alim.mn | 2024.12.22
Говь Гурван сайхан ууланд 67 саяар буга нутагшуулна

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан ууланд буга нутагшуулах ажлыг гүйцэтгэхээр “Авралын эрэлд” ХХК 67 сая төгрөг авахаар болжээ. Үнэхээр буга нутагшаад, өсөөд үржвэл 60-70 саяар тогтохгүй зуун зуун сая, тэрбумаар мөнгө зарцуулсан ч яах вэ. Гэхдээ буга нутагшуулах ажил энэ анхны биш.

Энэ ажил 2016 оноос Монгол Алтайн нурууны хамгийн урд үзүүр, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байх Гурван сайхан ууланд нас бие гүйцсэн эр, эм хоёр буга байдаг, тэдгээр нь ойролцоогоор найм орчим жил амьдарч байгаа гэсэн нутгийн иргэдийн яриа гардаг байжээ.  Учрыг тодруулбал Гурван сайхан ууланд бие биетэйгээ уулзаагүй, тусдаа нутагшсан эр, эм хоёр буга амьдарч байгааг нутгийн иргэд олж мэдсэн байна. Ийнхүү тухайн нутагт буга согоо нутагшуулах ажил  буюу 2016 онд эхэлж байв. 2016 оны дөрөвдүгээр сард нас бие гүйцсэн 10 бугыг Гурван сайхан ууланд нутагшуулсан. Харин гурван жилийн дараа энэ төслийн үр дүнг харахыг хичээсэн.

Энэ талаар 2019 онд БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Н.Жамъянхүү "Өмнөговь аймагт сэргээн нутагшуулсан халиун бугыг өсгөх, хяналт тавих ажлыг орон нутгийн байгаль хамгаалах газар одоогоор хариуцан ажиллаж байна. Монгол Улсын жагсаалт батлах тухай 2012 оны 07 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар ховор амьтны жагсаалтыг баталсан байдаг. Энэхүү ховор ан амьтны жагсаалтад "Халиун буга" орсон юм.  Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэн ховор, ховор амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, сэлгэн нутагшуулах ажлыг дэмжиж зөвшөөрлийг олгодог. Дээрх бодлогын хүрээнд 2017 онд Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгуудад буга сэргээн болон сэлгэн нутагшуулах зөвшөөрлийг яамнаас олгосон. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Булган сумын Гурван сайхан уулын Баруун салаанд 4 эр, 6 эм нийт 10 толгой халиун буга нутагшуулсан. Одоогоор эдгээр арван буга үржиж, өсөөгүй байна. Сэргээн болон сэлгэн нутагшуулсан халиун бугын сүрэгт орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хяналт тавьж, үржүүлж өсгөх арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн эдгээр нутагшсан амьтдад хараа хяналт тавих тал дээр тусгайлсан нэг байгаль хамгаалагч гарган ажиллуулж байна" хэмээн мэдээлэл өгч байсан. 10 буга тавиад гурван жилийн дараа тоо толгой нь өсөөгүй, нэг ч нэмэгдээгүй бол үр дүн гарсан, өгөөжөө өгсөн гэх хэцүү. Тэгээд ч буга 10 орчим насалдаг болохоор бүр эргэлзээтэй.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