alim.mn | 2024.12.22
“Ноён Бондгор” буюу дуучин Ц.Амарбаяр: Нэг хэсэг 130 кг хүрсэн, одоо  шуугдсан. Гэхдээ “ноён Бондгор” гэдэг имиджээ хэзээ ч алдахгүй шүү

-Урлагийнхны “сезон” болсон шинэ жил хэрхэн болж өнгөрөв. Ноён Бондгороор уран бүтээлийн сонин сайхан юутай байна. Шинэ жилээр хэдэн төгрөгний орлого олсон бэ?

-Энэ шинэ жилээр нэлээн эрэлт хэрэгцээтэй завгүй байлаа. Дээрээс нь хоёр дахь бие даасан цомгоо гаргах гээд дуунуудаа клипжүүлээд эхэлчихсэн. Шинэ жилээр Драмын театрт хүүхдүүдэд зориулсан Харшийн ордны наадамд би урилгаар оролцож “Карлсон” дуугаараа хамтарч жүжигчилсэн байдлаар толилуулж хүүхэд багачууддаа бэлэг барьсан. Шинэ жилээр орсон орлого гэвэл 20 сая хол давсан.

Уран бүтээлийн сонин гэвэл Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр гуайн дуулдаг “Би Монгол хүн” гэдэг дууг маш олон том том яруу найрагч, хөгжмийн зохиолчид  “Чи энэ дууг дуулах ёстой, чамд яг тохирно, энэ дууг  чи дахиж  амилуулах ёстой” гэж  зөвлөгөө өгч намайг хурцалсаны үндсэн дээр Гүрбазар ахтайгаа хамтран Гүрээ ахаараа шүлэг уншуулан сайхан амьд хөгжмийн оркестртой энэ дууг дуулж клип хийлгэж байгаа. Одоо удахгүй хөгжмийн зохиолч Пүүжээ ахын маань тоглолт болох гэж байгаа, тэрэнд оролцож ая дуугаа өргөнө.

-“Дээвэр дээр суудаг Карлсон” гэдэг  анхны дуугаар  чинь үзэгчид өөрийг чинь таньдаг болсон. Хүүхдийн дуу дуулах санаа анх хэзээ төрсөн бэ?

- Би чинь хар багаасаа хип хопоос авахуулаад дуулж байсан. Тэгээд гурван жилийн өмнөөс миний Ноён Бондгорын дуулах эх үүсвэр тавигдсан даа. Анх “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Тавтай нойрсоорой” гэдэг хоёр дуугаар гарч ирсэн ш дээ. Хүүхдийн дуу дуулах санааг миний зохион байгуулагч, чиглүүлэгч Самандын Жавхлан ах  бид хоёр ярьж байгаад л, яахуу ийхүү гээд л хамтраад ярилцаад дуулсан. Ямарваа нэг зүйл баггүйгээр явна гэж байхгүй. Миний имидж гээд бүх зүйлийг ярилцаад хийдэг. Ганцхан би, ганцхан Жавхлан ах биш. Дууны инженер, аранжировшик, хөгжим, клипэн дээр шоу менежер гээд маш олон талын хүмүүс байна.   

-“Ноён Бондгор” гэдэг нэрийн анх  хэн өгсөн  юм бэ?

-Мөн л миний чиглүүлэгч, зохион байгуулагч Жавхлан ах маань энэ нэрийг өгсөн. Одоо бараг өөрийнхөө жинхэнэ нэрийг мартах шахаж. Надад нэг онигоо байдаг юм.  Над руу нэг сэтгүүлч залгаад “Амарбаяртай ярья” гэхээр нь би “тийм хүн байхгүй” гээд тасалсаныхаа дараа өөрөө “Юу солиороод байгаа юм бол. Би чинь одоо нэрээ мэддэгүй мэдрэл муутай болж байна” гээд буцаагаад залгасан чинь нөгөө эгч “Өө уучлаарай, дугаар андуурчихаж, Ноён Бондгортой ярих гэсэн юм” гэхээр нь би “Үгүй ээ, эгчээ би Амарбаяр байна аа” гээд бид хоёр ярьсан. Дараа нь ярилцлага хийгээд сууж байсан чинь тэр эгч намайг шоолж инээгээд. Тэр бол аягүй хөгтэй явдал. Энэ нэр бол ард олны маань дууддаг, хүндэтгэсэн нэр ш дээ. Би энэ нэрэндээ их хайртай. Миний дууг зүрх сэтгэлээрээ сонсож намайг дэмждэг, намайг хайрладаг монголын олон хүүхдүүд, ээжүүд, залуучуудын маань намайг хүндэтгэсэн илэрхийлэлд би гүн шингэж оржээ гэж ойлгож байгаа.

