alim.mn | 2024.12.23
Их зохиолч Эрнэст Хэмингуэйн ээдрээт амьдралын сониноос ...

Алдарт зохиолч Эрнэст  Хэмингуэй амьдралдаа маш олон удаа хүндээр өвдөж өвчилсөн. Тусаагүй өвчин, өвчлөөгүй эрхтэн бараг үгүй гэдэг. Хумхаа, хижиг, цусан суулга тусаж, хэдэнтээ шарлаж, чихрийн шижингээр өвдөж арьсны хорт хавдраар шаналж, сэтгэцийн эмгэгд баригдсан. Үүн дээр осолд орж элэг бөөр нь бяцарч, нуруугаа хугалж тархиний хүнд гэмтэл авсаныг нь нэмэх хэрэгтэй. 1954 онд Африкаар дөрөвдэх эхнэрийн хамт аялахдаа хоёр ч удаа онгоцны осолд орсон.  Шинэ эхнэрдээ зул баярын бэлэг барьж халуун орны байгаль үзүүлэхээр тухайн үед Бельгийн колони байсан Конгод ирж аялалын жижиг нисэх онгоц түрээслэн хөөрсөн. Мерчисоны хүрхрээд хүрэх үед онгоц хуучны өндөр хүчдэлийн шугам мөргөж унахад зохиолч тархиндаа хүнд гэмтэл авч эхнэр нь хоёр хавиргаа хугалсан. Маргааш нь Конгын нийслэлд эмнэлэгт хүргэхээр өөр онгоцонд  суулгатал хөөрөхдөө дэлбэрсэн. Эхнэр нь гайгүй бэртсэн ч Хэмингуэй маш хүнд түлэгдэж ахин тархиндаа ноцтой гэмтэл авсан. Бүр түүнийг үхсэн гэх мэдээ Америкт хүрчээ. Энэхүү дараалан авсан тархины хүнд гэмтэл хожим нь сэтгэцийн эмгэгд баригдахад нь гол нөлөөлсөн гэдэг.   Эрнэст  Хэмингуэй амьдралдаа гурвахан зүйлд буюу ном бичих, архи дарс, загасчилахад шунан дурладаг байв. Мөн ихээхэн хүүхэмсэг нэгэн байсан. Албан ёсоор гэрлэсэн болон одоогийнхоор хамтран амьдрах маягаар олон эмэгтэйтэй байсан. Номоо ч тэдэндээ зориулан бичдэг. “Наран мандсан нь” романаа анхны эхнэр Элизабет Хэдли Ричардсонд зориулсан. “Үдээс хойшхи үхэл” номоо хоёрдахь эхнэр Паулине Пфайферд зориулж байв. Хамгийн сүүлчийн буюу дөрөвдэх эхнэр Мэри Уэлшдээ “Голын цаадахь моддын сүүдэрт” романаа зориулсан. Уухын тухайд Флоридагийн “Sloppy Joe” баарны усан оргилуурын хоёр метр өндөр нүцгэн бүсгүйн баримлыг согтуудаа булаан авч  Ки-Уэст  арал дэх эдлэндээ байшингийхаа өмнө байрлуулсан нь бөөн хэл ам дэгдээж байлаа. Их зохиолч энэ тухайгаа уг бааранд олон жилийн турш маш их орлого оруулсан тул ганц баримлаар зогсохгүй их зүйлийг нь шууд авах эрхтэй гэж тайлбарласан гэдэг. Баар ч баримлаа нэхэж шүүх цагдаа бололгүй хаяснаас үзэхэд үнэний ортой. Ихэнхи зохиолоо унтлагын өрөөнд бичдэг байжээ. Онгод нь орсон үед нэг байрлалаар биеэ ч хөдөлгөхгүйгээр бүтэн найман харандааг дуустал бичдэг. Хамгийн дуртай согтууруулах ундаа нь мартин шарз, дараа шампанск байсан. Залуудаа боксоор хичээллэж байсан тул согтвол  зодолдохоос буцаж явсангүй. Түүний архины найз болох зохиолч Жэймс Жойсоос болж олонтоо зодолдож цагдаад хүргэгдэж байжээ. Архины найз нь жижигхэн биетэй ч уухаараа маш агсан тавьтиргүй тул хэрүүл зодоон өдөөд “Эрнст эд намайг дээрэлхээд байна” гэж хашгирдаг. Хэмингуэй ч найзаа өмөөрөн зодолддог байжээ. Энэ мэт явдлаас болж Жэймс Жойс олон эхнэрүүдийх нь ганц дайсан гэхэд болно. Нөхрийг нь зодоонд уруу татахаас гадна олон жилийн турш хамт уухдаа нэг ч удаа мөнгө төлж үзээгүй, Хэмингуэй дандаа даадаг байжээ. Эхнэрүүд нь архины найзыг нь  үздэггүй бол их зохиолч түүнтэй л хамт уух гэдэг байсан. Дашрамд дурдахад Жэймс тун овжин зохиолч байсан. Ном нь зарагдахгүй үед сонины танилцах зард “Залуухан царайлаг саятан зохиолч Жэймс Жойсын шинэ романы гол баатар эмэгтэйтэй төстэй бүсгүйтэй танилцахыг хүсэж байна” гэсэн зар оруулж борлуулалтаа өсгөдөг байсан. Эрнэст  Хэмингуэй амьтанд дуртай эдлэндээ нохой муур тэжээдэг байв. Амиа хорлосных нь дараа нийт 52 муур, 16 нохой, 200 гаруй тагтаа, гурван үнээ тоологдсон. Өдгөө эдлэнд нь нээгдсэн гэр-музейд 30 гаруй муурыг “Хэмингуэйн муур” хэмээн тэжээсээр байна. Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд сэтгэцийн эмгэгд автагдаж Америкийн Холбооны мөрдөх товчоо, Зөвлөлтийн КГБ өөрийг нь мөрдөж хянаж байна гэж дэмийрэх болсон. Энэ л амиа хорлох үндсэн шалтгаан болсон гэдэг. Эрнэст  Хэмингуэй Италийн “Vincenzo Bernardelli” гэдэг хоёр голтой шувууны буугаар өөрийгөө буудаж амиа хорлосон. Итали үйлдвэрлэгч тэр дор нь уг бууны нэрийг “Hemingway” гэж өөрчилөн нэрлэсэн нь одоо ч сайн зарагддаг байна.

4-дэх эхнэр Мэригийн хамт Африкт
анхны эхнэр Элизабет Хэдли Ричардсон
2-дахь эхнэр Паулине Пфайфер
3-дахь эхнэр Марта Геллхорн
4-дэх эхнэр Мэри Уэлш
Найз зохиолч Жэмс Жойс
Хэмингуэй бааранд
Загасчилж буй нь
Мууртайгаа
“Vincenzo Bernardelli” буутайгаа

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.180.152
King
Төстэй мэдээ