alim.mn | 2024.12.22
Н.Баярсайхан: БИ 1992 ОНД 10 ДОЛЛАР Ч ҮГҮЙ, ЗУРГИЙН АППАРАТ Ч ҮГҮЙ ОЛИМПОД ЯВЖ БАЙСАН

-2008 онд олимпоос алт, мөнгөн медаль авахад төр засаг нь ч, хувийн хэвшлийнхэн ч хөл алдаж сүйд боллоо. Таны хувьд 1992 оны Барселоны олимпоос хүрэл медаль авахад шилжилтийн, картын барааны хүнд үе таарсан. Яахав МУГТ болсон байх. Ер нь амжилтаа яаж үнэлүүлж чадаагүй юм шиг санагддаг уу?

-1992 оны олимп манай орны хувьд завсрын хүнд хэцүү үе болж таарсан. Ямар сайндаа л олимпийн эрх авах тэмцээнд зардал мөнгө олдохгүй сандарч бөөн юм болж зардлаа олж байсан. Би хармаандаа 10 доллар ч үгүй, гартаа зургийн аппарат ч үгүй явсан. Үнэхээр эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй л явж байсан. Одоо манай улс хөгжиж байна, мөнгөтэй болж байна, спортыг дэмждэг хувийн пүүс компаниуд ч олон болж. Тэд эх орныхоо нэрийг гаргасан залуучуудыг шагнаж урамшуулж, төр засгаас ч дэмжиж хөдөлмөрийг нь үнэлж байгаа нь сайн хэрэг. 

-Таныг ирэхэд яаж угтсан бэ? Буудлагын Мөнхбаяр та хоёр хүрэл медаль авсан шүү дээ? 

-Ямар ч гэсэн Барселонд байхад   Ерөнхийлөгч П.Очирбат манай багш, Мөнхбаяр, Мөнхбаярын багш бид дөрөвт гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч цол олгосон. Сүүлд нэг хүн шинэ Үндсэн хууль батлагдаад МУ болсон, Монгол улсын анхны гавьяат тамирчин, манай багш хамгийн анхны гавьяат дасгалжуулагч болсон гэж хэлсэн. Үүнийг сонсчихоод хий л дотроо өөрөө өөрөөрөө бахархаад явж байдаг юм даа. Ирэхэд онгоцны буудал дээр одоо бурхан болчихсон Шадар сайд Пүрэвдорж гуай угтаж, баяр хүргэж байсан. Тухайн үед улсаас нэг ч төгрөгний шагнал өгөөгүй. Бид ч авъя гэж бодож байгаагүй. Гавьяатыг дагаж ирдэг 3000 төгрөгний ханш унаад 6000 төгрөг болчихсон. Би гавьяатын найраа хийх гэж хүнээс мөнгө зээлж байлаа шүү дээ. Медаль авсан тамирчдад улсаас байр өгч байгаагүй юм билээ. Тухайн байгууллагууд тухайлбал харъяалагддаг “Алдар”, “Хүч” нийгэмлэг нь мөнгө хандив цуглуулж хямдхан байр авч өгдөг байсан юм билээ. Миний хувьд 100 мянган төгрөг өөрөө гаргаад, ЦЕГ 100 мянган төгрөг гаргаад, БТСУХ 100 мянган төгрөг өгөөд байр авч байсан. Шагналын тухайд юу гэмээр юм дээ. Монголчууд моринд дуртай, бүгд морь уралдуулаад түрүүлсэн морио байлдаг. Түүнтэй адил Монголын тамирчид дэлхийд жудогийн татам, боксын ринг, чөлөөтийн дэвжээ, буудлагын талбай дээр гарахад хэн ч Баярсайхан байна гэж ярьдаггүй. Монголын тамирчин гэдэг, тэр утгаар нь аваад үзэхэд төр засаг олимпийн медальт тамирчдаа нэг удаа харж үзэх болсон байхаа. Кинон дээр Чингэс хаан хүмүүст шагнал хүртээгээд л  “Тэр тэр улсыг өглөө” гэдэг дээ. Яг тэрэн шиг Олимпийн медальтнуудаа шагнах болсон гэж би хувьдаа боддог. Манай тамирчид ч тэгж ярьдаг. Одоо манай Олимпийн медальт тамирчны зарим нь 70 нас хүрлээ. Ихэнх нь нас ахилаа, тэд залуу насандаа хамаг хүч хөдөлмөрөө спортод зориулсан, бие нь муу зовиуртай болчихсон, зөндөө л зовлонтой хүн байдаг. 