-Өөрөө аль нутгийнх вэ?  Танай гэр бүл Увсаас гаралтай билүү?

-Манайх ер нь бол Увсынх. Миний өвөө чинь Лхасүрэн гэж баруун Монголын алдартай бүжиг дэглээч хүн байсан.  Би тийм мундаг өвөөтэй, ийм сайхан урлагийн гэр бүлд өсч хүмүүжсэн залуу. Манай аав бас аавынхаа  мэргэжлийг өвлөсөн  бүжгийн багш, харин  ээж маань   аавын шавь нь байсан. Монгол улсын  гавьяат жүжигчин, 25-хан насандаа Алтан гадас, СТА зэрэг хамаг л бүх шагналыг авсан их сайхан,  бурхан шиг хүн бий. Би ер нь боддогийн ш дээ, ээжийгээ гэлтгүй миний нэг боддог юм байдаг. Би яагаад Монгол улсын “Эх үрсийн элбэрэлт дуучин” болсон гэхээр, монголд ч биш дэлхий ертөнцөд муу бөгөөд муухай эмэгтэй гэж огт байхгүй. Бүх эмэгтэйчүүд сайхан. Яагаад гэхээр бүх эмэгтэйчүүд ээж болдог. Тэгэхээр хүмүүс ярьдаг юм байна л даа, тэр охин ёстой тэнэг охин, тэр ёстой царай муутай, энэ аймаар хөөрхөн энээ тэрээ гээд л. Надад болохоор бүгд ээж шиг минь л харагддаг. Тэгэхээр бидэнд өнөөдөр нэг нэгнийгээ ялгаж, гадуурхах,  хөөрхөн муухайгаар нь ялгахдаа сонин биш. 2080 он гэхэд одоо бидний үеийн залуучууд бараг бүгд л байхгүй байна ш дээ. Энэ аймаар богинохон хугацаанд хэн нь гоё зүйлийг бүтээсэн, хэн нь  үнэн зөв амьдарч, хэн нь хамгийн гоё түүхийг бүтээсэн бэ гэдэг нь сонин болохоос биш  хэн нь ямар охинтой үерхсэн, хэн нь хэдэн хүнтэй уулзаж учирсан юм бэ тэр бол сонин биш болчихоод байна. Даанч манай залуучууд энийг сайн ойлгохгүй байна. 80 он гэхэд бид шороонд булагдана, тэр үед “Хөөрхий манай аав ноён Бондгор гэж хүүхдийн дуу дуулсаар байгаад үхчихсэн юм гэнэ лээ ш дээ” гэж ярьвал муухай ш дээ. Тэгэхээр энэ амьдралдаа бид өөрсдийгөө хэн байх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй, энэ бол хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа чинь утга учиртай ш дээ.

Монголд хүн бүр л зүстэй, хүн бүр л оюун ухаантай бүгд л хоёр нүдээрээ хардаг, хоёр чихээрээ сонсдог, нэг амаараа ярьдаг бүгд л яг адилхан оюун ухаантай. Нэг нь яагаад аймаар онц сураад  машин байр  юмуу, яагаад нөгөө хэсэг нь шоу цэнгээн баар хэсээд байгаа юм. Яг адилхан ш дээ, юу ч өөр биш. Би гурван толгойтой, хоёр улаан хоолойтой болохоор дуулаад байгаа юм уу? Би энэ хүмүүстэй яг л адилхан ш дээ. Миний толгой яг л адилхан сэтгэдэг.

-Чиний имидж гээд бүх зүйлийг зөвлөж өгдөг МУГЖ C.Жавхлан та хоёр ойрын хамаатнууд гэсэн байх аа?

