1983 оны 12-р сард КГБ-ын хурандаа Владимир Петровд дээд хэмжээ оноон гүйцэтгэсэн. Зөвлөлтийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологийн гадаад тагнуулын алба “Т” –д чухал албан тушаал хашиж ирсэн тэрээр маш чухал мэдээлэл, сүлжээг Францын талд задалсан. Түүний урвалт КГБ-ын үйлдвэрлэлийн тагнуулын ажиллагааг үндсэнд нь сүйрүүлсэн агаад ЗХУ задрах хүртэл сэргээж чадаагүй гэдэг.
Франц “найз”
Владимир Петров 1932 онд жирийн ажилчны гэр бүлд төржээ. Дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд техникт сонирхолтой тул Бауманкын электроникийн ИС-д элссэн. Төгсөөд үйлдвэрт инженерээр ажиллах болжээ. Тухайн үедээ тэрээр Зөвлөлтийн үзэл суртлын бүхий л шалгуурт тэнцсэн нэгэн байлаа. Жирийн ажилчны гэр бүлээс гаралтай, намын гишүүн, тэргүүний ажилтан, чадварлаг инженер, үлгэр жишээч гэр бүл, сайн тамирчин гэгдэж байлаа. Энэ чанараараа шинээр үйлдвэрлэлийн гадаад тагнуулын алба байгуулж байсан КГБ-гийн шалгуурт нийцжээ. Ветровыг хэдэнтээ шалгаад дараа нь Тагнуулын дээд сургуульдаа элсүүлсэн. Бүх хичээлийг онц дүүргэж хажуугаар нь англи, франц хэлийг төгс сурчээ. Ингээд 1965 онд анхны томилолтоо авч Париж руу нисжээ. Францад таван жил Зөвлөлтийн худалдааны төлөөлөгчийн газарт ажиллаж үндсэн үүрэг нь Францын голлох компани, үйлдвэрүүдийн инженер-техникийн ажилтнуудтай холбоо тогтоох, тэднээр дамжуулан шинэ техник-технологийн мэдээлэл олж авах, хулгайлах байсан. Цөөнгүй франц найзтай болсоноос Жак Ирево гэгчтэй дотно болжээ. Гэтэл тэр нь Францын сөрөг тагнуулын алба DST–ын ажилтан байж таарсан. Түүний үүрэг нь Петровыг хянах байжээ. Тэр хоёр сайн найз болов. Нэг удаа албаны машиныг унаж яваад осолд орсон Петровыг аварч машиныг нь засуулж өгсөн байдаг. Энэ мэт явдлаар дамжуулан урвуулж авч болох байсан ч францууд ашиглаагүй. 1970 онд Петровыг эргүүлэн дуудсан. Дараагийн томилолт нь Канад болжээ. Гэхдээ Парист татагддаг тул хүйтэн орон таалагдаагүй. Ажлаа хийх дургүй байсан тул хийцгүйрч ажил дээрээ архиидан согтуурсан хэргээр хэдхэн сарын дараа эргэн татагджээ.
Том дарга
Канадын архидалтын хэрэг албан тушаалд нь нөлөөлсөнгүй. Ирсэн дороо л КГБ-ын 1-р газрын харьяаны “Т” албаны чухал хэлтсийн даргаар томилогджээ. Энэ хэлтэс шинжлэх ухаан-үйлдвэрлэл, техник-технологийн гадаад тагнуулын ирүүлсэн мэдээллийг боловсруулан нэгтгэх үүрэгтэй. Тухайн үед “Т” алба нь цэрэг-улстөрийн гадаад тагнуулын албанаас дутахгүй чухал гэгдэж байлаа. ЗХУ нь шинжлэх ухаан үйлдвэрлэлийн олон салбарт Америк болон баруунаас хөгжлөөрөө илт хоцорч техник технологийн мэдээллийг хулгайлахаас өөр аргагүй болоод байсан. Ингээд КГБ нь Америк, баруун Европ болон Ази даяар үйлдвэрлэлийн тагнуулын өргөн сүлжээ байгуулсан. Ирсэн бүх мэдээллийг Ветровын удирддаг хэлтэс нэгтгэн боловсруулж 1-р газраар дамжин КГБ-ын дарга Андроповд хүргүүлж, тэндээс ЗХУКН-ын Төв хорооны 1-р НБД Л.Брежневийн ширээнд очдог байжээ. Ийм учраас Ветров нь Зөвлөлтийн үйлдвэрлэлийн гадаад тагнуулын сүлжээг бараг л цээжээрээ мэддэг болсон.