-Таныг Олимпоос ирэхэд хувийн компаниуд юм өгсөн үү? 

-Өгсөн юм байхгүй. Манай нэг боксын ах бизнес хийдэг, тэр ах олимпоос медаль авбал 500 доллар өгнө гэж амласан. Хүрч ирэхэд өгөөгүй. Өөр юм байхгүй. Одоо бол төр засаг, пүүс компани, нутгийн зөвлөл гээд л тал талаас нь гар сунгадаг. Тамирчид ч бөөн шагнал бодсоор ирдэг байх. Бидний үед тийм юм байгаагүй. Цаг үе нь ч тэгж таарсан. Би харамсдаггүй. Ямар ч гэсэн олимпийн медальтан, олимпийн медальтны тэмдгээ зүүгээд явахад сайхан байдаг. 

-Та 1993 онд оны 9 алдартны нэг болж байсан. Ард иргэд олимпийн медальтнуудаа тэр үед их үнэлдэг л байсныг харуулж байгаа хэрэг байх? 

-Тийм ээ, Мөнхбаяр бид хоёр шалгарч орж байсан.

 -Тэр үед бас “Монголын сайхан бүсгүй” алтан эрдэнийн өргөмжлөлт Чулуун-Эрдэнэ 9 алдартанд багтаж, та 2 танилцаж амьдарсан гэдэг. Монголын мисс бүсгүйтэй амьдарна гэдэг эр хүний хувьд нэр төрийн хэрэг биз? 

-Тэр үед л танилцсан, гэрлэсэн. 

-Та хоёрын хувийн амьдрал олны анхааралд байдаг. Саллаа, нийллээ гээд л… Мисс бүсгүйтэй амьдарч байсан тэр үеийнхээ тухай ярьж болох уу? 

-Хүний амьдрал түүхийн хугацаанд авч үзвэл маш бага, хэдхэн жил, нөгөө нүд ирмэхийн зуур гэдэг гэж хэлдэг шиг. Яг амьдралын хувьд цаг хугацаа тодорхой хэмжээ байдаг. Ер нь хамтдаа муу муухай амьдарч байсан гэж хэлэхгүй ээ. Сайхан амьдарч байсан, одоо ч би сайхан л амьдарч байгаа. Чамтай байх сайхан, чамгүй байх сайхан гэж нэг үг байдаг даа. Хүний сэтгэл сайхан байхад бүх юм болно доо. Ер нь “Үнэн”, “Залуучуудын мэдээ”, “Спортын мэдээ” гээд цөөхөн хэдэн сонинтой байх үед л тийм тэмцээнд орж, ингэж амжилт гаргав гэж бичигддэг байсан. Тэрнээс хойш гэр бүлтэй болоод л саллаа нийллээ, тэглээ ингэлээ гээд сайн муугаар бичигдэж эхэлсэн. Сүүлдээ дөжирсөн. Яг одоо хувийнхаа амьдралыг яримааргүй байна. Яахав амьдрал үргэлжилж байна, сайхан байна. 

-Та мисс Чулуун-Эрдэнээс салаад сэтгэл санаагаар унаагүй гэсэн үг үү?

 -Хариулахад хэцүү л асуулт байна даа. Ер нь ямарваа нэг юманд сэтгэл санаагаар унах үе байдаг ш дээ. Тэрийг чинь тамирчин хүн даван туулах л ёстой. Ер нь тогтсон амьдралаа өөрчилж, үр хүүхдээ өнчрүүлэх хэнд сайхан байх вэ.

 -Чулуун-Эрдэнэтэй ханилсан залуу нь шүүгч хүн. Хөвсгөлөөс тушаал дэвшээд Ховд руу явсан гэсэн. Хүүхдүүд тань хэн дээр байгаа вэ?

 -Манай хүүхэд Хөвсгөлд байх үед нь нэг очсон. Тэр үед манай хүү 6-7 настай жаахан байсан юм. Тэгэхэд тэр шүүгч согтуу ирээд миний хүүг дарамтлаад зодсон байсан. Тэрэнд миний уур их хүрсэн. Тодорхой хэмжээний алба хашиж байгаа хүн болохгүй ш дээ. Жаахан хүүхдэд ямар буруу байхав. Миний хүүг зодоод, номхон зогсоогоод гарыг нь өргүүлээд рекэтэлсэн байна лээ. Манай хүүхэд л надад ирж хэлсэн.

