Төрийн мөнгийг гувшуулахдаа гарамгай намчдын санаанд ч ороогүй аргыг Дарханы “Залуучууд” театрынхан 3 жилийн өмнө бодож олон бүр хэрэгжүүлсэнийг хуулийнхан саяхан л илрүүлжээ. А.Б нь 2015 онд театрын даргаар томилогдсон. 2017 оны байгууллагын шинэ жилийн арга хэмжээний өмнө менежер Ерболат нь удирдлагадаа амьд хөгжмийн “Модун” хамтлагийг тоглуулах санал тавьжээ. Тэрээр “арга хэмжээд нийтдээ нэг сая төгрөг гаргамаар байна, Модун хамтлагт 600 мянга, хөтлөгч Энх-Одод 200 мянга, үлдсэн 200 мянгыг нь уран бүтээлчдийн хоол унданд зарцуулагдана” гэж төсвөө танилцуулахад театрын дарга “боломжгүй, тийм их мөнгө байхгүй” гэжээ. Харин сэргэлэн нь дэндсэн ерөнхий нягтлан бодогч М.О “нэг тийм гаргалгаа байна” гээд “Модун” хамтлагийн хоёр гишүүнийг ажилд авах тушаал гаргаад цалингийн сангаас хөлсийг нь гаргах схем-төлөвлөгөөгөө танилцуулжээ. Үүнийг сонссон даргын нүд орой дээрээ гарч “болох юм уу” гэсэнд нягтлан нь “болно, би зохицуулна” гэжээ. Ингээд “зохицуулах” ажиллагаа эхэлжээ. Үүнд театрын төгөлдөр хуурыг тус бүрийг нь 60 мянгаар хөглөж өгдөг Д.О-ыг хамруулжээ. Түүнийг театрын концертмейстрийн албан тушаалд түр томилж 487 мянга төгрөгөөр “цалинжуулсан”. Харин хамтлагийн Х.Х, Б.М нарыг театрын хөгжимчиний тус бүр нь 536 мянган төгрөгийн цалинтай ажилд “авсанаар” шинэ жилийн арга хэмжээний нэг сая төгрөг бүрдсэн байна. Үүнээс “Модун”-гийн Х.Х-гийн дансад 830 мянган төгрөг оржээ. Тэрээр хамтлагийн хөлсөө суутгаж аваад үлдсэн 270 мянган төгрөгийг театрын менежер Ерболатад буцаан шилжүүлсэн. Менежер хөтлөгчид хөлсийг нь төлж 30 мянгаар нь шинэ жилийн арга хэмжээнд тоглосон уран бүтээлчидэд ундаа аваад үлдсэн 40 мянгаар нь хөгжөөнт тоглоом зохион байгуулсан байна. “Модун” хамтлагийнхан театрд нэгхэн сар “ажиллаад” халагджээ. Цалингийн цэсэн дээр гарын үсгийг нь дуурайлган зуржээ. Энэхүү нарийн бодож боловсруулсан схем-төлөвлөгөө илэрч баригдсан байна.