alim.mn | 2024.12.23
Г.Буяндорж нарт “залилуулсан” хятадуудын 575 мянган доллар “сахал” Д.Эрдэнэбилэгийн компанид очсон уу ...

“Сэлэнгэ ноёд” компаний захирал Г.Буяндорж, Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн Ч.Ууганбаяр, өвөрмонгол Хурцаа нар нь төмрийн хүдэр авахаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн хятад иргэн Шиан Дун Шэний хоёр сая долароос 1,2 саяыг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан гэх хэрэг 2011 оноос шалгагдаж эхэлсэн. Хохирогч хятад иргэнийг Монголд анх ирэхэд нь Хурцаа нь Буяндоржтой уулзуулжээ. Ингээд Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй төмрийн гэрээ хийхэд зуучлан ажиллах, зуучлалын хөлс өгөхөөр харилцан тохирчээ. Г.Буяндорж нь өвөрмонголтойгоо хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал П.Эрдэнэцогттой уулзаж төмрийн хүдэр худалдан авах гэрээ байгуулахаар урьдчилан ярьжээ. Дараа нь хятад иргэн эхнэрийн хамт очиж нэг тонн хүдрийг 40 доллароор үнэлэн нийтдээ 100 мянган тоннын  дөрвөн сая долларын өртөгтэй том гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах үед зуучлагч нар байлцсан гэнэ. Үүний дараа гэрээний нөхцлийн дагуу төмрийн хүдрийн үнээс хоёр сая долларыг нийлүүлэгчийн дансанд шилжүүлжээ. Энэ үед хятад иргэн болон зуучлагч нарын хооронд маргаан гарсан аж. Хятад иргэн хөлсөнд 500 мянган доллар өгнө гэхэд зуучлагч нэг сая гэжээ. Монгол зуучлагч нь нийлүүлэгчтэй төмрийн хүдрийн гэрээ байгуулсан дараа хөлсөө авна гэхэд хятад иргэн хүдэр ачуулсаны дараа л өгнө гэх мэтээр маргалдсан гэнэ.  Зуучлагч хөлсөө урьдчилж өгөхгүй бол нэг ч тонн хүдэр ачигдахгүй гэсэн тул 60 мянган долларын урьдчилгаа өгсөн гэж хятад иргэн мэдүүлсэн. Энэ зуур нийлүүлэгчийн байдлаас шалтгаалаад гэрээт төмрийн хүдэр ачигдахгүй л байжээ. Хятад иргэн хүлээсээр залхаж нутаг буцахдаа орчуулагч Хурцаад компанийхаа тамгатай хоосон бланк гурвыг үлдээсэн гэнэ. Зуучлагч нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс хүдрээ хэдэнтээ нэхээд эцэст нь мөнгөө буцааж авахаар шийджээ. Хүдрийн эзэн хятад иргэн Шиан Дун Шэн нь хоёр сая доллароос 1,2 саяыг нь авахыг монгол зуучлагчдаа зөвшөөрсөн болж таарчээ. Нийлүүлэгч ч гэрээгээ цуцлахыг зөвшөөрсөн байна. Ингээд өнөөх бланк дээр хүсэлт бичээд төмрийн хүдрийн үнэнд шилжүүлсэн мөнгөнөөсөө 1,2 сая долларыг  “Скай тауэр Энхбуян” компаний дансаар буцааж авсан аж. Энэ компани нь Г.Буяндоржийн мэдлийх гэнэ. Хэрэг явдлыг мэдсэн хятад иргэн Монголд ирэнгүүтээ цагдаад ханджээ. Ийнхүү  найман жил үргэлжлэн шалгагдсан. Шиан Дун Шэн нь  1,2 сая доллар авах зөвшөөрөл өгөөгүй гэдэг ч үүнийгээ нотолж чаддаггүй. Мөрдөн байцаалтын явцад мөнгө авахыг зөвшөөрсөн албан бичгийн хуулбар гарч ирсэн ч хятад иргэн миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна гэжээ.  Энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд Г.Буяндорж нарыг цагаатгасаныг хятадууд эсэргүүцсэн. Одоо алдсан мөнгөнийхөө араас “Жу Шин Лянь Дао-Олон улсын менериал металл” гэдэг том компаний төлөөлөл Монголд ирээд байна. Тэд эхний ээлжинд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн тайланд өглөг байдлаар бичигдсэн 575 мянган доллароо буцаан авахаар өргөдөл, гомдол гаргасан. Гэхдээ  мөнгө байгаа эсэх нь тодорхойгүй. Учир нь 2014 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессийн гэрээгээр “Кью Эс Си” компанид өгсөн. Энэ компани нь Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор ил болсон “сахал” Д.Эрдэнэбилэгийн олон компаний нэг агаад ХХБ-аас зээл авах халхавч ажиллагаанд оролцсон. 2014 оноос “Кью Эс Си”-гийн хувьцааг “Куалитистийл корпорэйшн” 100 хувь  эзэмших болсон. “Монголиан коппер корпорэйшн” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах явцад “Кью Эс Си”-гийн толгой компани болох “Куалитистийл корпорэйшн” нь “ТДБ секьюритис” ХХК-ийн хараат компани байсан.  Хятадууд үйлдвэрийг концессоор авсан “Кью Эс Си”-г өөрсдийх нь 575 мянган доллароор хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэж байгаа гэнэ. Г.Буяндорж нарын тухайд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч хуулийнхан гэмт хэргийн аргаар ашиг олсон гэж үзсээр байна. Аливаа зуучлалын гэрээг үндсэн гэрээний өмнө хийдэг агаад төмрийн хүдрийн 2 сая доллар шилжигдсэний дараа зуучлалын гэрээ хийгдсэн гэдэг нь ойлгомжгүй аж. Түүнээс гадна гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй аж. Одоогийн байдлаар Г.Буяндорж нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоол цуцлагдаад байна.

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