Нийслэлчүүд “Анужин” гэдэг олон жил ажиллаж байгаа хятад зоогийн газрыг мэдэх байх. Эзэн нь QIAO YONG буюу Гансүх гэдэг монгол нэртэй хятад иргэн байдаг. Тэрээр 2017 онд “Эрдэнэс тавантолгой” компаниас нүүрс худалдан авч урагшаа гаргах ажил сэджээ. Ингээд өөрийн танил Баясаадаа хэлэхэд тэрээр Галаа гэдэг хүнтэй танилцуулжээ. Гансүх түүнд “Эрдэнэс тавантолгой”-д гаргасан өргөдөл, компанийн гэрчилгээний хуулбар, гаалиар нүүрс гарах зөвшөөрлийн хуулбар, тээврийн гэрээ зэргээ үзүүлсэнд Галаа удалгүй танил тал ихтэй гэх “Хану групп”-ын захирал О.Батсайхантай холбож өгчээ. Тэрээр өөрийгөө Засгийн газарт танил тал ихтэй, барилгын тнедер авдаг гэх зэргээр ярьж хятад эрийг бишрүүлсэн. Ингээд “нүүрсний гэрээ байгуулахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй, надад хоёр сая доллар байна, чи нэг сая юань гарга, мөнгө бэлэн бол ажил найдвартай бүтнэ” гэжээ. О.Батсайхан нь “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Ганхуягийг таньдаг гэжээ. Ингээд хятад эр сая юаниа бүрдүүлэх ажилд орсон. Мөнгөө бүтээгээд 6-р сарын дундуур Чингэлтэй дүүрэгт байрлах МХЕГ-ын урд талын зогсоолд машиндаа О.Батсайханд бэлнээр 500 мянган тонн нүүрсний гэрээний урьдчилгаанд хэмээн 840 мянган юань өгчээ. Мөнгө өгөхөд Галаа байсан гэнэ. Нүүрсний гэрээг мөнгө өгсөний дараахь долоо хоногийн эхэнд бүтээхээр тохиролцжээ. Гэсэн ч мэдээж хойшлогдсон. О.Батсайхан нь Засгийн газарт сайд нарт нартай уулзана хэмээн хэдэнтээ хойшлуулсан. Дараа нь Наадам болов. Үүний дараа ээж эмнэлэгт хэвтсэн гээд ээлжит шалтгаа тоочжээ. Мөнгөө өгөгсөд худлаа хэлээд байна хэмээн сэжиглэж унаж байсан “Ланд-200” машиныг нь барьцаанд авч гараашдаа хийжээ. Бичиг баримтыг нь шалгахад “Илч кредит” компаний нэр дээрхи машин байж таарсан. Цаг явсаар намар болж 10-р сар гарахад Гансүх О.Батсайхантай уулзаж мөнгө эргүүж өгөх баталгаанд гарын үсэг зуруулсан ч тэр чигтээ алга болжээ. Эцэст нь “Анужин” компаний хятад эзэн цагдаад хандсан байна. Энэ үед “Хану групп”-ын захирал бас өөр хүмүүстэй нүүрсний гэрээний “ажил” эхлүүлээд байжээ. “Корпориат конвешн центр”-д офислодог бизнесмэн эмэгтэй Ц.Оюунцацралтын найзын хүү Батмөнх нь “Эрдэнэс тавантолгой” компанийн Захиргаа удирдлагын газарт ерөнхий зохион байгуулагчаар ажилладаг байжээ. Бизнесмэн хатагтай түүн лүү утасдаж нүүрсний гэрээний талаар асуусан гэнэ. Ингээд гэрээ хийх хүнийг олж өгсөн нь бас л “Хану групп”-ын захирал О.Батсайхан байсан агаад бизнес уулзалт товлогдсон. “Корпориат конвешн центр”-д болсон уулзалтанд бизнесмэн хатагтай, түүний хятад түнш болон Батсайхан, Батмөнх нар оролцжээ. Уулзалтаар “Хану групп”-ын захирал нь нүүрсний гэрээ бүтээж өгнө хэмээн ам бардам амласан ч монгол хэл сүрхий мэддэг хятад “хөрөнгө оруулагч”-д итгэл төрүүлж чадсангүй. Тэрээр “бүтэхгүй зүйл байна” гээд татгалзсан тул уулзалт үр дүнгүй таржээ. Уулзалтын дараа Батсайхан, Батмөнх нар нүүрс гэрээний жагсаалтанд оруулж өгөхөөр амлан бизнэсмэн хатагтайгаас 14200 долларыг 14 хоногийн хугацаатай зээлжээ. Ц.Оюунцацралт нь хуулийн байгуулагад танил тал ихтэй бололтой. Хэд хоногийн дараа таньдаг мөрдөн байцаагч нь утасдан “тантай Батсайхан гэдэг хүн яагаад холбогдоодд байна вэ” гэж асуугаад залилан хийдэг этгээд гэжээ. Үүний дараа Батмөнх нар ирж 6200 доллар өгөөд үлдсэн мөнгийг бид хариуцна гэж амлажээ. О.Батсайхан ч өргөдлөө авахыг гуйсанд залуу хүнд саад болоод яахав гээд бүх мөнгөө авч хохиролгүй болсон гээд цагдаагаас өргөдлөө татжээ. Удалгүй О.Батсайханыг хоригдсон гэж сонсжээ.