alim.mn | 2024.10.19
Хөвсгөлийн Хатгал орчмын уснаас портер хог гарчээ
Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь усан замын тээврийн хяналтыг хариуцдаг төрийн байгууллага болохын хувьд тээвэрлэлттэй холбоотой аливаа үйл ажиллагааг байгаль орчинд хор хохиролгүй байлгах тал дээр ажилладаг.
Ялангуяа зуны улиралд дотоод, гадаадын жуулчид олноор цугларч усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг гол бүс нутаг болох Хөвсгөл, Өгий зэрэг нуурын усанд хог хаяхгүй байх, завиндаа шатах тослох материал хийх явцдаа далайн усанд дуслыг ч унагахгүй байх тал дээр завьчдад болон иргэдэд заавар, зөвлөмж өгч хянадаг.
Жил бүр эрэг хавийн цэвэрлэгээг улирлын эхлэл ба төгсгөлд тухайн орон нутгийн иргэд, завьчид, жуулчны баазын ажилчидтай хамтран зохион байгуулдаг ба энэ жилийн эргийн цэвэрлэгээг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийжээ.
НҮБ-аас Далай тэнгисийн усыг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Ялангуяа Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны нөөцөд бүртгэгдсэн стратегийн чухал обьект юм.
Энэ жилийн хувьд цар тахлаас улбаалсан хөл хорионоос шалтгаалан Далайн захиргааны холбогдох мэргэжилтэн, байцаагчид дангаараа ажилласан ба эрэг дагуу усны хаялгаар гарч ирсэн хогийг хамахаас гадна далайн түрлэгээр усанд орж бохирдол үүсгэдэг эрэг дээрх хогийг зайлуулав.
Цэвэрлэх явцад олон тооны малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, маш их хэмжээний хуванцар тоглоом, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ гаргаж авчээ.
Нийт цэвэрлэсэн хогны хэмжээ нэг портер ачаа болсон ба зөвхөн нэг хүний зориуд шилэнд түүсэн тамхины шилбэ гэхэд нэг том шил дүүргэсэн байна.
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