GMobile-ын ичгүүртэй явдал!!!
Дэлхийд ховорхон байдаг Монголдоо гарын таван хуруунд багтаж тоологддог чулуун зэвсгийн үеийн (одоогоос наад зах нь 12000 жилийн өмнөх) хадны зургийн гайхамшигт дурсгал Ишгэн толгойн оройд үүрэн холбооны антенн зоосон байна. Энэ ичгүүртэй үйлдлийг хийсэн газар нь ЖиМобайл компани. Энэ уул толгой Ховд аймгийн Манхан суманд байдаг.
Энэ антеннаа Жи мобайль компани яаралтай авч, эвдэлж сүйтгэсэн дурсгалаа янзалж нөхөн төлбөр төлөх хэрэгтэй!
Энэ байдлын зургийг аваад олон хүн, олон жилийн турш шүүмжилсэн. Тухайн үедээ л хүмүүс шуугиад өнгөрдөг. Дараа нь бахь байдгаараа л үлдсэн байдаг. Мобиком байна уу, ЖиМобайл нь байна уу хамаагүй. Хамгийн гол нь археологийн дурсгал, тэр дундаа ийм хосгүй өвийг хүртэл үл хайхарч, дүр байдлыг нь эвдэж, зургуудын яг төвд нь, дээр нь антенн зоочихоод байхад “Сүртэй ш дээ, сүлжээтэй болгож өгсөн бол болоо юм биш үү” гэсэн хандлага гарч байгаа нь харамсалтай байна.
Ишгэн толгойн зургийг бараг байдаг л юм гэж байгаа хүмүүст хэлэхэд ийм зураг зарим улсад дангаараа үндэсний бахархал болдог тийм л ховор нандин зүйл гэдгийг эрдэмтэд баталж байна. Үүнээс ч ур хийц, тоо чанарын хувьд тааруухан, даруухан дурсгалуудыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Иймэрхүү зургаас болж Португальд хэдэн жил үргэлжилсэн маргаан болж УЦС байгуулах асуудлыг хүртэл зогсоож байсан түүх байна. Ийм л юмаа бид эзний ёсоор хайрлаж өөд татаж чадахгүй байна. Цаашид Дэлхийн өвд бүртгүүлэх өндөр боломжтой ийм дурсгалаа цэвэрлэж авах хэрэгтэй!
Португалийн Коа хөндийн чулуун зэвсгийн үеийн сийлмэл зургийн талаар, ялангуяа УЦС-тай холбоотой асуудлыг дэлгэрүүлж уншаарай.
https://en.wikipedia.org/wiki/Prehistoric_Rock_Art_Sites_in_the_Côa_ValleyАзербайжаны Гобустаны чулуун зэвсгийн үеийн сийлмэл зургийн талаар мөн дэлгэрүүлж уншаарай. Жижигхэн хөөрхөн дурсгал яаж Дэлхийн өвд орсон гээч. Ердөө л зургууд нь эртнийх учир. Яг манай Ишгэн толгойнх шиг.
https://en.wikipedia.org/wiki/Gobustan_National_ParkХөгжил дэвшлийг эсэргүүцсэн зүйлгүй. Гэхдээ соёлын өвдөө халдах шаардлага байхгүй биз дээ? Ишгэн толгойн ар талд 2 өөр операторын антенн нам газарт зүгээр ажиллаад байж л байна лээ. Уг нь зөв менежмент хийвэл Манхан сумын Ишгэн толгой, Хойд Цэнхэрийн агуйн чулуун зэвсгийн үеийн зосон зураг, Тахилтын хотгорын Хүннүгийн язгууртны булш, Алтай ятга зэргээрээ элбэгхэн амьдарчих хосгүй өвтэй нутаг. Өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүйд гарцаагүй ийм болно. Тэр үеийг ойртуулахын тулд энэ антеннийг зайлуулж Ишгэн толгойгоо цэвэрлэх хэрэгтэй. Дээр нь байнга гарч байгаа хүний хөлөөр маш их эвдэрч муудан сүйдэж байгаа эмзэгхэн зургууд шүү гэдгийг давхар сануулчихья!Бас соёлын өв ба том компаниудын зөрчлийн жишээ болгож нэг асуудлыг сөхөж тавихад өнгөрсөн жил Рио Тинто компани Австралийн уугуул иргэдийн шүтдэг агуйг устгасан хэрэг гарсныг сануулъя. Энэ хэргийн улмаас Рио Тинтогийн захирал Жан Себастьян Жак огцорч, эвдэлж сүйтгэснээ нөхөн сэргээх шийдвэр гарсан байдаг.
Энэ талаар дэлгэрүүлж уншихыг хүсвэл:
https://www.bbc.com/news/world-australia-55250137