны өмнө короновирусний улмаас хүнд хэцүү цаг үеийг туулж яваа бүхий л хүмүүстэй мэндчилье.
Миний амаржих хугацаа болоход хоёр 7 хоног үлджээ. Энэ гэрийнхээ гадаа авахуулсан зураг юмаа. Хожуу хөл хүнд болж, дээр нь короновирусны халдвар гарсан үед төрөх бэлтгэлээ базааж байна. Солонгос ээжүүдийг үнэхээр их хүндэлж, бишрэх сэтгэл төрж байнаа. Хожуу ээж болох гэж байгаа намайг хараад бусад ажил ихтэй, төрөх бэлтгэлээ базааж буй ээжүүд хүч аваасай гэж хүсч байна. Би аз жаргалтай гэр бүл цогцлоон, ухаалаг амьдарч, үүгээрээ шүтэн бишрэгчдэдээ талархсан сэтгэлээ харуулах болно. Амаржсаныхаа дараа олон сайхан мэдээтэй мэндчилнэ гэж найдаж байна" гэсэн байна.