-Манай Жавхаа ах чинь Увсынх. Бид хоёр чинь садангийн хүүхдүүд. Манай аавын талын ойрхон ах дүү. Манай авга ах. Бас дуучин Болдбаатар бас бид ойрхон садангууд. Бид уран бүтээлийн хувьд ч, ах дүүсийн хувьд ч байнга холбоотой байдаг. Жавхаа ах маань миний зохион байгуулагч, чиглүүлэгч, бас зөвлөгч. Би боддог, монголын бүх л залуучууд монголын бүх л оюун ухаантай хүмүүс тэр хүний үг, дууны тэр уур амьсгалаар амьдардаг гэж боддог. Юмыг өөриймсөг хамгийн нандин хамгийн зөв сонголт хаана байна вэ гэвэл хүн болгон надтай нэгдэх байх. Монголд хамгийн гоё өв соёлоо дээдэлж, сайн сайхныг бодож хамгийн зөв зүйл рүү тэмүүлж байгаа хүн бол миний ах гэж би боддог. Би тэр хүний амьдарсан замаар гишгэхдээ алдсан дээр нь онож оносныг нь би өшөө давуулан биелүүлэхийг л хичээж явдаг. Тиймдээ ч бид хоёрын ах дүүгийн холбоо маань улам сайхан бэхждэг болов уу гэж би боддог. Жавхаа ах маань өөрөө мундаг хөдөлмөрч хүн шүү дээ. Би заримдаа боддог, ингэж байгаад хялайгаад уначих вий дээ.

-“Гал үндэстэн” гээд холбоо байгуулсан. Оноос өмнө хөдөө орон нутгаар нэлээд явлаа гэсэн. Чи бас гишүүн нь үү?

- Би “Гал үндэстэн” холбооны гишүүн. Гал үндэстэн холбооны “Гал хүмүүн” нийгэмлэгт би тусдаа. Энэ нийгэмлэгийг салбар гэсэн үг. Дандаа сайн сайхан зүйл хийдэг ийм нийгэмлэгтэй, Батмөнх гэж миний хамгийн дотны найз маань бид хоёр энэ нийгэмлэгийг хамтдаа байгуулсан. Давхар миний уран бүтээлийг дэмжиж миний бүх зөв зүйтэй, буруу зөвийг ялгаж, монголын болохгүй байгаа даарч хөрсөн ядарсан зүдэрсэн ээжүүдийг асарч асрамжийн газраар явж болохгүй байгаа юмыг болгох юмсан гэсэн үүднээс сайхан сэтгэлтэй мундаг найзтайгаа хамтраад явж байгаа.

Манай холбоо алтны лиценз устгахын төлөө тэмцээд зурагтаар хүртэл гарлаа ш дээ. Хэдэн мянган км туулаад, даарч хөрөөд л хөөрхий Жавхаа ах маань бүх аймгаар явлаа. Нэг үгээр хэлбэл хүний өмнөөс өөрөө өөрийнхөө бие, уран бүтээл, амьдралыг үл хайхран өөрийгөө золиосонд гаргаж байж сайхан газар шорооныхоо төлөө тэмцэж яваа сайхан ахыг маань Монголын бүх ард түмэн хайрлаж дэмжиж, энэ үйл ажиллагаанд нь дэм болж ач холбогдол өгөөсэй гэж хүсч байна.

-“Хөх нуруут” төвөөр та их очдог гэсэн. Бас нэг хэсэг мөрийтэй тоглодог  сураг дуулдсан?

-Намайг зөндөө ингэж асууж байсан. Би худлаа хэлэхгүй ээ, хэсэг зүгээр сонирхож тоглосон. Гэхдээ тэгж тоглоомчин шиг ороогүй ээ. Хааяа зүгээр нэг сонирхож кайфаа гаргаж тоглодог байсан. Нээх алдсан ч үгүй, нээх олсон ч үгүй яг дундаж байсан. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд олсоноосоо алдсан нь их байсан. Одоо бол ерөөсөө огт тоглохгүй байгаа. Зарим хэвлэлээр намайг “Эх үрслийн элч дуучин байж мөрийтэй тоглож хар тамхи татлаа энээ тэрээ” гээд их сенсаацилсан. Би тэрэнд их гомддог. Намайг хэвлэлийн бага хурал хийтэл бичсэн ш дээ, би хар тамхи бүү хэл иштэй тамхийг ч тийм сайн мэддэггүй ш дээ.

-“Эх үрсийн элч дуучин” гэдэг утгаараа нийгэмд эмзэглэж байгаа зүйл юу байна вэ?

