Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан иргэд “Цагаан сонголт” гэж юу вэ, хууль ёсных мөн үү гэсэн асуулт гарч байгаа учраас байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэллээ. Тэрбээр,
– Барууны орнуудад Цагаан сонголтыг Protest Vote гэдэг юм байна. Эсэргүүцлийн санал гэж орчуулж болох юм. Энэ Цагаан сонголт гэдэг санал бол миний дэмжих гэсэн хүн энэ жагсаалтад байхгүй байна. Тийм учраас сонгох гэж байгаа хүнээ нэмж бичиж болдог юм байна. Сонгох гэсэн чинь дэвшиж байгаа хүмүүс дотор миний сонгоё гэсэн хүн байхгүй бол яах вэ. Америкт бол нэмээд бичдэг юм байна. Монголд бол саналын хуудсан дээр нэмж бичиж болохгүй. Тэгэхээр Цагаан сонголт гэдэг нэр томьёо Монголд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч ирсэн байгаа юм. 2017 онд Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар гэсэн хүмүүс нэр дэвшсэн. Х.Баттулга 38.1%-ийн санал авсан, М.Энхболд 30.3%-ийн санал авсан, С.Ганбаатар 30.2%-ийн санал гэсэн маш ойролцоо саналууд авсан. Хэн нь ч 50%-ийн санал авч чадаагүй. 50%-ийн санал хүрэхгүй байхад нөлөөлсөн зүйл бол хэнийг нь ч дэмжээгүй гэдэг юм гарч ирсэн. Энэ гурван нэр дэвшигч надад таалагдахгүй байгаа учраас би хэнийг нь ч дэмжихгүй гээд ямар ч үзэг хүргэхгүйгээр шууд хар машинд уншуулсан санал. Эхний шатанд 18663 санал гарч ирсэн. Бараг 20-иод мянган санал цагаан хуудсаар гарч ирсэн гэсэн үг. Энэ нь нийт санал дотор эзэлж буй хувь 1.4% байгаа. Ингээд хэн нь ч 50%-ийн санал авч чадаагүй учраас хоёр дахь шатны сонгууль болсон. Энэ дээр С.Ганбаатар хасагдчихсан. Дахин санал хураалт явахад, Х.Баттулга 50.6% буюу 50%-иас жаахан илүү гаргаад санал авсан. М.Энхболд 41.2%-ийн саналтай, ингээд Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хэрвээ энэ дээр Х.Баттулга 50%-ийн санал аваагүй бол энэ сонгууль бүхэлдээ хүчингүй болох байсан. Тэгээд дахин сонгууль болдог. Гэтэл энд 50.6%-ийн санал авчихсан учраас Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хоёр дугаар шатанд хэнийг ч дэмжээгүй “Цагаан сонголт” С.Ганбаатарыг хассантай холбоотой. 99494 цагаан сонголт байсан нь өөрөө 8.2% болж байгаа юм.
Энэ Цагаан сонголттой холбоотой гол заалт бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 68.12 заалт дээр чиний сонгох гэсэн хүн байхгүй бол хэнийг нь ч дугуйлахгүйгээр саналын хуудсаа шууд хар машинд уншуулж болно. Ингэсэн тохиолдолд таныг санал өгсөн гэж үзнэ. Зарим хүмүүс миний сонгоё гэсэн хүн байхгүй юм чинь би сонгуульд очиж яах юм бэ энэ сонгууль чинь жүжиг болж байна гэж байна лээ. Тэгэхээр ирц хүрэхгүй байвал яадаг юм. Ирц хүргэхгүй байх оролдлого хийхийг би бол уриалж хэлмээргүй байна. Энэ удаагийн сонгуульд та заавал оролцож өөрөө очиж саналаа өгөх хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл та өөрөө сонгуульд очиж саналаа өгөхгүй бол таны хувь заяаг өөр бусад хүмүүс шийдчихдэг. Тийм учраас би бол та бүхэнд заавал очиж оролцож саналаа өгөөч ээ гэж хэлэхээр байна. Тэгэхээр ирц хүргэхгүй гэдэг оролдлого чинь булхай луйвар руу л явах байх.. Гурвууланг нь дугуйлвал цагаан сонголт болох уу? Болохгүй. Ерөөсөө үзэг хүргэхгүйгээр л шууд уншуулахыг хэлж байгаа юм шүү. Тэгэхээр заавал оролцох ёстой. Хэрвээ таны сонгоё гэсэн нэр дэвшигч энэ гурван хүн дотор байхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 68.12-ын дагуу та хуудсыг аваад ямар нэгэн үзэг хүргэхгүйгээр хийхэд хуулийн дагуу цагаан сонголтыг хийж байгаа юм. 2021 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч байхгүй учраас Алтанхуяг миний бие энэ цагаан сонголтыг хийхээр шийдсэн байгаа.