Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу WADA сэргээшийг тамирчиддаа төрийн бодлогын хэмжээнд хэрэглүүлдэг ОХУ-д хатуу арга хэмжээ авч Олимп, бүх төрлийн ДАШ-д оролцох эрхийг нь дөрвөн жилээр хассан. Тус агентлаг өдгөө сэргээш хэрэглүүлэх бүхэл бүтэн тогтолцоо бий болгосон Хятадын асуудлыг шийдэхээр болжээ. Энэ удаад тус улсын Спортын яамны хэргийг авч үзэх гэнэ. Саяхан герман сэтгүүлч Хайо Зеппельт Хятад дахь сэргээшийн асуудлын тухай баримтат кино бүтээсэн. Энэ кинонд тус улсын олимпийн шигшээ багийн эмчээр ажиллаж байсан, 79 настай Ксю Инсянь яриа өгч сэргээш хэрэглүүлдэг тогтолцоог илчилсэн байна.
-Хэрвээ тухайн тамирчин сэргээш хэрэглэхгүй гэвэл шигшээ багаас шууд хасдаг. Одоо сэргээшийг 11 настнуудад буюу өсвөрийн шигшээ багийнханд хүртэл хэрэглүүлдэг болсон. Хэрвээ энэ тухай ярих л юм бол төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэгдэж шоронд суулгадаг-
Олимпийн шигшээ багийн эмч асан ч хэлмэгджээ. Спортын яамнаас түүнийг амиа хамхиж явахыг шууд сануулан, утсаар олонтоо айлган сүрдүүлжээ. Эмчийн хоёр хүүг ажлаас нь халсан гэнэ. Дарамт шахалтанд орсон эмч удтал нууц байдалд байгаад саяхан Германд гарч одоо улстөрийн орогнол хүсээд байна. Ксю Инсяний батлан хэлсэнээр 1980-1990 оны Хятадын хөлбөмбөг, сагс, гар бөмбөг, хөнгөн атлетик, усан сэлэлтийн олимпийн шигшээ багийнхан сэргээш хэрэглэсэн аж. Өдгөө Хятадад түүнийг төрийн дайсны хэмжээнд зарлажээ. Хэвлэл мэдээлэлд Кью Инсяний тухай нийтлэх, нэвтрүүлэхийг хоригложээ. Хэрвээ мэдээлбэл хамсаатанд тооцож хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ. Мөн герман найруулагч Хайо Зеппельтийн баримтат киног хорьжээ. Харин WADA Хятадын хэргийг нарийн авч үзнэ хэмээн мэдэгдсэн байна.