-Сэтгэлээсээ нэг л юманд харамсаж явдаг. Монголын ихэнх ээж аавууд маань аймаар муухай эд хөрөнгө амьгүй халтар цаасны төлөө гүйгээд үр хүүхдээ хайхрахгүй байна. Өнөөдөр энэ жоохон хүүхдүүд энд тэнд тамхи татаад зарим нь бүр согтуу хөлчүү хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй том том дуугарсан жоохон хүүхдүүд PC тоглоод галзуурч байгаа хүүхэд ч байна. Хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байгаа эцэг эхчүүд ховор. Бүгд мөнгөний араас гүйцгээгээд. Тийм учраас монголын бүх сайхан ээжүүд ээ, аавууд аа үр хүүхдүүддээ жоохон ч гэсэн цаг гаргаач, хамт байж дотно ярилцаж хэн болох, хүүхэд чинь юу хүсч байна гэдгийг анзаарч амьдраасай гэж хэлмээр байна. Хүүхэд гэдэг чинь хүүхэд шүү дээ. Битгий гаргуунд нь хая, хэрвээ тэгэхгүй байсан юм бол яах гэж гаргасан юм бэ, хэрэгтэй мөнгөө төрүүлэхгүй яасан юм, мөнгөө аваад явахгүй яасан юм, тийм биз дээ.

Би “хүүхэд-ээж” гэсэн энэ сайхан жанраа хэзээ ч алдахгүй. Хүүхдүүдийнхээ төлөө монголд асар олон юм хийж бүтээхийн төлөө л би зүтгэж байгаа. Хийх ч болно. Надад хамгийн их байдаг юм Шар байдаг. Гэхдээ миний шар бол их зөв шар. Тэгэх юмсан, ингэх юмсан ядарч байгаа нэгэнд тусалчих юмсан аль алинд тэнцвэрийг нь олох гээд л явж байгаа монгол залуу л байна даа.

-Бондгор эхээс хэдүүлээ вэ. Мэргэжлийн хувьд аль сургууль төгссөн бэ. Мэргэжлийн дуучнаар төгссөн үү?

-Би дээрээ ганц ахтай. Амарбаясгалан гэдэг. Амины маань хагас тал, хамгийн хамгийн гэж юу л бүхнээ хэлье гэсэн сайхан үгс маань шингэсэн монголын сайхан тэнгэрлэг ах даа. Би бас өөрийгөө азтай гэж бодож явдаг. Бид хоёр чинь хоёулханаа нэг нэгнийгээ л нөхөж явдаг хоёр. Би нийслэлд төрсөн, гэхдээ Увс нутгаараа бол байнга очдог, Жавхлан ахтайгаа хамт дөрвөн удаа Монголыг тойрч явахдаа Увсад бид хоёр байнга очиж байлаа. Нийслэлд 40-р дунд сургуулийг төгссөн. Би дуулаачийн сургууль энээ  тэрээ төгсөөгүй, энэ бол миний өөрийн авьяас байсан. Өөрт байсан авьяасыг хөгжүүлээд өдий хүртэл явж байна даа. Уг нь би КТМС-ийг программистаар төгссөн. Мэргэжлээрээ ажиллаагүй, хүн өөрийнхөө хүсэл сонирхолоор л явж хоббигоо дагадаг юм байна.

  -Чамайг мэргэжлийн дуучдын хувьд тийм ч сайн биш гэж хэлэх хүмүүс байдаг юм байна лээ?

-Би утга уянгын дуу дуулдаг. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө яриад юу ч ярьсан байж магад. “Дуут нуур” гэдэг дууг караокед дуулахад дуурийн еатрын залуучууд баяр хүргэж байсан. Яасан гэхээр, “чи мэргэжлийн сургууль соёлгүй байж яаж ингэж өнгө алддаггүй дээшээ гардаг юм бэ” гэж байсан. Би энэн дээр нэг л хариулт хэлмээр байна. Хэрвээ намайг тэгж ярьж байгаа хүн байвал миний “Би монгол хүн” дуу клипжээд гараад ирнэ, караокенуудаар тараагдаад ирнэ, тэр үед хэрвээ чадвал ганцхан бадаг ч гэсэн аялчаасай, хэцүү дээ, хэцүү. “Хоёрын ля” гэдэг бол хэн дуртайгийнх нь дуулдаг өнгө биш. Шударга хэлчихье, олон дуучдын өнгө хүрэхгүй. Эрэгтэй хүний нарийн хоолой, нэгдүгээр тенор гэдэг бол ховор байдаг байхгүй юу. Миний “Би монгол хүн” дууг яг над шиг дээшээ “хоёрын ля”-гаар дуулчих юм бол би үнэлье.

