Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдлоо. Өмнөговийн нүүрснээс чамгүй хувь хүртэж баяжсан тэрбээр Завхан аймгийн Яруу сумын уугуул, Даян бөхийн дэвжээний тэргүүнээр ажилладаг. "Ажнай"-н Бат-Эрдэнийн гарын хүн Д.Дагвадорж 550 төлөөлөгчөөс 485 төлөөлөгч нь санал хураалтад оролцож, Д.Дагвадорж 318 төлөөлөгчийн санал авсан байна. Үнэмлэхүй ялалт гэсэн үг. Гэвч иргэд морио молор эрдэнэ гэж өргөмжилдөг монголчууд нүүрсний хулгайчаа орой дээрээ залах уу гэж шүүмжилж байна
Тод манлай уяач тэрбээр "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай. Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байсан. Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих санал хүргүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Гэвч удалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байв.
Тухайн үед Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгасан байдаг.