alim.mn | 2024.12.22
Х.Наранхүүгийн компанийхан тансаг офисст тухалдгаа тун “ухаалаг” тайлбарлажээ

“Эрдэнэт”-ийн ерөнхий захирал, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын зөвлөхөөр ажиллаж явсан, орос англи хэлний гүнзгий мэдлэгтэй, уул уурхайн салбарын арвин туршлагатай Х.Наранхүү  “Эрдэнэс-тавантолгой” ХК-ний охин “Эрдэнэс-тавантолгой майнинг”-ийн гүйцэтгэх захирал болсон. Энэ компани  толгой компанийхаа Цанхын зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин олборлолт борлуулалт явуулж компанийн хувьцааны 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах үүрэг хүлээсэн. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах нь том зорилт. Ийм ажлыг хийж байгаа хүмүүс халтайсан хувцас өмсөж бас халтар офисст сууж болохгүй гэнэ. “Эрдэнэс-тавантолгой майнинг”-ийн офисийн түрээсийн хоёр сарын зардал л гэхэд 90 орчим сая төгрөг болдог. 1м2-ыг 60 мянган төгрөгөөр тооцон түрээс төлдөг байна. Гэтэл төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын түрээслэх байрны 1м2-ын дээд хэмжээг 30 мянган төгрөгөөр тогтоосон нэг журам бий. Мөн түрээслэх бол заавал тендер зарлах ёстой. Гэтэл Х.Наранхүүгийн удирддаг компани үүнийг үл тоон журам дээгүүр алхан гарсанаа тун “ухаалаг” тайлбарладаг гэнэ.  Юун урьд толгой компани нь түрээсийн байрны тендер зарлахаас чөлөөлжээ. Ингэснээр  “Эрдэнэс-тавантолгой” ХК  нь ТӨБЗГ хэмээх “мундаг” агентлагаас давсан эрх мэдэлтэй болж байна. Хамгийн гол нь “Эрдэнэс-тавантолгой майнинг”   нь олон улсад IPO гаргахаар зарласан  үндэсний компани учраас Монголын нүүр царай болсон тул зэрэглэл өндөртэй, иж бүрэн тавилгатай оффисд суух шаардлагатай гэжээ. Гадны түнш нь ирвэл нүүр бардам уриад оруулах тансаг албан өрөө, тавилга хэрэгсэлтэй байх учиртай гэнэ. Ийнхүү энэ компанийхан улсын ажлын “ялыг үүрэх”-ээсээ өмнө ямбыг нь эдлээд эхэлжээ. Ямбыг нь хангалттай эдэлсэн атлаа “ялыг үүрч” чадахгүй бол тэтгэвэрт гарах насандаа хүрсэн Х.Наранхүүд ямар хариуцлага тооцох вэ ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