"Та бидний эвсэл", Монголын үйлдвэрчний эвлэлтэй "Нийгмийн захиалгын гэрээ"-г өнөөдөр байгууллаа. Энэ үеэр Та бидний эвсэл"-ийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.
- 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн нэрс тодорлоо. Таны хувьд Баянгол дүүрэгт өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Сонгуулийн үр дүн шударга болох юм бол бид ялна. Луйвар болбол мэдээж хэрэг дахиад нөгөө хэдэн луйварчид ялаад Ардчилсан намаас дэвшсэн хэдэн луйварчин Ардын намаас дэвшсэн хэдэн луйварчин ялах байх. Тиймээс бид ард иргэдээ луйварчдад хувь заяагаа даатгачихаад “Далласан газар нь далд орж, Далайсан газар нь ил гарч” явах цаг дууссан. Одоо багаараа та бүхнийхээ төлөө та бидэнтэй хамт зүтгэх хүмүүсийг, үзэл баримтлалдаа үнэнч хүмүүсийг сонгож байж ард иргэдийн маань амьдрал өөдөө засарч дээшээ болно гэж хэлэх байна.
Урт удаан цаг хугацаа өнгөрч байж, олон хүн амь насаа алдаж байж, олон хүн ядуурч, өнчирч байж ойлгодог цаг юм байна. Одоо ойлгох цаг болсон. Одоо ойлгохгүй бол дахиад дөрвөн жил. Дор хаяхад дөрвөн жил. Гэтэл Монгол Улс маань өр шир нэмэгдсэн, ард иргэд нь ядуу зүдүү хэвээрээ. Харин цөөн хэд нь хагартлаа баяжсан, оффшорт гаргаж мөнгөө нуусан, байгалийн баялгийг ховх сорсон ийм байдалтай байсаар байх уу. Орон сууцгүй залуустай, ажилгүй хүүхдүүдтэй, сургуульгүй залуучуудтай монгол орон цаашаа байх уу үгүй юу гэдгийг одоо шийдэх цаг болсон. Тиймээс бид байгалийн баялгаа дундаа өмчлөх ёстой. Цалин амьдралд хүрэлцэхүйц байх ёстой. Залуу гэр бүл орон сууцанд орох ёстой. Залуучууд маань сургуульд сурах ёстой. Өвдөж байгаа хүмүүс эмнэлэгт эмчлүүлэх ёстой гэж үзэж энэ зорилгын төлөө сонгуульд өрсөлдөж байна.
-Улс төрийн намуудын хувьд 2020 оны сонгуульд залуучуудаа дэмжиж өрсөлдүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан боловч ярьсан шигээ дэмжиж чадсангүй гэдэг шүүмжлэл байна. Та бидний эвслийн хувьд залуучуудаа хэр дэмжсэн гэж үзэж байна вэ?
“Та бидний эвсэл”-ийн хувьд ер нь залуучууд голлосон. Мэдээж хэрэг Удвал дарга гэх зэргээр харьцангуй туршлагатай хүмүүс байгаа. Тэгэхээр дан ганц залуучуудыг дэмжинэ, ахмадуудыг дэмжинэ гэпэг өрөөсгөл. Сайхан баг байх ёстой. Хоёрдугаарт, Ардын намынхан маань ЖДҮ-чдээ дэмжүүлэхгүй гэснээ дандаа ЖДҮ-чдээ дэвшүүлчихсэн. 60 тэрбумтныг дэвшүүлэхгүй гэснээ дандаа 60 тэрбумтныг дэвшүүлчихсэн. Тэгэхээр хүнд хэцүү цаг хэвээрээ, бүр дордоно гэсэн үг.
-Иргэд, олон нийт нэг зүйлийг их сонирхож байна. Н.Энхбаяр даргыг СЕХ-ноос батламжлах уу. Өнгөрсөн сонгуулиуд шиг нэр дэвших эрхээ хасуулах уу гэдэг анхаарал татаж байна?
