alim.mn | 2025.04.19
Хессенийн язгууртны удмын алт, мөнгийг Америкийн цэргийнхэн тоносон түүхээс ...

Нацистын Герман ялагдахын хамт германчуудын асар их баялаг, өв хөрөнгө, техник технологи ялагчдын өмнө нээгдэж орос, америкчууд ханцуй шамлан дайрсан. 1945 оны хавар Америкийн генерал Жорж Паттоны командалсан 3-р арми эртний түүхт Франкфурт хотод орж ирсэн. Энэ хотын Кронберг шилтгээн 1240 оноос эхлэн хүчирхэгжиж Германы болон Европ-Английн олон хаад, ноёдыг төрүүлсэн эртний язгууртан овог болох Хессенийн гол цайз байлаа.  Маш гоёмсог сүрлэг ордон тул эздийг нь хөөж гаргаад америк офицеруудын клуб болгожээ. Клубын эрхлэгчээр ахмад Кэтлин Нэш гэдэг 30 гарсан эмэгтэйг томилов. Удалгүй клубын байнгийн үйлчлүүлэгч болсон хурандаа Жэк Дюрант, хошууч Дэвид Уотсон нар  ахмадаас салахаа байжээ. Тэдийг тэргүүн шугамд очдоггүй, ар талын “баатарлаг” офицеруудын төлөөлөл гэхэд  болно. Энэхүү гурвал  дэлхийн 2-р дайны хамгийн цуутай тонуулын нэгийг гардан хийсэн. Хессенийн овгийн алдар цууг гадарлах Уотсоны саналаар тэд цайзыг нарийн нэгжиж шалгаад эхлээд нэг өрөөнөөс Наполеоний үеийн франц дарс олсоныг клубдээ задалж уужээ. Ахин цаашлан хайсаар аз ивээж Хессений удмынхны  нуусан алт мөнгө, үнэт  эдлэл дээр буужээ. Олсон озоо хууль ёсны эздэд нь өгөх талаар хэн нь ч дуугарсангүй. Түүний оронд бушуухан Америк гаргах гэж гурвуулаа ухаанаа уралдуулсан. Шуудангаар явуулж болох ч гааль дээр амархан баригдах аюултай. Ингээд тэндээ буюу Германд учрыг нь олохоор шийджээ. Титэм зүүлт, бугуйвчинд суулгасан алт, үнэт чулууг  шууд л мултлан авч гарав.  Уг титэм зүүлт нь урлагийн ховор бүтээл төдийгүй түүхийн үнэт дурсгал атал огт хайхралгүй хайлуулжээ.  Хайлуулсан алт, мулталж авсан үнэт чулуунаасаа нэлээдийг нь Швейцарь явч “амрах” үеэрээ зарж чаджээ. Дундад зууны Францын нэрт дархан Фабержийн урласан хэдэн мянган долларын үнэ хүрэх алтан өндөгийг ердөө 400-хан доллароор зарчихсан байсан. Зарим алт, очир алмазийг Дюрант их хэмжээний хахууль өгч байж цэргийн тусгай шуудангаар Америк явуулжээ. Уотсон өөрийн хувийг Ирландад байдаг эгчдээ илгээж чадсан байна. 1945 оны намар Хессенийн удмын гүнж София нөхөрт гарахаар болж хуримын зардалдаа хэрэглэх алт мөнгөн эдлэлээ авахаар цайздаа иржээ. Ингээд алдарт гурвалын тонуулын хэрэг захаасаа илэрсэн. Гүнжтэн цайзыг хариуцдаг хошууч Кэтлинээс хөрөнгөө нэхсэн ч тодорхой хариулт аваагүй тул Америкийн цэргийн захиргаанд гомдол гаргажээ. Хэрэг бишдсэн тул гурвал хамгаалалт бэлдсэн. Гол санаа төлөвлөгөөг өмнө нь хуульчаар ажиллаж байсан Дюрант боловсруулсан. Тухайн үеийн Америкийн хуулиар цэргээс сайн дураараа халагдаж бэлтгэл офицер болбол тодохой хугацаа өнгөрмөгц цэргийн гэмт хэрэгт татагдалгүйгээр хэргээ иргэний журмаар шийдүүлэх эрхтэй байжээ. Ийм хуулийн заалтыг эзлэгдсэн оронд гэмт хэрэг өдүүлсэн цэргүүдийнхээ эрхзүйн байдлыг дээрдүүлэх гэж БХЯ-ны лоббигаар оруулсан байв.  