alim.mn | 2025.04.19
СС-ын штурмбанфюрер жүүд бизнесмэн хоёрын 15 мянган “амьд бараа”-ны наймааны түүх ...

1942 оноос СС-ын 35 настай штурмбанфюрер Курт Андреас Эрнст Бехер Ваффен СС-ын хэрэгцээнд морь нийлүүлэх ажлыг хариуцаж иржээ. 1944 онд гарсаар шатахууны хомсдол хурцаар мэдрэгдэж ирсэн тээвэрлэлтэнд морины хэрэгцээ улам бүр нэмэгдсэн. 3-р сард штурмбанфюрер 20 мянган морь олох үүрэгтэйгээр Унгарт иржээ Ирсэн даруйд нь араас СС-ын рейхсфюрер Хенрих Химлерийн нууц даалгавар тусгай шуудангаар илгээгдсэн.  Энэ онд Герман нь шатахуун, морь, төмрийн хүдэр, вольфрамаас эхлээд үй түмэн зүйлийн гачаалд орсоны бас нэг нь гадаад валют байлаа. Швейцариар дамжуулан төвийг сахисан орнуудтай түүхий эдийн худалдаа хийхэд валют маш хэрэгтэй болсон. Ингээд хорих лагериудад хоригдож байгаа жүүдүүдийг гадагшаа зарж доллар олж ирэх үүргийг штурмбанфюрерт өгчээ. Энэ хэрэгт зуучлан гүйцэтгэх хүнийг олсон байсан нь Унгарын харьяат, жүүд бизнэсмэн Рудольф Кастнер байв. Тэрээр хөрөнгө чинээгээ ашиглан улсынхаа улстөрчид, төрийн түшмэдүүдтэй нягт холбоотой байсан тул тэд германчуудаас хамгаалдаг байв. Штурмбанфюрер түүнтэй холбогдож дээрээс ирсэн зааврын дагуу нэг жүүдийг 1000 ам.доллороор үнэлсэнээр энэ наймаа эхэлжээ.  Харин жүүд бизнесмэн үндэс угсаа нэгтнүүдээ худалдаж авах наймааг эртнээс хийж байгаагаа хэлж штурмбанфюрерийг цочирдуулжээ. Бүр жүүдүүдийн эрлэг болсон СС-ын оберштурмбанфюрер Адольф Айхман бизнесийн түнш нь гэнэ. Гэсэн ч наймаа таараагүй. Жүүд бизнэсмэн 10 мянган машин хүнсээр тодорхой тооны “бараа” авах санал тавьсаныг хатуу валют л авах хүсэлтэй Айхман хүлээж аваагүй. Харин мянган долларт нэг биш хоёр бараа авах гэсэн жүүд бизнесмэн эхлээд цааргалсаныг эс тооцвол штурмбанфюрер наймааг тохирч чаджээ. 1944 оны 6-р сарын 30-нд эхний ээлж болох 1670 жүүдийг таваарын вагонд чихэн Швейцарийн хилээр оруулжээ. Курт Бехер өөрөө хилээр гаргасан агаад жүүд бизнэсмэнээс 225 мянган доллар дансаар авсан. Химлер энэ наймааны илтгэлийг хүлээж аваад штурмбанфюрерийг магтав. Наймаа амжилттай явагдахын хэрээр  Курт Бехерийн нэр хүнд өсөж удирдлагадаа үнэлэгдсээр 1945 оны 2-р сард хорих газруудын ерөнхий байцаагчийн албанд томилогджээ. Одоо тэрээр хүссэн хэмжээний “бараагаа” татах цуглуулах бүрэн эрхтэй болсон. Үүний хамт Рудольф Кастнер ч дархан эрхтэй жүүд болжээ. Тэрээр 3-р Рейхийн нутгаар чөлөөтэй зорчиж бүр хүндэтгүүлж байлаа. Энэ үед нэгж “барааны” үнэ 2000 долларт хүргээд байлаа. Жүүд хүний хувьд Кастнер аль олох олон угсаа нэгтнээ аврахын тулд үнийг буулгах гэдэг бол штурмбанфюрер их доллар олохын тулд өсгөх гэдэг. Заримдаа “авбал ав, эсвэл тэднийг чинь Освенцим руу явууллаа” хэмээн шүүд сүрдүүлж булан шахдаг. Жүүд бизнесмэн арга буюу хэлсэн үнээр нь авсаар байсан. Тэрээр нийтдээ 15 мянган жүүд хоригдлыг худалдан авч гарцаагүй үхлээс аварсан гэдэг. Нацист Германы ялагдлын дараа штурмбанфюрер баригдаж дайны гэмт хэрэгтэн гэгдэн Нюренбергийн шүүхэд очсон. Энэ үед бизнесийн түнш Кастнер аминд нь орж “СС-ын алуурчдаас огт өөр хүн, хоригдлуудад энэрэнгүй ханддаг, олон жүүдийн амийг аварсан” хэмээн гэрчийн мэдүүлэг өгч бараг л баатар гэх нь холгүйгээр хамгаалжээ. Үүний ачаар Бехер ялнаас бүрмөсөн чөлөөлөгдөж хэрэг нь цайрч суллагдсан. Кастнер ч гурван жилийн дараа Европоос явж шинэ эх орон болох Израйльдаа бас л баатарын дүрээр очсон. Улстөрд орж “Мапай” намаас парламентэд нэр дэвшин сонгогдсон. Олон хамаатан саднаа