Өнөр хорооллын Саппарогийн автобусны буудал орчим нь гэмт хэрэг, зөрчил их гардагаараа анхаарлын төвд байдаг. Энэ хавьд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх, цаашлаад биеэ үнэлэх, архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулах гэмт хэрэг, зөрчил олноор үйлдэгдэж иргэдээс гомдол их ирдэг. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XII хороо, "Саппоро"-гийн тойргийн автобусны буудлын дэргэд цагдаагийн кабон байршуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Хархорин” захын орчимд мөн ийм кабон байршуулсан бөгөөд үр дүнд нь тухайн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Цагдаагийн байгууллагын хяналтыг сайжруулсанаар хэрэг, зөрчил гарах нь цөөрдөг гэдгийг “Хархорин” захын дэргэд байршуулсан кабоны жишээнээс харж болно. Тухайн орчинд мөн л гар дээрээс худалдаа эрхлэх, архидан согтуурах, хулгай, танхайн хэрэг олон гардаг байсан тул цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргаж, дүүргийн ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр шийдүүлж байсан. Энэ удаа НГХУСАЗЗ-ийн хөрөнгөөр Саппорогийн автобусны буудлын дэргэд кабон байршуулуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст хүлээлгэн өгчээ.