Цэнхэр, ягаан тасалбараараа амжилттай ашиглан хөлжиж бэлжсэн хүмүүсийн магнайд “Номин холдинг” компанийн захирал Г.Баярсайхан багтана. Монголын толгой баячуудын эгнээг тэргүүлж яваа эрхмүүдийн нэг бол “Номин холдинг” компанийн захирал асан, одоо зөвлөхөөр ажиллаж байгаа А.Шагдарсүрэн. УИХ-ын гишүүн асан Шагдарсүрэнг “Улсын их дэлгүүр”-ийг хэрхэн хувьчилж авсан талаар эргэж сөхөж байна.
Те “Улсын их дэлгүүр” нь ЗХУ-ын худалдааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анх 1924 онд "Төв дэлгүүр" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-аас Монгол Улсын нутаг дээгүүр дайран өнгөрөх төмөр замын гурван жилийн төлбөрт зориулан улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, "Улсын их дэлгүүр"-ийг 1961 оны зургадугаар сарын 28-нд ашиглалтад оруулсан байна.
Их хувьчлалын үе буюу 1999 онд Засгийн газрын шийдвэрээр тус дэлгүүрийг хувьцаат компани болгох шийдвэр гаргасан. Ингээд нийт гаргасан хувьцааны 40 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр, үлдсэн 60 хувийг дөрвөн тэнцүү багц болгон нийтэд нээлттэйгээр арилжаалжээ. Тэгвэл одоо Улсын их дэлгүүрийн нийт хувьцааны 70 гаруй хувийг УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн болон түүний үр хүүхэд эзэмшдэг. Үлдсэн 30 орчим хувийг бусад хувьцаа эзэмшигчид өмчилж байгаа гэсэн тайлан мэдээ “Улсын их дэлгүүр”-ийн танилцуулгад бий.
Мэдээж “Улсын их дэлгүүр” бол 100 хувь А.Шагдарсүрэнгийн компани биш. Хувьцааных нь 30 гаруй хувийг 45 мянган жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Эдгээр жижиг хувьцаа эзэмшигчид өнгөрсөн 20 жилд ганцхан зүйлийг л хүсэж, нүдээ хөхөртөл харуулдан горьдон суугаа. Энэ нь хувьцааны ногдол ашиг. Харамсалтай нь, Улсын их дэлгүүр ашиггүй ажилласан гэж жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироож хусам ч өгдөггүй гэж шүүмжлүүлсээр байна. Уг нь “Номин холдоинг”-ийн эзэн гэр бүлийнхэн Улсын их дэлгүүрээс хангалттай их өрөм хураасан, юм олсон гэж хувьцаа эзэмшигчид нь харддаг. Улсын их дэлгүүрийн санхүүгийн тайлан жил бүр алдагдалтай гардаг учраас жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах боломжгүй гэсэн ганцхан тайлбарыг хэлдэг.
“Улсын их дэлгүүр”-ийн барилгыг “Номин”-гийн охин компаниудад түрээсэлсэн нэрээр хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаа гэж хардагддаг. Уг нь их дэлгүүр нийт 20 мянган ам метр түрээсийн талбайтай бөгөөд компанийн орлого түрээслэгчдийн мөнгөнөөс бүрддэг. Хотын төвд, А-гийн А зэрэглэлд байрлалтай 20 мянган метр талбайтай Улсдаа ганц их дэлгүүр ашиггүй ажиллана гэж байх уу. Тэгээд Монголын ууган их дэлгүүр 95 жилийн түүхтэй Улсын их дэлгүүрийг “Номин холдинг”-ийнхон болон Ноён Ш.Баярсайхан ашигтай ажиллуулж чадахгүй байгаа гэдэг үлгэрт итгэх хүн ч байхгүй биз ээ.
“Улсын их дэлгүүр” нь нийт 36 сая 807 мянган хувьцаатай. Үүний 61 хувийг “Номин холдинг” компани эзэмшдэг бол 38 хувийг нь 45.500 иргэн эзэмшдэг. Тодруулбал, дэлгүүрийн 61 хувийн хувьцааг А.Шагдарсүрэн Р.Содном, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр гэсэн гэр бүлийн гишүүд эзэмшиж байна. Тиймээс тэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулахдаа давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид гээд бүх асуудлыг өөрсдийнхөө талд шийддэг.
1999 онд хувьчлагдсан тус дэлгүүр өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурван удаа л ногдол ашиг тараажээ. Ингэхдээ тэд жижиг хувьцаа эзэмшигч нартаа 3- 30 төгрөгийн ногдол ашиг тарааж “доромжилсон” гэлцдэг.
Улсаас алдар нэрийг харамгүй хүртсэн А.Шагдарсүрэн гуай одоогоор “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг. Харин түүний гурван хүү бүгд өөрсдийн компанидаа өндөр албан тушаалыг хашдаг. Түүнчлэн энэ гэр бүл худалдааны салбараар зогсохгүй барилгын бизнест хүч үзэж, тансаг зэрэглэлийн орон сууц барьдаг манай тэргүүлэх бизнесмэн. Гэтэл тэд хэдхэн хувьцаа эзэмшигчийн таван төгрөгт "горойдог" бололтой. Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмүүдийн түүх ийнхүү цааш зурайсаар байх бололтой.