Нууц нэр “Хагацал”
1981 онд Ветров Францын талд ажиллахаар нэгэнт шулууджээ. Эх нутагтаа амьдарсан олон жил нь ийм сонголт хийхэд хүргэв. Үл биелэгдэшгүй гэдэг улам бүр мэдрэгдэх болсон коммунист үзэл сутал, сүйрэх нь тодорхой болж буй социалист эдийн засаг, зөвлөлт засаглалд үүрлэсэн хээл хахууль, авлигал, Коммунист намын дарга гишүүдийн элит ангийн дураараа авирлал, жирийн иргэдийн ядуурал, лангууны хоосрол, урт дараалал зэрэг нь Ветровыг “өөр” арга зам хайхад хүргэжээ. Ингээд Францын тагнуулын албыг сонгожээ. Өөрөө энэ улсад дуртай, мөн тэнд сайн найз нар нь байгаа зэргийг бодолцсон. Хамгийн гол нь КГБ Америкийн ТЕГ-д хамаг анхаарлаа хандуулдаг тул Францын талд ажиллавал баригдахгүй байх магадлал өндөр гэж тооцоолсон байв. 1971 онд Москвагаас буцаж байгаа франц иргэнээр хуучин танил Иреводоо нууц захиа дайжээ. Захидалдаа ЗХУ-д сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд зарим нэг зүйлийг сайн санааны үүднээс хуваалцахыг хүссэн. Энэ захидал тэр дороо Францын тагнуулын албаны удирдлагад хүрсэн. Гэхдээ тэд эхлээд КГБ-ын өгөөш хэмээн сэжиглэж түдгэлзжээ. Тусгай зааврын дагуу Москва дахь суурин тагнуул нь Ветровтой хэдэндээ уулзаж шалгасан байна. Олонтоо шалгаж туршсаны дараа түүнийг “цэвэр” гэсэн мэдээлэл иржээ. Францууд Ветровыг элсүүлж аваад Farewell буюу “Хагацал” гэдэг англи нууц нэр өгчээ. Баригдсан тохиолдолд Францыг бус Америкийн ТЕГ –ыг сэжиглүүлэх үүднээс ийнхүү нэрлэсэн гэдэг.
Үнэ цэнэтэй туршуул
“Farewell” нэгхэн жилийн дотор л француудыг маш чухал мэдээллээр даржээ. КГБ-ын “Т” албаны гадаадад ажилладаг 200 тагнуулын нууц нэр, хаяг байрлал, оросуудад мэдээлэл өгдөг баруун Европын мянга гаруй том үйлдвэр, компанийн инженер техникийн ажилтны нэрнээс гадна Зөвлөлтийн удирдагч Брежневт явуулдаг “Т” албаны хагас жилийн болон бүтэн жилийн тайланг бүтнээр нь өгчээ. Үүнийхээ төлөө француудаас тагнуулын хэмжүүрээр өчүүхэн төдий мөнгө болох 25-хан мянган рубль авсан. Энэ үед Францын ерөнхийлөгчөөр Франсуа Миттеран сонгогдоод байв. Тэрээр Америкийн ерөнхийлөгч Рональд Рейгантай уулзахдаа өөрийгөө үнэд хүргэх гэж “Farewell”-аас авсан зарим мэдээллээ гайхуулжээ. Америкт ажилладаг Зөвлөлтийн үйлдвэрлэлийн тагнуулын үйл ажиллагааны цар далайцыг хэлж өгөн америкчуудыг бүрэн цочролд оруулсан. Мэл гайхсан Рейган Вашингтонд ирээд Батлан хамгаалахын сайд, ТЕГ-ын дарга нараа дуудан нууц зөвлөгөөн хийж Миттеранаас сонссоноо хэлж зад загнасан. Асар их хөрөнгө зарцуулж байж бүтээсэн техник-технологийн ололтыг нь оросууд бараг гарсан өдөр нь л олж авч байгаа нь тодорхой болжээ. БХЯ-ны сайд Уайнбергер “чөтгөр ав гэж, бид муусайн коммунистуудыг хөгжүүлж өгч байгаа хэрэг үү” хэмээн дуу алджээ. ТЕГ түргэн авав. Оросуудыг хараан зүхэж мөн хажуугаар нь француудад атаархан жөтөөрхсөн. Өөрсдөө 20-30 сая рубль хаяад олоогүй мэдээллийг нь “өмхий” францууд ердөө 25-хан мянган рублиэр олоод авсан тул аргагүй байжээ.
