БОАЖЯ-нд ийм нэгэн “эзэн хариуцагч” нь олдохгүй хэрэг дэгдээд байна. Уг нь өгсөн, дамжуулсан, авсан эзэд нь тодорхой ч хариуцлага хүлээх албан тушаалтан нь тодорхой болдоггүй гэнэ. Арабын Эмиратаас Монголын БОАЖЯ-нд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, судалгаа шинжилгээ хийхэд ашиглах зориулалтаар 45 ширхэг “Mitsubishi pick up L200” машин өгсөн. Нэгэнт яаманд хаяглаж ирсэн тусламжийн машиныг Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу яамны үндсэн хөрөнгөнд бүртгэж авах ёстой ч үүнийг хийлгүй “алгасжээ”. Ингээд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын 2019 оны А/485 тоот тушаалаар ирсэн 45 машины 40-ыг нь өөрийн харьяа байгууллагуудад хувирласан байна. Цаана нь таван жийп сугарч үлдсэнийг ЗГХЭГ-ын Х/877, Х/1076 тоот албан бичгээр нэр бүхий хоёр холбоо, нэг шашны байгууллага, мөн их сургуульд өгчээ. Тэдгээр холбооны нэг нь Монголын Эмэгтэчүүдийн холбоо гэнэ. Шашны байгууллага нь мэдээж Гандагтэгчилэн хийд. Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургууль “азтанаар” тодорч машинтай болжээ. Ийнхүү арабуудын Монголын байгаль орчныг хамгаалах судлахад зориулж өгсөн машины үйлчилгээний зорилго БОАЖЯ, ЗГХЭГ-ын хэдхэн албан бичгээр шууд өөрчлөгджээ. Машины зургаас харахад “Mitsubishi pick up L200” нь МЭХ-нд арай л “эрэгтэйлиг” агаад Монголын Эрэгтэйчүүдийн холбоонд илүү зохих юм байна. Мөн буддагаас бусад шашны урсгалынхан ч унааны асуудлаа ЗГХЭГ-д “тавьж” тусламжийн машинаас хүртэх боломжтой юм байна. Харин гадны тусламжийн машины зориулалтыг ингэж “өөрчилсөн”-ий шалтгааныг ЗГХЭГ-аас гадна сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Санхүүгийн хэлстийн дарга О.Гантулга нар тайлбарлах учиртай гэнэ.