Коронавирусын халдврын улмаас дэлхий нийтээрээ амны хаалт зүүж байгаа энэ үед маскыг шоронгоос оргоход ашигласан хэрэг гарчээ. Энэ явдал Америкийн Чикаго хотын шоронд болжээ. Хууль бусаар галт хэрэгсэл хадгалсан, баривчлахаар ирсэн цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж биед нь халдаж гэмтээсэн хэргээр Якес Скотт гэдэг залуу цөөнгүй жил хоригдох ял авч уг шоронд иржээ. Тэрээр нүүрэндээ шивээстэй агаад хувиарлагдсан камерт нь хэзээ мөдгүй суллагдах дөхсөн Квентин Хендерсон гэдэг хоригдол байж таарсан. Шинэ хуучин хоёр хоригдол гадаад төрх, нуруугаараа төстэй ч Якес нь нүүрний шивээсээрээ ялгардаг. Ингээд энэ сарын 2-нд Квентин суллагдах байжээ. Харгалзагчид түүнийг камераас авахаар ирэхэд унтаж байсан агаад үүнийг сэргэлэн шинэ хоригдол ашиглажээ. Оргоход гол тусалсан зүйл нь амны хаалт. Шоронгийн захиргаа коронавирусын халдвраас сэргийлж бүх хоригдолд амны хаалт тараан өгч байнга зүүхийг үүрэгджээ. Якес амны хаалт зүүж нүүрний шивээсээ халхлаад хаалга онгойж Квентиний нэрийг дуудмагц гарчээ. Тэрээр өөртөө маш итгэлтэйгээр харгалзагч нарын хамт явж суллагдах бүх бичиг баримтанд гарын үсэг дууриалган зураад шоронгоос тайван гэгч нь гарсан байна. Харгалзагч нарын нэг нь ч амны хаалтыг авахуулан царайг нь шалгаж үзээгүй гаргажээ. Буруу хоригдлыг сулласан болохоо дараагийн тооллогийн үеэр л мэдэж бөөн шуугиан дэгдээжээ. Амны хаалт зүүн оргосон Якесийг одоо болтол олоогүй байна. Гайхалтай нь цагдаа нар суллагдах үед унтаж байсан гэх Квентиний мэдүүлэгт итгээгүй гэнэ. Түүнийг Якесийг оргоход тусалсан хэмээн буруутгаж шинээр хорих ял өгчээ.
Эх сурвалж : https://www.insider.com/man-escapes-chicago-jail-by-swapping-places-wearing-coronavirus-mask-2020-5