Төрийн орон сууцны компанийн захирал асан А.Гантулга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй хамт Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх гэх хэрэгт холбогдсон. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн . Тэгвэл захирал асан гуай мөнгөө өсгөх гэж яваад залилагчид 50 мянган доллар буюу 114 сая төгрөгөө алдаад одоо болтол авч чадахгүй явна. Энэ явдал ТОСК-ийн захирлын ажлаа өгсөний дараахан болжээ. Тухайн үед тэрээр “мөнгөлөг” байсан. Ар шарнууд овогт Б.Б нь 2008 оноос “20 сая төгрөгнөөс дээш хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана, 10 хувийн хүү өгнө”гэсэн зарыг тарааж иржээ. Энэ зарыг экс захирал олж хараад холбогдсон байна. Б.Б нь түүнийг “Пийс Товер” төвийн 9-н давхард байрлах тансаг офисдээ хүлээн авчээ. Очиход жирэмсэн эхнэр нь хүртэл ажиллаад л ер нь эрч хүчээр дүүрэн залуус мэт сэтгэгдэл төрүүлжээ. Шижигнэсэн захирал өөрийгөө Хаанбанкинд теллер хийж байсан гээд гадаадаас хөрөнгө босгож арилжаа хийдэг гэж танилцуулжээ. Олон хүнтэй ажиллахад хэл ам гардаг тул мөнгөтэй цөөн хүнтэй ажиллахаар шийдсэн гэнэ. Хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөөрөө олон улсын хөрөнгийн бирж дээр үнэ нь унасан хувьцааг худалдан авч дараа нь өндөр үнээр зарж ашиг олдог. 50 мянган доллар оруулбал сар бүр 5000 долларын хүү өгнө гэж ухуулжээ. Экс захирал тэр өдрөө шийд хэлэлгүй гарсан ч Б.Б салахаа байсан гэнэ. Маш ашигтай хэмээн итгүүлж янз бүрийн бичиг баримт үзүүлж гарчээ. Эцэст нь А.Гантулга 50 мянган долларын хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан байна. Гэрээнд “талууд олон улсын хөрөнгийн зах зээлд оролцохдоо ...маржин арилжааны тусгай дансыг ашиглан олон улсын валют, үнэт металл, индексүүд болон нефтийн бүтээгдхүүний онлайн арилжаа хийнэ... оруулсан хөрөнгийн 10 хувь буюу 5000 ам.долларыг сар бүр арилжааны өгөөж болгон авна... гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг дансанд нь бүрэн шилжүүлсэн байна” гэх мэтээр заажээ. Тэр хоёр хамтарч хөрөнгө оруулалтын “Хедже” сан байгуулж талыг нь экс захирал эзэмшихээр болжээ. Ингээд “хамтарч” ажиллаж эхэлжээ. Б.Б эхний сардаа 15 сая төгрөгийн хүү өгчээ. Дараагийн сард хоёр сая төгрөг өгөөд таг болсон. Залгахад утсаа авахаа байжээ. Уулзахад хөрөнгө оруулалт орж ирээгүй байна гэдэг. Энэ үед ТОСК-ийн экс захирлыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Нарийн шалгасан тул олон улсын хөрөнгийн биржид оруулсан “хөрөнгө оруулалтыг” нь ч бас хамруулжээ. Хөрөнгийн бирж дээр тоглогч Б.Б-г дуудан мэдүүлэг авчээ. Үүний дараа тэрээр шууд зугтсан гэж А.Гантулга гомдоллосон. Үнэндээ тэрээр тун амархан хууртсан аж. Хөрөнгийн бирж дээр тоглогч нь дэлгэцэн дээр “Хөрөнгийн биржийн өсөлт бууралт” хэмээн баахан тоо үзүүлээд “өнөөдөр л гэхэд би 10 мянган доллар оллоо, ийм ашигтай” гэх зэргээр хялбархан хуурсан. Тэрээр ТОСК-ийн захирлын мөнгөөр эхлээд өөртөө 15 саяар машин худалдаж авчээ. Үлдсэн мөнгөөр нь үнэхээр хөрөнгийн бирж дээр тогложээ. Гэхдээ тун муу тоглогч байсан. Б.Б нь аккаунтдаа 5 данстай бөгөөд 5085900 дансаараа л арилжаа хийсэн байна. Уг дансанаасаа гүйлгээ хийж алдаж явсаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дансандаа 0,45 ам.доллартой үлджээ. 50 мянган доллар ийнхүү дууссан аж. Харин энэ үед АТГ-д шалгагдаж байсан ТОСК-ийн экс захирал өмгөөлөгчийнхөө хөлсийг төлөх гээд сандарч байсан гэнэ.