 -Аавынх нь хувьд танд хүнд туссан байлгүй?

 -Тэгэлгүй яахав. Хол байгаа юм чинь би яахав. Ойрхон байсан бол шууд очоод ганц хоёр цохих байсан биз. Уур хүрсэн үед хамаагүй ш дээ. Хүүхэд зоддог хүнд яснаасаа дургүй болохоор тэр үед их бухимдсан. Хэрвээ тааралдсан бол нуугаад яахав, цохиод авах л байсан. 

-Одоо таны хоёр хүү хаана байгаа вэ? Таныг их сайн аав гэх юм билээ.

 -Хоёулаа над дээр байгаа. Би сайн аав. Манай аав их сайн аав байсан, яг аав шигээ сайн аав байхыг хичээдэг. Тийм болохоор сайн аав гээд л надад итгээд хүүхдүүдээ үлдээсэн гэж боддог. Муу аав байсан бол ямар ч хүн хүүхдээ үлдээхгүй.

 -Таныг боксчин болохоороо үүнийгээ ашиглаад мисс эхнэрээ хардаж зоддог байсан гэсэн. Ер нь гар хүрч байсан уу?

 -Би амьдарч байхдаа нэг ч удаа зодож байгаагүй. Яахав над уруу эхэлж дайраад, би хамгаалаад, боксын хэлээр аргагүй хамгаалалт хэтрүүлнэ гэж байдаг ш дээ. Тиймэрхүү юм гарч байснаа үгүйсгэхгүй ээ. Би өөрөө архи ууж хүрч ирчихээд агсам тавиад зодоон цохион хийж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж үзээгүй. Манай удамд ч тийм хүн байхгүй. Нэг удаа Билэгжаргал агсан, “зодно гэдэг нэг хэрэг, зодолдоно гэдэг өөр” гэсэн байна лээ. Тэрэн шиг л юм уу даа.  Эхэлж цохиж авбал нэгээс нь бултана, хоёр бултана, гурав дахийг нь хамгаална, дөрөв дэхэд нь гарыг нь барьдаг ч юм уу тийм маягийн юм болно ш дээ. Зодно гэдэг хүчирхийллийн нэг хэлбэр. Насаараа боксын рингэнд зодолдсон хүн чинь зодолдох ямар ч сонирхолгүй болчихдог. Би цагдаад, гаальд ажиллаж байсан. Ер нь хууль биелүүлэх ажилд ажиллаж байсан болохоор харьцангуй шударга үнэн зөв амьдрахыг хичээдэг.

 -Чулуун-Эрдэнэ салчихсан мөртлөө тан дээр байн байн ирээд мөнгө нэхдэг гэдэг үнэн үү?

 -Тийм юм байхгүй

-Чулуун-Эрдэнийг нөхрөөсөө салаад ирсэн гэж ярих юм? 

-Тэгж л сонссон. 

-Мисс Чулуун-Эрдэнэ танаас 10 гаруй дүү, сайхан бүсгүй болохоор жаахан дураараа байсан уу, Цэрэнпунцаг гарьдыг алгадлаа гэж бөөн юм болж байсан... 

-Одоо энэ яриагаа өндөрлөеө.

 -Мисс Борголжин таны охин. Хөөрхөн охин, гадаадад миссийн тэмцээнд амжилттай оролцдог юм шиг билээ. 

-Тийм, миний охин. Хүмүүс сонирхоод асуугаад байдаг.

 -Таны аав нэртэй өмгөөлөгч байсан Намжил гуай. Та ч өөрөө номын төрхтэй хүн. Таныг боксоор хичээллэхэд дургүйцээгүй юу? 

