БХЯ-ны ТНБД асан хурандаа Б.Батсайхан эхнэр С.Туулынхаа “Тиара Резорт” компанийн амралтын барилгыг засаж байсан барилгачин цэргүүдийн ажлыг долоо хоногт хоёр удаа биечлэн шалгаж ажлыг нь голж шилж уурлаж бас нэмэлт үүрэг өгч байсан гэнэ. Засварын явцад ажил өдөр бүр нэмэгдэж байсан аж. Хэрэг явдлыг эхнээс нь дурдахад 2015 оны 7-р сарын сүүлээр ЗХ-ний барилгын цэргийн 017-р ангийн захирагч хурандаа Л.Балдан-Очир луу 9911 ... дугаараас залгаж “би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн цэргийн зөвлөх байна. 16 цагт Баянзүрхийн товчоон дээр бэлэн бай” гэж үүрэгджээ. Тушаал авсан хурандаа дурдсан газар заасан цагт очиход хар ангийн машинаас нүдний шилтэй эр бууж ирсэн нь БХЯ-ны ирээдүйн ТНБД гэгээн дүрээрээ заларчээ. “Би чамайг судалсан. Араас дагаад яв” гэж ахин тушаажээ. Араасаа дагуулсаар Тэрэлжийн наана орших Болор зуслангийн зүүн энгэр дэх дөрвөн давхар цагаан байшинд очжээ. Зөвлөх байшингаа үзүүлэнгээ “Манай байшин өнгөрсөн өвөл хөлдсөн, хэдэн радиотор солих хэрэгтэй” гэжээ. Мөн “би удахгүй яамны ТНБД-аар очино” гэж сэтгэлзүйн цохилт хийжээ. Ийнхүү хэдхэн радиотор солихоос 109 сая төгрөгийн зардал хүртэл өссөн засварын ажил эхэлсэн. Маргааш нь хурандаа ангийнхаа ерөнхий инженерт үүрэг өгч ирээдүйн ТНБД-ын зөвлөхийн байрыг засварлах үүрэг өгчээ. Ангиас 17 хүнтэй засварын 7-р бүлэг гарч ажлаа эхэлжээ. Засварын ажлын мөнгө, материалыг 017-р ангиас гаргасан. 8-р сарын эхээс эхэлсэн засвар хоёр дахь сардаа явж байхад “Тэрэлж Б.Батсайхан” гэсэн нэртэйгээр 9-р сард тайлангаар 33,6 сая төгрөгийн зардал гарчээ. Ингээд анхны шуугиан анги дотор дэгджээ. Ангийн захирагч “яамны ТНБД болох хүний амралтыг засаж байгаа, Жанжин штабын даргад мэдэгдсэн, ТНБД болох хүн мөнгө асуудалгүй гэсэн” хэмээн доод ажилтнууддаа тайлбарлажээ. Ерөнхий инженер нь гэрээгүй ажилд их хөрөнгө гарч байгааг анхааруулж байжээ. Үргэлжилээд 10, 11 дүгээр сард зардал улам нэмэгдэн гарчээ. Ерөнхий нягтлан бодогч Г.Сугар “Одоо арай хэтэрлээ, ядахдаа гэрээ байгуулья” хэмээн захирагчаасаа шаардсан. Ерөнхий инженер нь гэрээ хийхээр хөөцөлдөөд барсангүй тул “шаварт унасан шарын эзэн” гэдгээрээ ангийн захирагч хийхээр болов. Ингээд энэ үед БХЯ-ны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч болж амжсан Б.Батсайхан луу ярихад “мөнгө асуудалгүй, ажлаа л хий” гэжээ. Үүнээс хойш ерөнхий инженер нь С.Туул хатагтайн араас сар шахам явж байж арай гэж “Терра Резорт” компанитай нь 70 сая төгрөгийн гэрээ хийсэн байна. Энэ үед амралтын байрны засварын ажил дуусаж 7-р бүлэг ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн гурван давхар амины орон сууцны засварын ажил руу оржээ. Засварын ажлын зардал мөн л 017-р ангиас гарсаар байв. 2015 оны сүүлээр 70 орчим сая төгрөг гэж гарчээ. Он гараад 2-р сард ТНБД-ын даргын үүрэг гүйцэтгэгч жинхэлсэн. 5-р сард нь Тэрэлж дэх амралтын газарт механик гэмтэл гарсаныг бас л 7-р бүлэг очиж засжээ. Ингээд засварын нийт зардал 109 сая төгрөг болсон нь гэрээний 70 сая төгрөгөөс давжээ. 017-р ангид ирсэн санхүүгийн шалгалт акт тогтоож авлагаар бичүүлсэн. Энэ хэрэгт ТНБД болон ангийн захирагчийн үйлдэл тодорхой. ТНБД асан Б.Батсайханыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх сэдэлтээр улсад 109 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан. Ангийн хурандаа Л.Балдан-Очир нь албан үүргээ зөрчиж экс ТНБД-даа давуу байдал олгосон. Харин ангийн ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нь засварын мөнгийг гаргаж байснаараа буруутгагдсан. Экс ТНБД-ын эхнэр С.Туул хохирлын төлбөрийн хэмжээн дээр маргаж байгаа гэнэ.