-Намайг 12 жил сонгуульд оруулсангүй. Яагаад гэвэл айж байна шүү дээ. Ард түмэн Н.Энхбаярыг сонгочихож магадгүй гэж. Ард түмнээс айж байгаа байхгүй юу. Надаас нэг их айсан юм байхгүй. Ард түмэн маань намайг “Та бидний эвсэл”-ийг дэмжиж байгаа учраас Н.Энхбаярыг сонгочихож магадгүй. “Та бидний эвсэл”-ийг сонгочихож магадгүй гэж бодож МАН-ынхан АН-ынхантай хуйвалдаж, намайг 12 жил сонгуульд оролцуулсангүй. Гэхдээ энэ нөхдүүд айж байна гэдэг нь цаанаа “но”-той л гэсэн үг. Ямар нэг айх юм байна гэсэн үг. Шударга үгнээс айж байж магадгүй. Шударга үйлдлээс айж байж магадгүй. Тийм учраас ард иргэддээ хандаж хэлэхэд "Би сонгуульд орох нь мэдээжийн хэрэг. Та бүхэндээ амласанаа хэрэгжүүлэхийн тулд өрсөлдөнө" гэдгээ хэлмээр байна.
-Хууль зүйн хувьд боломж байгаа юу?
-Хууль зүйн боломж дээд зэргээр байгаа. Гэхдээ эд нар хууль бус аргаар дандаа ажилладаг. Янз янзын муухай арга хэрэглэж магадгүй гэж сонгогчид маань санаа нь зовж байгаа. Гудамжаар явж байхад "Та дэвшинэ биздээ" гэдэг. Дэвшиж магадгүй гэхээр утсаар дүүрэн мессэж ирээд “Баярлаж байна шүү, дэвшинэ шүү, та бүхэн ялах ёстой шүү, та төрд орох ёстой шүү” гэцгээж байна. Энэ нөхдүүд ямар нэгэн муухай аргаар хууль бусаар намайг дэвшүүлэхгүй бол манай багийг дэмжээрэй. Яагаад гэвэл би тэр багийг толгойлж байгаа учраас энэ баг сонгогдож байж би ч гэсэн энэ төр засгийн ажлыг багтайгаа хамт хийж, амласнаа хэрэгжүүлэх бололцоотой болно. Гарц байгаа. Н.Энхбаяр сонгуульд орвол дэмжээрэй. Орохгүй ч байсан манай багийг дэмжээрэй. Би орсонтой адилхан шүү гэж хэлэх нь зүйтэй байх. Н.Энхбаярыг орохгүй бол багийг нь дэмжихгүй гэж андуураад байх шиг байна. Ард түмэн тэр тусмаа өрөвдөнө.
-Таны хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт УИХ-д нэр дэвшиж байгаа. Улстөрд төр түшилцэхэд хангалттай туршлагатай гэж үзэж байна уу?
-Миний хүү Э.Батшугар өндөр боловсролтой. 2016 оны сонгуульд намайг дахиад оруулаагүй. Ард иргэд маань тэгвэл таны хамгийн дотны хүмүүс чинь намынхаас гадна гэр бүлийн хүмүүс чинь тантай хамт зүтгэж, энэ сонгуульд оролцох ёстой гээд нийгмийн захиалгаар манай эхнэр Цолмон нэр дэвшсэн. Цолмонг луйвардаад Капитал банкны нэг эмэгтэй сонгогдсон. Дөрвөн жилд тэр эмэгтэйг сонголоо гээд яасан. Монголын ард түмэн 200 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Тэгэхээр сонголт чинь ийм аюултай байдаг юм байна. Буруу хүнээ сонгочихоор өөрсдөө хохирчихдог. Тэгэхээр Цолмонг дэмжсэн олон хүмүүс байсан. Тэд захиалга өгсөн. Цолмон маань “Би дэвшихгүй уучлаарай. Та нар маань намайг дэмжсэнд их баярлалаа” гэсэн. Тэгэхээр " Э.Батшугар дэвш ээ. Монгол банкинд ажиллаж байсан. Мөнгө хүүлэгчдийг, зээлийн хүүгээр дарамтлагчдыг байранд нь тавьж, мөнгө зээлийн бодлогыг зөв зүйтэй болгож, өрийн дарамтгүй амьдрах нөхцөлийг яаж хийх вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд сайн мэдэж байгаа. Одоо Э.Батшугарыг дэмжих нь шударга ёсыг тогтооно" гэсэн. Нийгмийн захиалгаар сонгогчид нь шаардаад байгаа учраас дэвшиж байгаа.