Өөрийгөө уул уурхайн салбарт амжилттай яваа компанийн захирал гэж танилцуулдаг О.Батсайхан нь зургаан иргэнээс нийтдээ 444 гаруй сая төгрөг залилсан. Энэхүү залилангийн хэрэг хоёр жил орчим шалгагдсан. Залилуулагсадын нэг нь дуучин Д.Дорждагва агаад Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх үеэр хууртагдаж хохирчээ. Дуучинг нутгийн сэтгүүлч бүсгүй нь “Манай нутгийн гаралтай том компанийн захирал” хэмээн холбож өгчээ. О.Батсайхан тоглолтоо хийх байгааг нь сонсоод дуучинд шууд 500 доллар өгчээ. Ингээд тэд дотноссон байна. Дараа нь гэрт ирж дайлуулахдаа 200 мянган төгрөг өгч үнэтэй виски задалжээ. Энэ үеэрээ тоглолтын тасалбарыг нь зарж өгнө хэмээн эхлээд 100 ширхгийг авчээ. Дараа нь увуулж цувуулсаар нийтдээ 20 мянган төгрөгийн үнэтэй 900 ширхэгийг авсан нь 18 сая төгрөг олжээ. Бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр нь мөн ирж үзэгчдийн өмнө Зайсанд баригдаж буй барилгаасаа хоёр өрөө байр бэлэглэхээр зарлан хадган дээр түлхүүр тавин гардуулжээ.Тоглолтын дараа дуучин хүүдээ машин авч өгөх санаатайгаа хэлэхэд О.Батсайхан “дөнгөж орж ирсэн Харьерыг 15 саяд өгье, байгаа мөнгөө аваад ир” гэжээ. Тэр даруйд долоон сая төгрөгөө өгсөн байна. Дуучныг машинаа хүлээж байх зуур компанийн захирал мөнгөөр нь эхнэр гуйхаар Увс руу явжээ. Ирээд машины бичиг баримт хөөцөлдөж байна гэх зэргээр нэлээд аргалжээ. Эцэст нь захирлыг Увсаас авсан эхнэртээ гар хүрсэн хэргээр цагдаад баригдсаныг дуучин сонсжээ. Ингэж л 18 саяын тасалбар, машины урьдчилгааны долоон сая болон хоёр өрөө байр өгөхөөр амласан том компанийн захирлыг залилагч болохыг нь мэджээ.