Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн экс дарга М.Баасандорж холбогдсон хээл хахуулийн хэрэг шил даран сонсогдох боллоо. Энэ удаад тус дүүргийн 12-р хорооны Хангайн 12-579 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн хүнсний “Тацо” хэмээх дэлгүүрийн эзэн эмэгтэй Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр экс даргад нийт 1,2 сая төгрөгийн хахууль өгсөн нь илэрчээ. 2018 онд хяналтынхан цасны баяр тэмдэглэхээр явах гэж байтал шуурхай дуудлагын утсанд “архины хордлого гарлаа” гэсэн дуудлага ирж М.Баасандоржоор ахлуулсан байцаагчид очжээ. “Тацо” дэлгүүрээс бэр гуйхад хэрэглэхээр архи худалдан авсан хүмүүс “экс” архинд хордсон болж таарав. Гэсэн ч тэд худалдаж авсан архиныхаа сери дугаарыг хэлж чадсангүй. Урьд өдөр нь ч өөр архи уусан нь тогтоогдсон. Дэлгүүрийнхэн тухайн хүмүүсд архи худалдсанаа хүлээсэн ч бүртгэл байсангүй тул байцаагчид бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох ажиллагаа явуулах аргагүй болсон. Ингээд стандартын шаардлага хангаагүй архи худалдсан бус харин журмын дагуу бүртгэл хөтлөөгүй гэх үндэслэлээр дэлгүүрийн эзнийг гурван сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаж дэлгүүрийг хэд хоног хаасан. Дэлгүүрийн эзэн эмэгтэй нь торгуулиа төлөөд МХХ-ийн дарга М.Баасандоржтой уулзаж нээх зөвшөөрөл хүсэхэд нааштай хүлээж авчээ. “Ер нь танайхаас шалтгаалсан зүйл бага юм байна, гүн хордлоготой хүн нь Баянхошуунаас архи авч уусан гэсэн, тэр 40 лонх экс архийг зарж болохгүй” гээд нээхийг зөвшөөрчээ. Хоёр сарын дараа хэлтсийн дарга дэлгүүрийн эзэн лүү залгаж “хөдөө явж байна” гээд шатахууны мөнгө хүсэхэд 700 мянган төгрөг шилжүүлжээ. Дарга хөдөөнөөс ирээд хувийн эмнэлэгт хэвтэхэд дэлгүүрийн эзэн эргэжээ. Ингээд бэрийх нь дансаар 500 мянган төгрөг шилжүүлжээ.