-Би анх буудлагын секцэнд явсан, теннисээр хичээллэж байлаа. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр ч явсан. Тэгж явж байхад манай ангийн Бямбацогт гэдэг залуу анх “Манай ах Бек  боксчин хүн бий, одоо тэмцээнд орж байгаа СТО-д очиж үзье, дэмжье” гэж хэлсэн. Тэгээд очиж үзээд сайхан санагдаад. Анх ер нь боксчин болъё, зодоонч болчихъё, хүнд дээрэлхүүлэхгүй их зүгээр юм гэж бодож байсан. Тэгээд их спортоор хичээллэхээр аяндаа хүн хүмүүждэг. Нэгэнт зодолдоод сурчихсан хүн чинь заавал гудамжинд зодоон хийх шаардлагагүй, хүсэлгүй болчихдог. Тухайн үед ээж маань хориглож байсан. Аав маань дэмжээд миний оролцох тоглолт болгоныг очиж үздэг, жин хассаны өглөө хоол хийгээд ирдэг, гадаадад явахад муу аав минь хоол хийгээд хамт явах нь холгүй байсан. Тэр үед манайд тэмцээн ч ховор, тэмцээн үнэ цэнэтэй байлаа. Бүтэн жилд улсад медальтай тэмцээн хоёрхон болдог. Нэг нь улсын аварга, нөгөө нь Монголд болдог олон улсын тэмцээн. Тэр хоёроос л медаль авбал азны юм байсан. Одоо бол хүүхдүүд нэг тэмцээн зохиогоод медаль хийгээд өгдөг болсон. Медалийн ханш их унасан даа. Олимпийн медальтнууд шагналынхаа асуудал дээр их эмзэглэж явдаг. Нэгэнт монголчууд шагнуулаад сурчихсан, шагнуулахгүй бол нөгөө хүн нь хүн биш болчихсон үед шагналын асуудалд бодлоготой хандмаар юм. Сайхан дуулж жүжиглэж байгаа ард олноо баясгаж яваа хүмүүст гавьяат цол өгөх нь зөв л дөө. Одоо зарим нэг дуучид жүжигчид  Эрээн, Улаан-Үд, Хиагтад очоод ч юм уу нэг уралдаан тэмцээнд ороод хүрэл медаль аваад ирсэн бол бас нэг өөр асуудал. Гэтэл тийм байдаггүй. Тийм болохоор манай спортынхон эмзэглэж явдаг. Манай спортынхон дэлхийн дэвжээнд гарч өөр тивийнхэн баян улс орны тамирчидтай тулж, дэлхийн бараг л 7 тэрбум хүнээс шалгарсан тамирчидтай Бадар-Ууган өрсөлдөж байна. Тэр бол нэр төрийн хэрэг. Одоо зарим нэг хүмүүсийн тухайд уучлаарай гэж байгаад хэлэх нь зөв байх. Манай спортынхны шагнал зарим нэг дуучныхаас тохой илүү байх ёстой. Үүнийг олон хүн хэлдэг. Би одоо гавьяатын тэмдгээ зүүгээд гудамжаар явдаггүй. Гудамжаар дүүрэн гавьяатууд тааралдаж байгаа юм чинь. Гэхдээ гавьяатаа голж байгаа юм биш шүү. Манайханд нэг өрөөсгөл ойлголт байна. Хүрэл медалийг тоохгүй санаатай. Би чинь өөрөө хүрэл медальтай болохоор өөр байр суурьтай байдаг. Хүрэл медаль аваагүй бол хоосон л хоцорно ш дээ. Хүрэл гэдэг чинь үнэтэй медаль шүү. Тийм болохоор хүрэл медаль авсан тамирчдыг харж хандах хэрэгтэй. Ялгаагүй л хөлс хүч урсгаж байж авдаг юм. 

-Монгол улсад олимпийн медальтан хэд билээ?

 -Монгол улсад олимпоос медаль авсан хүн 19 байдаг.  Тэрний 3 нь нас барсан, 1 нь гадаадын иргэн болсон, 2 нь гадаадад амьдралынхаа төлөө урт удаан хугацаагаар ажиллаж байна. Бусад нь хотод байгаа. Мэдээж тэдний амьдрал тийм сайн биш. Заримынх нь бие муу байна. Залуу зандан насандаа их хөдөлмөрлөсөн, машинаар бол өчнөөн олон км явчихсан болохоор бие, дотоод эрхтэн нь муудна. Тэрийгээ эмчлүүлэх гээд насны эцэст бөөн юм болдог. Үүнийг хүмүүс мэдэхгүй, тамирчид ч нэрэлхүү хүмүүс болохоор зовлонгоо тэр бүр ярьдаггүй. Сая Монгол улсын ерөнхийлөгч олимпийн медальт тамирчдаа өглөөний цайнд урилаа. Бизнесмэнүүдийн дараа 2 дахь цайндаа урьж, халуун дулаан яриа өрнүүлсэн нь спортыг үнэлж спортод нэлээн ач холбогдол өгч байна гэж бид баярлаж байгаа

