alim.mn | 2024.12.22
Хот “УБ смарт карт” компаний 24 хувийг эзэмшээд 8,2 тэрбум төгрөгийн өрөнд оржээ

Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг Засгийн газар нэг тэрбум илүү долларын өрөнд орчихсон, ноогдол ашгаа хэзээ авахаа мэдэхгүй сууж байна. Тэгвэл Улаанбаатар хот нь тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем хэрэгжүүлж байгаа  “УБ смарт карт” компаний 24 хувийг эзэмшээд  8,2 тэрбум төгрөгийн өрөнд оржээ. Түүн дээр компани алдагдалтай ажиллаж өр улам өсөх, цахим систем нутагших хугацаа уртсах зэргээр эрсдэл улам бүр нэмэгдэж байна. Засгийн газар 2030 он гараад л Оюутолгойгоос ашиг хүртэнэ хэмээн хэсэг шуугисан. Тэгвэл хот мөн төдийд л “УБ смарт карт”-аас ашиг хүртэж магадгүй болсон. Магадгүй гэдгийн учир нь анхнаасаа төслийг зээлийн тэр тусмаа валютын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн тул амиа аргацаах гэж компаний ТУЗ нь ерөнхий захирал солонгос иргэн Шин Дун Ү-д Хятадын “Шинхан” банкнаас 2015 онд авсан 13 сая долларын зээлийн төлөлтийг 2027 он хүртэл сунгах эрх өгчээ. Тухайн үед  буюу 2014 онд Н.Алтанхуягийн ЗГ “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн автобусны смарт картны төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн ч хэлсэндээ хүрээгүй. Ингээд хотын дарга Э.Бат-Үүл нь “өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх компанитай хамтран ажиллах” шийдвэр гаргажээ. Төсөл сонгон шалгаруулалтанд 16 компани оролцсон агаад шалгуур үзүүлэлтийг хотын орлогч Н.Батаагийн ахалсан ажлын хэсэг тогтоожээ.  “Зэт И Юу Эс”, “Тоб групп”, “Нама оч”, “Дата-Карт сервис” компаниас бзрдсэн “Дата-Карт” консерциум дээрх 56 шаардлагаас 48-ийг хангаж 8-ийг хангаагүй ч ялсан. Шалгаруулалт бас л “шог” явагдсан байдаг.   “Дата-Карт” консорциумд хамаарах компаниудын   ажлын туршлага нь гадна гэрэлтүүлэг, камержуулалт, гишүүнчлэлийн болон урамшууллын, хөнгөлөлтийн, энгийн туузан карт, танилцуулга, тараах материал карт зэргээр хязгаарлагдаж байхад ялагдсан "Тур-Телеком" нь  ажлын туршлагаар илүү буюу төрийн байгууллагын захиалгаар олон улсын стандартад нийцсэн өндөр нууцлал бүхий МУ-ын “Жолоочийн цахим үнэмлэх”, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Оюутны цахим карт”, гадаадын иргэн, харьяалалгүй хүний МУ-д оршин суух цахим үнэмлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байсан.  Мөн “Дата-Карт” консорциумын материалд БНСУ-ын “Амано кореа корпорац”-иас ирүүлсэн “Дата-Карт” консорциумыг төслийн гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулбал манай компанийн зүгээс хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн утга бүхий албан бичиг, дансны үлдэгдэл зэргийн орчуулгыг хавсаргажээ. Гэтэл тус хөрөнгө оруулагч нь “Дата-Карт”-ыг бүрдүүлэгч консорциумын гишүүн биш байсан агаад хөрөнгөө ч оруулаагүй. Гэсэн ч  ялж 2014 оны 11-р сард НЗДТГ-тай гэрээ байгуулж хоттой хамтран “УБ смарт карт” компанийг байгуулсан. Гэрээ ёсоор ухаалаг систем нэвтрүүлэх төслийн нийт санхүүжилт болох 13 сая  долларыг төсөл хэрэгжүүлэгч буюу “Дата-Карт” консорциум 100% хариуцаж, нийслэл хот нийт гаргасан энгийн хувьцааны 24-өөс доошгүй хувийг эзэмшихээр тусгасан.  