Их хууран мэхлэлт
Францууд КГБ-ын үйлдвэрлэлийн тагнуулын сүлжээний мэдээллээ НАТО-гийн холбоотнуудтайгаа харамгүй хуваалцав. Тэд Зөвлөлтийн тагнуулуудыг албадан гаргаж бас мэдээлэл дамжуулдаг иргэдээ баривчилсан. Харин өөрсдөө их хохирсон америкчууд оросуудыг бас хохироож хариугаа авахаар шийджээ. ТЕГ-ын дарга Кейси Зөвлөлтийн тагнуулууд, тэдэнд элссэн америкчуудыг оролдохыг хоригложээ. Баривчлахын оронд хуурамч мэдээлэл өгч оросуудын толгойг эргүүлэх санал гаргасан нь ерөнхийлөгч Рейганд ихэд таалагдаж “ёстой зөв санаа” гэжээ. Ингээд Зөвлөлтийн тагнуул, тэдний мэдээлэгч нарт хуурамч мэдээлэл өгөх нууц ажиллагаа эхэлж ажилладаггүй микро-схем, гацдаг микро-чип, алдаатай зураг төсөл, техникийн буруу шийдэл, доголдолтой технологи зэргийг өгөөш болгон хаях болжээ. Тэр бүх буруу мэдээлэл Москвад очиж БХЯ-ны харьяа болон нууц шинжлэх ухаан-судалгааны байгууллага хүрээлэн, үйлдвэрлэлд шилжин санхүүжилтанд нь 60 гаруй тэрбум рубль зарцуулагдсанаар Зөвлөлтийн эдийн засагт асар их хохирол учруулж чадсан гэдэг. Ингэснээр Ветров эх орондоо нөхөж баршгүй их хохирол хүргэсэн. 1980 оноос ганхах болсон Зөвлөлтийн эдийн засгийг улам бүр уруудуулсан нэг хүчин зүйл нь үйлдвэрлэлийн гадаад тагнуулын “олж” ирсэн гэх мэдээлэлд тулгуурласан цэргийн болон бусад олон төсөлд маш их хөрөнгийг үр дүнгүй цацсаар ирсэнд байлаа. Энэ нь ЗХУ-ыг задрах хүртэл үргэлжилсэн.
Алдаа
Француудад ажиллах болсоноос хойш баригдах айдас нэмэгдэж Ветров сэтгэлзүйн шаналалд орсон. Ингээд улам уух болов. Түүнээс гадна нууц амраг нь эхнэрээсээ салахыг шаардаж дарамталж эхэлсэн нь нэрмээс болжээ. 1982 оны 2-р сард согтуурсан үедээ ээлжит тулгалтаа хийсэн нууц амрагаа машин дотроо буудаж хөнөөж эхний алдаагаа гаргажээ. Буун дуунаар хүмүүс ирж Ветровыг саатуулан сэргийлэхэд тушаасан. Сүүлд гарсан таамагаар согтуудаа урвасан тухайгаа нууц амрагтаа ам алдаад дараа нь гэрчийг устгах гэж хөнөөсөн гэдэг. Хүн алсан хэрэгтээ КГБ-аас хөөгдөж цолоо хураалгаж 15 жилийн хорих ял авсан. Энэ үед сөрөг тагнуулын алба “харх” илрүүлэх ажиллагааг эхлүүлсэн байв. Ветров тэдний хараанд орсон ч хорих ял авсан тул сэжигтнүүдийн жагсаалтаас хассан. Гэсэн ч ахин байж боломгүй алдаа гарган өөрийгөө илрүүлжээ. Ветров шоронд орохоосоо өмнө баригдсан үед нууц шифрээр харилцахаар эхнэрдээ зааж сургасан байжээ. Одоо шоронд орсон тул эхнэрээс нь өөр итгэх хүн байсангүй. Ингээд франц түншдээ өөрийнхөө тухай мэдээлэл дамжуулахаар нууц шифрээр захидал бичиж эхнэрдээ явуулсан. Нууц шифртэй захиа тэр дороо сэжиглэгдэж КГБ-д хүрч сөрөг тагнуулын алба Ветровыг ахин шалгаж эхэлсэнээр тэр баригдсан. 1983 оны 12-р сард түүнийг эх орноосоо урвасан хэргээр шүүж дээд хэмжээ өгчээ. Шүүхийн шийдвэр гарсанаас ердөө тав хоногийн дараа буудсан.