alim.mn | 2026.04.11
Хятадын 55 настай тэрбумтан 25 настай залуутай гэрлэжээ
Хятадын гоо сайхны салбарын тэрбумтан, 55 настай Юй Вэньхун (Yu Wenhong) болон 2001 онд төрсөн залуу загвар өмсөгч Лиу Ючэнь хоёрын хурим өнгөрсөн 3-р сард болж, сошиал ертөнцийг шуугиуллаа. Насны зөрүү 30 гэдэгтэй биш, харин эмэгтэйн залуу нөхөртөө сүйн бэлэг болгон өгсөн 190 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний “инж” болох тансаг бэлгүүдээрээ олны анхаарлыг татаж байна. Юй Вэньхун бол Хятадын гоо сайхны салбарын хамгийн амжилттай, бас хамгийн их хэл ам, дуулиан шуугиан дагуулдаг бизнес эрхлэгч эмэгтэй. Амьдралаа улаан гараараа, бор зүрхээрээ босгосон гэж болох эмэгтэй.
Тэр дөнгөж 18 настайдаа аавыгаа алдаж, амьдрахын эрхээр хөмсөг засч шивдэг ажлаас эхэлсэн. Өөрийн хүч хөдөлмөрөөр “Young Merry Real International Group” хэмээх ганц эзэнтэй групп “гүрэн”-ийг босгож чаджээ. Тэрбумтан бүсгүй сошиалд “Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд мөнгө олох ёстой”, “Эр хүнд биш, зөвхөн өөрийн олсон мөнгөндөө л итгэ” гэж сургадаг.
  Түүний эзэмшдэг эмнэлэг “Шаазан хүүхэлдэй” (Porcelain Doll) хэмээх цусаар залуужуулах үнэтэй ажилбар хийдэг нь анагаах ухааны хувьд ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Мөн 2022 онд монгол мөнгөөр үнэлбэл 18 их наяд төгрөг нуун дарагдуулсан,  татвараас зайлсхийсэн гэх томоохон хэрэгт холбогдож байв. Гэсэн ч уснаас хуурай гарч чаджин овжин нэгэн.
Мөнгөнд үнэнч гэдгээ тунхагладаг Юй Вэньхун өмнө нь 5 удаа гэрлэж байсан. Харин 6 дахь гэрлэлт, нөхрөөрөө өөрийн компанид загвар өмсөгчөөр ажиллаж байсан 25 настай залууг сонгожээ.
Залуу нөхөртөө Rolls-Royce, Mercedes-Benz зэрэг тансаг машинууд бэлэглэснээс гадна 50 сая юанийн хөрөнгийг “инж” болгон өгчээ. Залуухан нөхөр Лиу Ючэнь (Renren) энэ талаар “Би ийм амьдралаар амьдарна гэж хэзээ ч бодож байсангүй. Хэн ийм боломжоос татгалзах билээ дээ?” хэмээн нэлээд бодит (pragmatic) хариулт өгчээ. Энэ нь хятадууд дунд ихээхэн маргаан дэгдээж байна. Хүмүүс үүнийг “мөнгөөр худалдаж авсан хайр” гэж шүүмжлэх нэгэн байхад, зарим нь “Баян эрчүүд залуу эхнэр авдагтай л адилхан зүйл” хэмээн хамгаалах хүн ч байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