Мөн төсөл хэрэгжүүлэгч нь нийтийн тээврийн тасалбарын 10 хүртэлх хувийг шимтгэл байдлаар авч, төслийн хэрэгжилтийн гарааны хугацааг 240 хоног /нэмэлт 60 хоног/, нутагших хугацааг 4 жил 8 сар, нийт 5.6 жилийн хугацаанд анх оруулсан санхүүжилттэй тэнцэх мөнгөн хөрөнгийг нөхсөн байхаар заажээ. Шинээр байгуулагдсан “УБ смарт карт” компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар дүрмийг шинэчлэн баталж, “УБ хот” 24%, “Нама оч” ХХК 7.5%, “Дундговь энержи” ХХК 7.5%, “Дата-сервис” ХХК 1.0%, “Зэт и Юу Эс” ХХК 5.0%, “Кореа смарт карт” ХХК 55%-ийг эзэмшихээр тус тус тусгажээ. Компаний ТУЗ-ийг 9 гишүүнтэйгээр баталж хотын төлөөлөл 2 гишүүн ордог. Гэрээ байгуулагдсан 2014 оноос өдгөө хүртэл систэм нутагших 4,8 жил нь өнгөрсөн ч гарааны хөрөнгө оруулалт нөхөгдөөгүй л явна. Гарааны хөрөнгө оруулалт нөхөгдөөгүй тул төслийн менежмэнтийн эрх хөрөнгө оруулагч талд хадгалагдсаар байна. Хот хэдийнээс ашгаа хүртэх мөн хэзээ хувьцаагаа өсгөх нь тодорхойгүй үлджээ. Уг нь эхлэлийн хөрөнгө нөхөгдсөн үед хот хувиа нэмэгдүүлэхээх гэрээнд тусгагдсан аж. Бүхэлдээ “Дата-Карт”-тай байгуулсан гэрээ нь Оюутолгойн гэрээний бичил хувилбар шахуу болжээ. Гарааны хөрөнгө оруулалтыг нөхсөн гэж үзэх үндэслэл нь тодорхойгүй, төсөл хэрэгжүүлэгчийн авдаг 10 хувийн шимтгэлийн тооцооллыг тусгаагүй, зорчигчдын U money карт дэх үлдэгдлийг буцаан олгох зохицуулалтыг оруулаагүй гээд олон зүйл бий. Иргэд картаа цэнэглэсэн ч хаясан байх магадлалтай 261 мянга гаруй картын 380 шахам сая төгрөг компанид эргэлдсээр байгаа гэнэ. Мөн хүүгийн орлогын зарцуулалтыг нарийн тусгаагүйгээс 2015-2018 оны хооронд 860 сая төгрөг төвлөрсөнийг “УБ смарт карт” компани зарцуулжээ. Энэ компани 2015 оноос эхлэн алдагдалтай ажилласан. Үүнд нь төслийн хөрөнгийг валютын зээлээр авсан, ханшны зөрүү зэрэг нь ихээхэн дарамт болдог. Орлого нь үйл ажиллагааны зардал, зээлийн хүүгийн төлбөрт залгиулаад дуусдаг. Дээр нь тендерт ялбал хөрөнгө оруулна гэсэн БНСУ-ын “Амано кореа корпорац” нь одоо болтол таг байгаа аж. Төслийн хугацаа сунгагдах тусам 24 хувийг эзэмшдэг хотын өр нэмэгдэх нь тодорхой болжээ. 2018 оны байдлаар “УБ смарт карт” компани 28 гаруй тэрбум төгрөгийн өртөйгээс хотод ноогдох хувь нь 8,2 тэрбум гэнэ. Үнэндээ 2014 онд сонгон шалгаруулалт явагдахад ухаалаг системийг мэдэх, гадарлах хүн хотын ажлын хэсэгт байгаагүй гэдэг. Түүн шиг өдгөө “Дата-Карт” консорциумтай байгуулсан гэрээгээ дүгнэж сайжруулая гэхэд хийж дөнгөх хүн хотын удирдлагаас лав гарахгүй бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.126.89.171
Сонин сэтгүүлийг энэ цэгтэй хамтруулах юмсан.Сонин авч уншмаар байдаг зарах цэг байгүй юмаа
Төстэй мэдээ