 -Ерөнхийлөгч “Олимпийн медальтнуудаа олимпийн медальтан шиг амьдруулах хэрэгтэй” гэж байсан. Гадаадад олимпийн медаль авсан хүний амьдралын баталгаа гэдэг. Тухайлбал та хаана амьдардаг вэ? 

-Олимпийн медаль гэдэг дөрвөн жилд 5 тивийн 7 тэрбум шахам хүнээс шалгардаг, хэн хүнд олддоггүй эд. Өнгөрсөн оны олимпийн үеэр төр засгийн удирдлагууд олимпийн медальтнуудаа сайхан амьдруулна харж үзнэ гэж байсан. Бид сонссон хүлээж байна, итгэл найдвар тасраагүй байна. Олимпийн медальтнуудад сар бүр цалин өгдөг болсон. Заримдаа санаа зовдог л юм, гайгүй мөнгө шүү дээ. 

-Олимпийн медальтнуудын холбоо байгуулагдсан гэж сонссон. Ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? 

-Бид 2008 оны 5 сард Олимпийн медальтнуудын холбоогоо байгуулсан. Дэлхий дээр Олимп, дэлхийн медальтнуудын холбоо гэсэн байгууллага байдаг. Бид холбогдсон, зовлон жаргалаа ярьсан. Тэд ямар нэг хэмжээгээр тусална гэсэн. Бидний амьдрал ахуйг хараад гайхаж байгаа юм чинь. Тэд ядуу улсын зовлонг мэдэхгүй ш дээ. 

-Одоо та ямар ажил эрхэлдэг юм бэ? 

-Бие жаахан тааруу, эмчилгээ хийлгэж байгаа. Зүрх судасны өвчин гэсэн, ний нуугүй хэлэхэд хэзээ зүрх зогсчих бол гэж бодоод  шаналгаатай л байна. Ид залуу үедээ хамаг хүч хөдөлмөрөө улс эх орныхоо төлөө гэж зүтгэсэн, одоо өөрийгөө л сайн эмчлэхгүй бол одоо “Баярсайхан хүрээд ир, чамайг эмчлээд өгье” гэх хүн алга. Олимп, дэлхий, тивийн аваргын медальтай хүмүүс байна. Би дотроо эднийгээ их сайнаар боддог. 1921 оны ардын хувьсгалын партизанууд байхгүй болсон, 1939, 1945  онд эх орныхоо төлөө дайтаж явсан баатарлаг эрсээс цөөхөн үлдсэн. Дараа нь эх орныхоо төлөө хөлс, хүчээ гаргаж тэмцэлдэж, Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж явсан улс тамирчид гэж боддог. Тэд дэлхийд боксын ринг, бөхийн дэвжээн дээр  хамраа мурийлгана, нүдээ хавтгана, хөлсөө гаргана, жингээ хасан өрсөлдөнө. Тэнд Бадар-Ууган, Баянмөнх, Баярсайхан гэж ярихгүй, Монгол хүн гэнэ, Монголын далбаа мандана. Бид эцсийн эцэст Монголынхоо төрийн далбааг мандуулах гэж их зүтгэж хөлс хүчээ гаргадаг. Ямар “Эрэл” компанийн логог мандуулсан биш юу гэж Эрдэнэбат дээр очоод нэг сая төгрөг өгчих гэж явахав. Тийм болохоор сая улсаас нэг удаа ахмад дайчдаа харж үзсэн шигээ олимпийн медальтнуудаа харж үзээч гэж хүсч байсан юм. Тэр дагуу сар бүр цалин өгөхөөр болсон байх. Олимпийн медальтнууд “Олимп хотхон” гэсэн төсөл хэрэгжүүлсэн. Нэг хоёрдугаар давхарт нь бокс, жудо, чөлөөт бөхийн заал, хүчний дасгал хийдэг, бялдаржуулах төв, тамирчдын музей байгуулна гэж зорьж байгаа. Дээд давхарт нь орон сууц, дээрээ олимпийн цагираг мандаж байдаг Олимп хотхонтой болъё гэж зорьж, хотын захиргаанд материалаа өгсөн. Хүмүүс их дэмжиж байгаа.

