Нэг үе Үндэсний удирдагч гэж өргөмжлөгдөж, Авлигын загалмайлсан эцэг гэгдэж оймсоо гозолзуулж явсан Н.Энхбаяр эргээд үнэд оров. Ууган хүүгээ боловсон хүчин хүнтэй гэх МАН-д Цахим яам, Эрүүл мэндийн яаманд ээлж дараалан сайдын суудалд суулгаснаас харвал энэ хүн хичнээн хүчтэй нь анзаарагдана. Анх МАХН, МАН-тай нэгдэхдээ их унацтай том тохироо хийсэн гэдэг. Бага хурлын гишүүдийн багагүй суудлыг ч МАХН-аас орж ирэгсдэд “бэлэглэсэн”. Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугарыг томилсон нь зөв, “энхийн цагаан тагтаа” эрүүл мэндийн салбарт ирлээ гээд сүйд. Гэхдээ баярлах болоогүй ээ…
Төсөв өндөртэй гэх ЭМЯ “үндэсний удирдагч, А-ын загалмайлсан эцэг”-ийн анхаарлыг эртнээс татаж ирсэн.
МАХН нэрийг хуульч О.Баасанхүүгээр зөвлүүлж өмгөөлүүлсээр яваад Намбарын Энхбаяр авч чадсан. Ингээд 2012 онд УИХ-д нэр дэвшихийнхээ өмнө өөрөө ачигдаж, шоронгоос элдэв бус араншин үзүүлснийг монголчууд мэднэ. М.Энхсайхан, Н.Энхбаярын “Шударга ёс” эвсэл 2012 оны УИХ-ын сонгуулиар бүлэгтэй болж, АН-тай хамтарч засгийн газар байгуулсан. Ингэхдээ Н.Энхбаяр Шадар сайдаас гадна ЭМЯ-ыг хамгийн түрүүнд авсан байдаг.
Н.Удвал. Н.Энхбаярын баруун гар болж явсан хүн бол Н.Удвал 2012-2014 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллах үедээ хоригдлуудын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор журамд өөрчлөлт оруулж, албан тушаалын хэргээр хоригдож байсан Н.Энхбаярыг ял эдлэх ихэнх хугацаагаа хуучнаар “Сайд нарын” гэгдэх II эмнэлэгт хэвтэн өнгөрүүлэх боломж олгосон гэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд боллоо. Мөн л МАХН ЭМЯ-ыг эз дийлж авч, сайдаар нь зүүн гар болсон залуу Г.Шийлэгдамбыг тавилаа.
Г.Шийлэгдамба агсан Н.Энхбаярын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2012-2015 онд ажиллаж байсан. Эрүүл мэнд, спортын сайдаар 2014-2016 онд ажилласан. Эрүүл мэндийн яамны сайд байсан нь Г.Шийлэгдамбын хувьд сайнаар нөлөөлөөгүй гэлцдэг. Авлигын хэргээр шүүхээр ч их явсан. Тухайн үедээ ч их дуулиан болсон.
Тодруулбал, шүүгдэгч Г.Шийлэгдамба түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон О.Даваасүрэн гэх хэргийг улстөр сонирхогчид санаж байгаа. Авлига, хээл хахуулийн хэргээр Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн нараас гадна ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга нарыг шүүсэн. Мөн Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн нараас гадна ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга нарыг шүүж билээ.
Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу онц их хэмжээний хээл хахууль асван хэрэгт буруутган, эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хорих ял санал болгож байсан. Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авсан хэрэгт буруутгасан…
Харин Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарт хахууль өгсөн гэх “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга, О.Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан… Г.Шийлэгдамба нарын холбогдсон хэргийг сэргээн сануулъя. Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 19.5 сая ам.долларын өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төслийг Хятадын “HUAWEY” компани болон Монголын талаас “Метро нетворк” компанитай хамтарч хэрэгжүүлэхээр гэрээлсэн гэдэг. Гэвч “Метро нетворк” компани материалаа ирүүлсэн компаниудын нэрсийн дунд байгаагүй нь шалгагдах үндэслэл болсныг хуулийнхан хэлдэг.
Үүнээс гадна Г.Шийлэгдамба шүүгдэгч О.Даваасүрэнгээс 50 мянган ам.доллар авч байгаад АТГ-ынханд анх баривчлагдаж байв. Уг мөнгийг тэрээр Н.Энхбаяр даргын даалгавраар намын санхүүжилтийн хандиваар авсан гэж тайлбарладаг. Хэрэв баригдаагүй бол нэмж 120 мянган ам.доллар авах байсан гэж хэвлэлээр ярьсан нь ч бий. Ийм л явдал болсон тухай хэвлэлүүд их ч бичсэн.