-“Гала” хамтлаг тарсаны дараахан дуучин Анутай нэг хэсэг үерхэж байсан гэсэн. Та хоёр яаж холбогдож, яагаад салсан юм бэ?

-Яахав дээ, бид хоёр хүүхэд насандаа үерхэж нөхөрлөөд л өнгөрсөн. Бие биендээ хал палгүй. Одоо бол бид хоёр маш дотно сайхан найзууд. Нэг нэгнийгээ гоё дэмждэг, уран бүтээлийг дэмждэг. “Ийм байна, тийм байна” гээд сайхан найз нөхөд. Надад бол нууж  хаах юм байхгүй. Ану бид хоёр Гала хамтлагт байх үеэс нь эхлээд л найзууд байсан. Надтай нээх сүрхий удаан цуг амьдарсан гэж хэлэхгүй ээ, гэхдээ дотно байсан. Сонин хэвлэлээр нэг хэсэг шуугиад бичигдсэн болохоор нь чи бас сонирхоод байх шиг байна л даа. Бид хоёр тодорхой хэмжээнд мундаг дотно сайн найзууд байсан. Одоо бол урлагийн сайхан найзууд. Тэр хүний хувийн амьдрал одоо бол надад огт хамаагүй. Хэнтэй суусан, хэнтэй сууж байсан юм гэдэг нь хамаагүй. Яагаад гэвэл миний амьдрал биш гэдэг үүднээс л хэлээд байгаа юм. Миний амьдрал бол шал өөр.

-Эмэгтэй хүнийх нь хувьд, таны найз бүсгүй байсны хувьд Анугийн тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Ану бол мундаг авьяастай. Гайхамшигтай, монголын бас л нэг сайхан ээж болох бүсгүй хүн ш дээ. Сайхан авьяастай, хөдөлгөөнтэй, хөдөлмөрч мундаг эмэгтэй гэж би боддог юм ш дээ.

-Ноён Бондгорыг бас дуучин Баярцэцэгтэй бас их дотно, хайр сэтгэлийн холбоотой байсан гэж сонссон?

-Хүмүүс надаас асууж байсан. Бид хоёр нэг байранд байдаг байсан. Гэхдээ би бол энэнийг алдаж онох алдаа оноо гэж хэлэхгүй. Энэ бол зүгээр л нэг залуу хүмүүсийн байдаг л нэг асуудал. Хэн хэнд ч тохиолддог, сайхан үерхэж нөхөрлөөд өнгөрч байсан он цаг хугацаа зөндөө л байдаг. Би яг тэдний нэг нь гэж боддог. Одоо бид урлагийн л зүгээр л сайхан найзууд.

-Одоо ноён Бондгор найз охинтой юу. Ер нь ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

-Байгаа. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Одоохондоо ээж аавтайгаа хамт амьдарч байгаа. Он гаргаад тусдаа гараад хуримаа хийх санаатай байгаа. Жижигхэн ноён Бодгор удахгүй гарах байх оо. Надад бол өөрийнхөө байж чаддаг, энд тэндээс цуглуулсан юмгүй эмэгтэй хүн таалагддаг. Сүүлийн үеийн охидууд чинь дэлгүүрээс нэг хар үс авч сормуусан дээрээ наагаад, хөмсөггүй төрчихсөн байна гээд л очиж хөмсөг шивүүлээд л, хамаг юмандаа цилкон милкон шахуулаад аймаар аймаар юм болчихоод байна ш дээ. Хүн нь ч мэдэгдэхгүй, чөтгөр нь ч мэдэгдэхгүй болчихоод байна ш дээ. Надад бол хөөрхөн байна уу, муухай байна уу хамаагүй. Хөөрхөн царайлаг эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр дотроосоо сэтгэл нь гэрэлтдэг, хараад л баймаар нүдэнд дулаахан хүнийг би хамгийн хөөрхөн эмэгтэй гэж хэлнэ. Түүнээс биш эд эрхтэнээр нь ч юмуу, гадаад төрхөөр нь хардаггүй ш дээ.

-Амарбаяр сексийн хувьд анх хэзээ орж байсан бэ. Чинийхээр сексийн талаар ямар бодолтой байдаг вэ. Нууц биш бол чамд хүндрэлтэй зүйл байдаг уу?