татан авчирч төрийн чухал албанд томилуулжээ. Гэтэл 1953 онд жүүд сэтгүүлч Малхиэль Грюнвальд түүнийг нацистуудтай хамтарч ажиллаж байсан хэмээн цуврал нийтлэл бичин бөөн шуугиан дэгдээжээ. Энэ нийтлэлийн дараа үндэсний баатар эсрэгээрээ урвагчаараа дуудуулж эхэлсэн. Нийтлэлд үндэс угсаа нэгтнүүдээ зарж наймаалцан халаасаа түнтийлгэсэн, хоригдол жүүдүүдийн алтан шүдийг германчуудтай зэрэгцэн суга татаж авсан, ар гэрийхнийг нь айлган алт мөнгөн эдлэлийг нь хяхан боогдуулж гаргуулж завшсан, жүүдүүдийг зэвсэгт тэмцэл хийхгүй байхыг ятгаж ухуулсан, үгэнд нь орохгүй бол СС-ынхны гарт өгч Освенцим явуулна хэмээн сүрдүүлдэг, германчууд Унгарын жүүдүүдийг хомроглон устгах гэж байгааг мэдсэн атлаа нуусан гэх зэргээр бут ниргэжээ. Үүний хамт төрийн байгууллагад үүрлэсэн ургийн модыг нь дэлгэсэн. Урвагчаараа дуудуулсан Кастнер сэтгүүлчийг тэр дор нь шүүхэд өгчээ. Гэтэл сэтгүүлч шүүх хуралдааны явцад түүнийг Бехерээс гадна СС-ын обергруппенфюрер Ханс Ютнер, гауптштурмбанфюрер Дитер Висцилин нартай “наймаа” үсэргэж ашиг олж байсныг нь дэлгэн бүр хүнд байдалд оруулав. Шүүгч Кастнерийг  Сатан буюу чөтгөрд үйлчилэн цөөн хүнийг аварсан нэрээр олон хүнийг үхэл руу тууж улмаар СС-ын хүний махан хүнстэнгүүдийг мөнгөжүүлсэн нүгэлтэй гээд  сэтгүүлчийг талд шийдвэр гаргасан. Ингээд Израйлийн бүх сонин Кастнерийг балбаж гарав. Эцэст нь 1957 оны 3-р сарын 3-нд хэт зүүний үзэлтэй 24 настай Зеев Экштэйн гэдэг залуу аминд нь халджээ. Түүний эцэг эх Освенцимд шатаагдаж үхсэн тул өшөөг нь авах гэж Кастнерийг гэрийх нь үүдэнд гурвантаа тулган бууджээ. Үхлийн шарх авсан улстөрч 12 өдрийн дараа нөгөө ертөнцөд одсон. Түүний үхлээс нэг жилийн дараа “Мапйа” намынхны лоббигоор парламентэд тусгай хороо байгуулж Кастнерийн СС-тэй хамтарсан гэх хэргийг шалгажээ. Шалгалтаар сэтгүүлч Грюнвальдын эрэн сурвалжлага, нийтлэлийг үндэслэлгүй хэмээн зарлав. Гэсэн ч 1960 онд Аргентинээс баригдаж ирсэн Адольф Айхман “Кастнер 15 мянган жүүдийг авраагүй. Энэ тоо хэтрүүлэгтэй. Тэрээр өөрийгөө дөвийлгөх гэж л тэгж хэлсэн. Үнэндээ бидэнтэй наймаа хийхдээ аврах биш ашиг олох л гэж зүтгэдэг байсан” хэмээн мэдүүлж ахин шуугиан дэгдээжээ.  Наймааг тасралтгүй явуулахын тулд жүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох элдэв ажиллагаа явуулж, зэвсэгт тэмцэл гаргуулахгүй хэмээн СС-д олонтоо амлалт өгч байсан гэнэ. Мөн германчуудын ашиг сонирхолд нийцүүлэн хорих лагериудад дэг журам "сахиулах" тал дээр өөрийн шугмаар идэвхитэй ажиллаж байжээ. Эйхманы мэдүүлгээс “авах” ганц зүйл байсан нь Кастнер залуу, боловсролтой мэдлэгтэй жүүдүүдээ сонгон авч  харин хөгшчүүдийг  золиосонд гаргадаг гэжээ.  Гэхдээ энэ наймаа хоёр талд маш ашигтай байсныг дайны дараахь Курт Бехерийн бизнесийн амжилт харуулсан. 1960 он гэхэд л тэрээр маш олон компанийг үүсгэн байгуулж дангаараа болон голлох хувь эзэмшигч нь болсон байлаа. Арван жилийн дараа түүний хөрөнгө 30 сая ам. долларт хүрч тухайн үеийн Баруун Германы хамгийн баян 50 хүний жагсаалтанд бичигдэж байсан удаатай. Тэрээр хөрөнгөө улам ихэсгэсээр 1995 онд 85 насандаа нас барсан. Тэр үед хөрөнгө нь аль хэдийн 450 сая долларт хүрсэн байв. Харин Кастнерийн талаар одоо ч Израйльд эсрэг тэсрэг байр суурь зөрчилдсөөр байна. Зарим нь аврагч буянтан гэдэг бол нөгөө хэсэг нь урвагч, нацистын “бууны нохой” хэмээн буруутгасаар байна.

Рудольф Кастнер
оберштурмбанфюрер Адольф Айхман

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