alim.mn | 2024.12.22
Үлийн цагаан оготно устгахаар 2019 онд 3 тэрбум, 2020 онд 5 тэрбум төгрөг төсөвт суулгажээ

Үйлийн үртэй үлийн цагаан оготны барьдаг шонхор шувууг арабуудаад үнэ хүргэн зарснаас байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, эцэст нь эргээд шонхор зарснаас илүү мөнгөөр Хятадаас үлийн цагаан оготны хор оруулж ирж байна. Сүүлийн 10 жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгөөр 6.3 сая га талбайд үлийн цагаан оготны устгал хийсэн гэх тооцоо байдаг. Жилээс жилд үлийн цагаан оготныг устгах мөнгө төсөвт тэрбумаар нь суулгадаг ч устгаж дийлсэнгүй. ХХААХҮЯ-ны нэг түшмэл “Энэ 2019 онд үлийн цагаан оготно устгах үйл ажиллагаанд 3 тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх 2020 онд 5 тэрбум төгрөг төсөвт суулгасан" гэж ярилцлага өгчээ. Шуудхан хэлэхэд тэрбум тэрбум төгрөгөөр урдаас хор оруулж ирдэг гэсэн үг. Энэ нь алсдаа байгаль орчин, хүн малд яаж сөргөөр нөлөөлөх тухай хэн ч ярихгүй байна.

Ямар химийн хортой бодис ашиглаж, үлийн цагаан оготныг устгаж байна вэ?. БОАЖ, ХХААХҮ, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2017 оны 2 сарын 9-ний өдрийн А/30, A/20, A/62 тоот тушаалыг тус тус баримтлан амуу тарианы ургамал, хүнсний ногоог хамгаалах, мөн хөнөөлт шавьж, хөнөөлт мэрэгч амьтдыг "устгах" зориулалтаар ашиглах химийн гаралтай хордуулах чадвартай бодис, нэгдлийн жагсаалтыг баталсан ажээ. Харин мэрэгч буюу үлийн цагаан оготно "устгах" 5 нэр төрлийн химийн хорт бодисыг жагсаалтад дурдсан байна. Үүнд, Superwarfarin бүлэгт хамаарах хоёрдугаар үеийн маш хүчтэй, хоруу чанартай бодис хамрагджээ. Бромадиолоны бүлгийн бромт нэгдэл ( химийн томьёо нь: C30H23BrO4) 0.5%-ийг нэг нүхэнд 10 гр тунгаар, 2-3кг/га байхаар дээрх хавсралтад дурджээ. БНХАУ-д саяхан хийсэн судалгаа (Wang et al., 2017) суперварфарин бүлгийн нэгдэл хоруу чанараа хадгалах хугацаа урт, организмд орвол удаан хугацаанд цус бүлэгнүүлэхийн эсрэг үйлчлэх чадвартай, витамин "К" дарангуйлдаг, тосонд уусдаг зэрэг давуу талтай тул "Супер" хэмээн дурдаад, хамгийн аюултай нь Хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг болохыг бодит тохиолдол (41 настай залуу) дээр үндэслэн анхааруулжээ. Тэр залуу тэнцвэр алдаж, авир төрх хэвийн бус болсны зэрэгцээ, нүдний алим нь эргэлдэж, харааны чадвараа алджээ. Бромадиолон бүлгийн хорт бодисыг хязгаарлагдмал, хянаж болохуйц хүнсний агуулах, барилга байгууламжид зөвхөн тухайн мэрэгч амьтны нүх, орогнож буй газарт л далд тавихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан гарын авлагад дурджээ. Гэтэл, Монгол оронд задгай, салхитай хээрт, хамгаалалт, аюулгүй ажиллагааны туршлагагүй нутгийн хүмүүс "устгах" ажилд оролцож, өөрсдөө хордоод, дээр нь нүхэнд биш задгай цацаж, байгаль орчин, ой хээрийг бүхэлд нь хордуулж байна гэж судлаачид анхааруулсаар байна. 

Ч.Хүлэг


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