Ийм нэгэн хэрэг өнгөрсөн өвөл гарчээ. Хохирогч нь хөдөөний малчин харин залилагч нь хотын "халтуурчин" залуу байсан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан гэдэг газар мал малладаг Г.Ш хотод 10 хонь, 10 ямаатай ирээд зарж 2,8 сая төгрөгтэй болжээ. Мөнгөтэй болсон тул найзуудтайгаа уусан аж. Үдшийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 12-р хороонд орших “Шөнийн дэлгүүр”-ийн тэндээс такси барьсан. Нэлээд уусан тул машинд ороод шууд унтжээ. Жолооч хэлсэн ёсоор нь АТМ-тай газар зогссон байна. Хөдөөний залуу сэрэнгүүтээ картнаасаа 10 мянган төгрөг авахуулахаар банкны картаа кодын хамт хэлж өгчээ. Таксиний жолооч хэлснийх нь дагуу мөнгө аваад картыг нь буцаан өгсөн. Дүүгийндээ хүргүүлээд малчин залуу шууд унтжээ. Өглөө босоод хартал карт нь бишийн дээр данснаас нь 3,3 сая төгрөг гараад явчихсан байсан тул шууд цагдаад ханджээ. Бусдын данснаас мөнгө авсан "халтуурчин"-г О.Ц гэдэг. Тэрээр үйлчлүүлэгчийнхээ согтууг далимдуулан банкны картынх нь оронд өөрийнхөө машины цонхны цан хусдаг картыг өгчээ. Үйлчлүүүлэгч кодоо хэлсэн нь мөн алдаа болсон. "Халтуурчин" залуу найз Н.Э-гийн хамт данснаас нийтдээ 3,3 сая төгрөг аваад тэнцүү хувааж авсан ч баригджээ.