 -Ер нь дэлхийд Монголын боксчид их сайн байна. Энэ юутай холбоотой вэ?

 -Дэлхийн аваргаас 3 медаль авна гэдэг манай түүхэнд байхгүй өндөр амжилт.  Анх удаагаа очоод медаль авчихаж байгаа юм биш. Бүр 40-50 жилийн өмнөөс боксын спорт хөгжөөд олон сайн тамирчин, олон сайн дасгалжуулагч нарын хүчээр улам сайжраад энэ амжилтанд хүрч байгаа. Маш олон хүний хүч хөдөлмөр ордог. 2008 онд төр засгаас мөнгө их гаргасан, энэ нь тамирчдад нөлөөлсөн. Тамирчин амжилт гаргахад, бэлтгэлээ сайн хийхэд 70 хувь нь өөрт байдаг, бусад нь гадны хүчин зүйлээс хамаардаг. Зөвхөн олимп, дэлхийн аварга гэхгүй өөр олон улсын тэмцээн олон зохиогддог. Тэр болгонд орж байж амжилт гаргах үндэс болдог. 

-МҮОХ олимпийн медальтай тамирчдаа хэр харж үздэг вэ? Орон сууц барьж бүх ажилтнуудаа оруулсан гэгддэг. Олимпийн нэрээр их мөнгө олдог гэх юм билээ. 

-Тэгж сонссон л доо. Тамирчдаа харж үздэг гэх нь хаашаа юм, үздэггүй гэх нь хаашаа юм. Би Олимпийн хорооны ерөнхийлөгч Загдсүрэнтэй нэг нутгийнх, Отгонцагаантай хамт олимпод явж байлаа. Ах дүү, найз нөхдийн сайхан харьцаатай. Олимпийн хороо, олимпийн медальтай тамирчныхаа нэр нүүрээр ажилладаг гэж ойлгодог. Тэрийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс өөрөөс нь “Тамирчдаа хэр харж үздэг вэ?” гэж асуусан нь дээр байх. Миний хувьд хариулахад хэцүү байна. Нэг удаа Баянмөнх аварга “Өө тэр ах дүү Петрсон, тэр том том олимпийн аваргууд олимпод очоод жижигхэн саванд виски хийчихсэн шимээд л, авгайгаа дагуулчихсан сайхан налайгаад тэмцээн уралдаан үзэх юм. Бид үхэхээсээ өмнө нэг удаа ч гэсэн тэгж явж үзэх юмсан” гэж байсан. Үүнийг бүх олимпийн медальтнууд, МҮОХ-ны удирдлагууд сонсож байсан.  Манай Олимпийн медальтнуудын холбоо, МҮОХ-тойгоо хамтарч байгаад олимпийн медальт тамирчдаа болж өгвөл гэр бүлтэй нь, болохгүй бол өөрсдийг нь олимп үзүүлчих юмсан гэж байгаа. Олимпийн медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар хүн 2 өрөө байранд үр хүүхдүүд нь томорчихсон 10 хэдүүлээ амьдарч байна. Зарим нь орон байр ч үгүй явж байна. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Хойлогдорж гэдэг агуу хүн Налайхад уурын зууханд ажиллаж байна гэж зурагтаар гарч байсан. Ер нь хэцүү л байна даа. Хүний амьдрал богинохон. Эднийгээ баярлуулах л хэрэгтэй. Бид олимп гэхгүй, дэлхий, тивээс медаль авсан хүмүүсээ үйл ажиллагаандаа хамруулж, Олимп хотхон төсөл хэрэгжих юм бол хөнгөлөлттэй үнээр байр сав олгуулах ажил зохион байгуулна гэж бодож байна. Үүнд төр засаг, салбар яамд, нутгийн зөвлөл, хувь хүмүүс хандив өргөх байх гэж найдаж байна. Дээрээс нь бурхан болсон 3 олимпийн медальтнаа нутагт нь хөшөө хийхээр ярьсан. Ирэх жил Москвагийн олимпоос медаль авсны 30 жилийн ойгоор нээлтээ хийсэн байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. 2009 он


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