- Би чинь унаган махтай, надад бол ямар ч тээргүй. Би бол юунд ч тээрч цуцдаг юм байдаггүй ш дээ. Сексийн харьцааны хувьд яг үнэнээ хэлэхэд 10-р ангиа ямар ч байсан төгсөж байж орсон. Хүмүүс бол янз бүр. Би худлаа маяглахгүй ээ, үнэнийг хэлэхэд зөндөө харсан, зөндөө үзсэн. Надад тийм охид зөндөө ч ирж байсан. Зарим нэг шоу юман дээр бараг хүчиндүүлчих шахам юмнууд тохиолдож байлаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ чинь бол хамгийн нандин зүйл ш дээ. Хүн хүссэн бол хамгийн гоё мэдрэмжтэй, хамгийн гоё хайртай, хүнд нэг мэдрэмж байдаг ш дээ, бие биенийгээ их гоё хайрладаг үнэхээр тийм хүнийг бүх л бие сэтгэлээрээ холбогдож хайрлахад асуудалгүй тийм хүнтэйгээ бол энийг хийнэ үү гэхээс биш өнөөдөр танилцаад “одоо хоёулаа буудал орох уу” гэдэг тийм залуучууд байгаад байна ш дээ. Энэнээс юу анзаарагдах вэ гэхээр эмэгтэйчүүд маань ариун байх хэрэгтэй.

Манай “Гурван бүдүүн” хамтлагийн сайхан дуу байна ш дээ: “Үртэй хүний жаргалыг өдөр бүр мэдрүүлж” гээд ээжийн тухай сайхан дуу байна. Гэтэл сүүлийн үед манай охид, залуучууд үнэхээр ариун байж чадаж байна уу, шударга хэлэхэд. Миний бүх сэтгэл зүй тийм. Клип хийлгэхдээ ч худлаа гоё охин хөөрхөн охин гэж хайгаад хүний юмыг гуйгаад байдаггүй, хүний байр хүний машин гуйгаад л явдаггүй. Эксельтай бол эксельтэйгээ л дуулна. Үнэхээр лаг бол би тиймээрээ л гарна. Надад миний зүрх сэтгэлээс гарч байгаа авиа нь сонин болохоос биш гоё гялгар худлаа юман дээр үзүүлж байх сонирхолгүй, монголд тийм амьдрал байхгүй ш дээ. Тийм учраас би “өө сайхан байна, өө болж байна” гэж худлаа ярихыг хүсэхгүй байна. Үнэхээр болохгүй байна, үнэхээр бүтэхгүй байна..

-Чиний сарын орлого зарлагыг сонирхож болох уу?

-Хэрэглээний хувьд сардаа бол бензин тос, хоол унд гээд бас л замбараагүй л явж байгаа. Багцаагаар бол хамгийн багадаа нэг сая таван зуутай байгаа байх даа. Гэхдээ мэдээж тэрнээсээ давсан орлого байнга орж байгаа. Би ч мундаг үрэлгэн ш дээ.

- Яагаад жин нэмэх болсон юм бэ. Одоо хэдэн кг жинтэй вэ?

-Би багын ийм унаган махтай. Одоо сүүлийн нэг жилд эрчимтэй жин хасч байгаа. Би нэг хэсэг 130 кг хүрч байсан, одоо бол 118-хан кг байгаа. Ахиад хоёр сарын дараа 100 кг болох байх. Яагаад гэвэл би  бодигоор хичээллэж  байгаа. Эрүүл хооллолт гээд эмчилгээ хийлгэж их анхаарч байгаа. Одоо бол нилээн  шуугдаад эхэлчихсэн. Гэхдээ “ноён Бондгор” гэдэг имиджээ хэзээ ч алдахгүй шүү.

-Та уран бүтээлийн хажуугаар бизнес эрхэлж байгаа гэсэн. “Намуун” кафе, барилгын компани гээд?

-Яахав, залуу хүний хувьд хийж чадах юу байна үзэж тарж л байна ш дээ. Хувийн жижиг сажиг хувийн бизнес хийж байгаа. “Намуун” кафег ажиллуулаад нэлээн удаж байна. Манайх хороололд бас нэг орон сууц барьж байгаа. Манай ах бид хоёрын Амарбаясгалан, Амарбаяр хоёрын нэрний “Баяр”-ыг нь аваад “Баярбаясгалан” гэдэг компани байдаг.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