Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Нийслэлийн прокурорын газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан буюу 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, ЭХ-ийн 19.6.2 /үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх/, 22.1.2-т /албан тушаалаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тухайлбал, уг хэрэг дээр ажиллагаа явуулсан АТГ-аас М.Энхсайханыг МУ-ын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн төслийн ажлын хэсгийн нэгжид албан харэгцээнд зориулан тухайн үед 130 сая төгрөгөөр худалдаж авсан "Lexus 570" маркийн автомашиныг өнөөдрийн ханшаар /элэгдэл хорогдлыг тооцон/ 75 сая төгрөгөөр үнэлж, зөрүү 55 сая төгрөгийн улсад буюу "Эрчим хүчний яаманд учруулсан хохирол" гэж тогтоосон байна.
Харин Тавантолгойн хөрөнгө оруулагчийн гэрээний хувьд,
-Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж, баталгаажаагүй.
-Гэрээний төслийг Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу боловсруулж, тухайн үеийн Засгийн газар хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо:
-2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан.
Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.
Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан. М.Энхсайхан гэмт хэрэг хийгээгүй, бид давж заалдана хэмээн мэдэгджээ.
Харин шүүхээс,
Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.