Цэргийн гэмт хэрэгтэн болсоноос иргэний хэргийн хариуцагчаар татагдах нь хуульзүйн хувьд ашигтай, хөнгөн ч шийтгэл хүлээдэг. 1946 оны намар Дюрант цэргээс сайн дураараа халагдаж Германаас явжээ. Нутагтаа ирээд 1500 доллароор ганган “Шевролет” худалдан авч тансаг амьдралаа эхлүүлсэн. Удалгүй араас нь Кэтлин ирж тэд муж хэсэн давхиж өндөр үнэтэй буудалд бууж нэртэй зоогийн газраар үйлчлүүлж казино тоглож гарчээ. Гэхдээ Германд тэдний тонуулын хэрэгт нь эрүү үүсгэсэн агаад мөрдөгчид тансаг хоёрыг хяналтандаа авчээ. Хэзээ мөдгүй хэрэгт татагдахаа гадарласан Дюрант гэрлэх санлаа Кэтлинд тавьжээ. Тухайн үеийн Америкийн одоогийн Монголын хуулиар хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Нас ахиж яваа эмэгтэйн хувьд Кэтлин энэхүү хууль зүйн талаасаа ч ашигтай  санлыг зөвшөөрч тэд гэрлэжээ. Гэрлэсний дараа зарим үнэт эдлэлээ зарах гэсэн ч буруу гарын эд болохыг нь ухаарсан үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн жүүд тэднийг цагдаад барьж өгчээ.  Шинэхэн гэрлэсэн эр эм хоёрыг тэр дор нь тонуулын хэргийг нь мөрдөж байсан ажлын хэсгийн хүсэлтээр Герман луу явуулсан. Тэнд хурандаа Уотсон ч хүлээж байлаа. Энэ үед Европ даяар хаад ноёдын хүрээнд хамаатан садан ихтэй Хессенийн удмынхан шуугианыг сайн дэгдээж чадсан байлаа. Английн Хатан хааны гэр бүл ч Герман дахь хамаатнуудаа өмгөөлж эхлэв. Энэ нөлөө л хэргийн явцыг шуурхайлсан гэхэд болно. Өдгөө алдарт гурвал том хэмжээний цэргийн гэмт хэрэгтэн, Америкийн армийн нэр хүндийг гутаагч гэгдэх болов. Гэхдээ шийтгэл нь харьцангуй хөнгөн тусжээ. Шүүх хурал 1947 онд болж хошууч Уотсоныг гурван жил, ахмад Кэтлинийг таван жилээр хорих ял оноосон. Хурандаа Дюрантыг хулгайг зохион байгуулагч гэж үзэн 15 жилээр суулгасан. Шүүх хурлын үед Кэтлин хэрэг бишдсэнийг мэдээд “Хэрвээ намайг буруутай гэж үзэж байгаа Европд байгаа бүх америк цэрэг, офицерийн гар бохирдсон шүү” гэж уурлаад ч бүтээгүй. Гурвал ялаа Америкд эдэлсэн. Гэхдээ Европ өгсөн сүртэй ял нь ердөө жүжиг байлаа. Хамгийн бага ялтай хошууч Уотсон ерөө дөрөвхөн сар суугаад гарчээ. Кэтлинг бас суллах гэсэн боловч шоронд олон удаа сахилгын зөрчил гаргаад удсан. Гол ялтан Дюрант 1953 онд суллагдсан. Тэднийг Германы язгууртны удмаас тухайн үеийн ханшаар нийт 1,5 сая долларын алт, үнэт эдлэл хулгайлсан гэж үзсэн. Гэхдээ энэ дүн ердөө өчүүхэн хэсэг нь л байсан. Хессенийн удмынхны гаргасан тооцоогоор бараг таван сая долларын үнэт эдлэл алдагджээ. Америкчууд 100 мянган долларын үнэ хүрэхгүйтэй үнэт эдлэлийг нь буцааж өгсөн. Нэлээд их алт мөнгийг хурандаа Дюрант төрсөн нутаг Виржинигийн ойд булсан гэж үздэг. 2009 онд Холливууд энэ түүхээр “Хессенийн хэрэг” гэдэг кино хийсэн.

 

хурандаа Жэк Дюрант, ахмад Кэтлин Нэш
хошууч Дэвид Уотсон

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