Ийм нэгэн явдал Ховд аймагт гарчээ. Тус аймгийн Мөст сумын ЗДТГ-ын ажилтнууд болох нийт 10 хүн “Буга боодог” гэдэг газар хоёр өдөр амарчээ. Энэ явдлын дараахан сумын ИТХ-ын хуралдаан дээр амралтын зардлын яриа гарсан байна. ЗДТГ-ын ажилтнуудын амралтанд нийтдээ хоёр сая төгрөг зарцуулагдсан агаад үүнийг тус сумын Хужирт багт үйл ажиллагаа явуулдаг “Булган стар” компанийн захирал Н.Алтанзул өгсөн гэнэ. Амрагчид замаараа компанийн кемпеер “дайраад” гарчээ. Энэ үед сумын Засаг дарга Б.Сугарбат, газрын даамал С.Ганцоож нар мөнгийг авсан болж таарчээ. Өөр нэг гэрч В.Цэвээнпүрэв нь “Н.Алтанзул гарч ирээд нэг боодол 20 мянгатын дэвсгэртийг даргадаа өгөөрэй гээд надад өгсөн. Би засаг дарга Сугарбатыг кемпээс гарч ирэхэд нь өгсөн” хэмээн мэдүүлжээ. Ийм нэгэн хэрэг шүүх цагдаагийн хооронд шидэгдэж яваа аж. 2019 онд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай, Мөст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Талст молор”, “Булган стар” компаниудын далд уурхайн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геолгоги уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Талст молор” ХХК-ий эзэмшдэг MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гянтболдын далд уурхайд “уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс” ажиллуулаагүй нь тогтоогдсон байна. Тиймээс улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоожээ. Мөн түүнчлэн Мөст сумд үйл ажиллагаа явуулж байгаа "Булган стар" ХХК-д илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын албан шаардлага хүргүүлж байжээ.