alim.mn | 2025.05.12
Армийн бахархал, “Робин Гууд”, Азийн аварга хошууч Пан Сингх Томарын тэмцэл...

Тэрээр зөрүүд, шазруун, ууртай бас хэнд ч дээрэлхүүлэхгүй гэдэг байв. Цэрэгт ирсэн өдрөө жагсаалын даргатайгаа муудалцаж 10 тойрог гүйхээр шийтгүүлжээ. Гайхалтай нь энэ гүйлт “шинэков”-ийн амьдрлыг тэр чигээр нь өөрчилсөн. Таван тойрог гүйсний дараа жагсаалын дарга нь офицеруудаа дууджээ. 10 тойргийн дараа секундеметрийн заалтаар Гвадилио нутгийн залуу хорооны дээд амжилтыг эвдсэн байжээ. Ингээд шууд дарга нарын анхааралд өртөж гал тогооноос тусгай хоол авах болов. Сургууль бэлтгэлээс чөлөөлөгдөж армийн хэмжээний хөнгөн атлетикийн тэмцээнд хороо, дивизийн нэрийг гарга гэсэн үүрэг өгчээ. Томар дараа жил нь армийн аварга болжээ. Хөл нүцгэн гүйдгээрээ алдаршиж 1950-60 онд улсын нэрт гүйгч болж саадтай гүйлтийн 3000 метр 9м 2 секундээр улсын дээр амжилт тогтоосныг 10 жил хэн ч эвдэж чадсангүй. 1958 онд Токиод болсон Пан-Азийн тоглолтонд түрүүлсэн ч хөл нүцгэн гүйсэн хэмээн мөнгөн медаль хүртсэн. Манайхны ярьдагаар алтын дайтай мөнгө нь түүнийг улам алдаршуулав. Цэргийнхэн дундаас гарсан улсын хэмжээний алдартан болжээ. Арми “үнэт эрдэнэ”-ээ нандигнаж 1962 оны Хятад, 1965 оны Пакистаны дайнд явуулсангүй. Тулаанд оруулахгүй байгаад уурсан Томар хурандаа цолтон луу цаас, аяга шидэж ширээний хөлийг нь хуга өшиглөсөн ч хэргийг нам даржээ. 1977 онд хэдэр адар аашаас нь залхаад хошууч цолтойгоор халж шилийг нь харжээ. Матхья-Прадеш мужийн Бхидос тосгондоо ирэхэд ааваас нь үлдсэн газрыг нь авга ах Бабу Сингх Томар  бараг л өөрийн болгочихсон байжээ. Тосгондоо төдийгүй муждаа танил тал ихтэй, нэр нөлөөтэй авгын эсрэг цэргийн хошууч цол, нэр алдар, гүйлтийн аварга зэрэг нь ямар ч нэмэр болсонгүй. Гүйлтийн аварга тавхайгаа эргэтэл хөөцөлдөж заргалдсан ч газраа алдахдаа тулжээ. Тосгоны захирагч, мужийн газрын албаны дарга бүгд авгын талд нь зогссон. Төрөлх тосгоныхон нь хүртэл хажиглах болов. Ингээд өөрийнхөө аргаар асуудлыг шийдэх зам л үлдэж 1979 оны 3-р сард хошууч өштөн авгаа гэрээс нь дуудаж гаргаад духанд нь сум зөөжээ. Бөөн шуугиан дэгдэхэд өөрийх нь талд ороогүй тосгоныхныгоо саваадаж зодон бүгдийг нь цус нөжтэй нь хольсон. Дараа нь шууд ширэнгэ рүү зугтааж хэдэн жилийн турш цагдаа нараас зугтан баячуудыг дээрэмдэж Робин Гууд маягаар тэмцжээ. Банк тонож мужийн газрын алба руу дайрч дарга ажилтнуудыг нь зодон бичиг цаасыг нь шатаан эд хөрөнгийг нь эвджээ. Өөрийн гэсэн бүлэгтэй болж аюул занал нь ихэссэн хэмээн мужийн захиргаа хошуучийг барьж өгсөн хүнд 10 мянган драхмагийн шагнал амлав. Гэсэн ч иргэд барьж өгөхийн оронд авлигалд идэгдсэн төрийн албаныхныг матдаг болж хошууч иргэдийг дарамталсан, хохироосон түшмэдийг хашраадаг болжээ.  1981 оны 9-р сард Делигээс ирсэн бүрэн эрхэт комиссар Бхинд Пратап Сингхийн 500 цагдаатай анги хошуучийг бүлгийг сарын турш мөрдсөөр 10-р сарын 1-нд уулын хавцалд шахаж буудалцжээ. Бууж өгөх шаардлагад хариу өгөлгүй тулалдсаар бүлгийн 14 гишүүн нь алагджээ. Хүнд шархадсан Томар үхэхийн өмнө “та нарын дунд раджуп/цэргийн зиндаа/ хүн байвал би түүний гараас эцсийн удаа ус ууя” гэжээ. Энэтхэгийн кастаар цэргийн зиндааны хүн байсангүй. Цагдаа нар ус өгсөн ч хошууч уулгүй үхжээ. Тэрээр авга ахаасаа гадна төрийн түшмэд, цагдаа гээд нийт найман хүнийг гардан хөнөөсөн. 2012 онд Болливуд хошуучийн түүхээр кино хийсэн.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