
Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан:
Монгол анагаах ухаанаас илүү хүмүүсийн хар домын аргаар хэрэглэж байгаа аллага л амьтдад илүү аюул авчирч байгаа. Амьтны халуун цус ууж, эд эрхтэнг түүхийгээр идэх бол ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй дом, сүсэг, ритуал аллага байдаг. Туулайн зүрхийг халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цусыг уух, цөс архинд хадгалж хэрэглэх, тарваганы цөс, хүн мах, чонын хэлнээс авахуулаад муухан шиг эрчүүд төмсгийг нь залгидаг гээд өчнөөн л юм бий. Энэ бүгд аюул дагуулж байдаг. Бор гөрөөс гэхэд л ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлчдэгээс болоод үхрийн шүлхийнээс аваад бруцеллёз мэтийн янз бүрийн өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Ийм амьтны түүхий цусыг ууна гэдэг түүнд тээгдэж яваа өвчнийг шууд авна гэсэн үг. Ер нь цус гэдэг биеийн хамгийн тэжээллэг орчин. Биеийн бүх эд эрхтэн рүү тэжээл зөөж байдаг. Хамгийн тэжээлтэй орчинд нян хамгийн түрүүнд үрждэг. Ой санамж сайжруулах гэж юм уу, тархины хагалгаа, тархины гэмтлийн дараа хүмүүс чонын тархийг хөлдөөж байгаад зайрмаг шиг болгож иддэг гэж ярьдаг.
Чонын тархи бол хордлогын, эмчилгээний, үхлийн тунг нь тогтоосон эм биш. Энэ нь нэгдүгээрт их аюултай. Хэрэв ой санамжаа сайжруулах шаардлагатай гэж байгаа бол тэрний оронд тархины үйл ажиллагааг дэмждэг эмүүдийг ууж болно. Олон эм байгаа. Хэрвээ мартамхай болоод байгаа, ой санамжаа сайжруулъя гэж чонын тархи ууснаар сайжирна гэсэн юм байхгүй. Үнэн хэрэгтээ туулайн зүрх залгидаг, гөрөөсний цус уудаг бол их эртний бөөгийн, ангийн, дайны заншил болохоос эмчилгээ биш. Тэрчлэн хээрийн амьтан эрүүл гэсэн эндүү ойлголт хүмүүсийн дунд байдаг. Амьтан л юм чинь адилхан л өвдөнө, сул дорой өвчтэй амьтад тогтмол хувьтай байна.
Европ эм дорнын эмээс ялгаатай, химийн гаралтай гэсэн ойлголт бий. Гэтэл Европ эмийн 90% нь байгалийн, ихэвчлэн ургамлын гаралтай байдаг. Анх амьтнаас, ургамлаас гаргаж авчхаад дараа нь тэрийгээ заавал амьтан алж, ургамал түүж биш, химийн аргаар яг тэр бодисоо нийлэгжүүлээд гаргаж авдаг болчихсон учраас л химийн гээд байгаа юм. Тэрнээс биш гарал үүсэл нь адилхан. Тэгэхээр европ эмийг химийн хортой, байгаль дээр байдаггүй бодисоор хийчихсэн гэж боддог нь буруу. Тэгээд ч өвчин, шаналгаа, зовуур намдаах, биеийг хөнгөвчлөх, тайван амраах, хоол шингээхдээ өөр нэг амьтныг тарчлааж алж биш харин европ эм уувал хамаагүй дээр гэдгийг хүмүүс мэдвэл мэдэх цаг хэдий нь болсон.
Энэ чинь 21 зуун шүү дээ ямар 10,000 жилийн өмнөх агуйн хүн биш. Амьтан тамлаж сорсон цус, алж идсэн эрхтэн нь таныг эмчлэхгүй. Өвтгөж шаналгаж л магад. Магадгүй сайн сунгах гэж амьдаар нь өвчсөн булга, шеншелийн арьсан хувцас таныг баян хөөрхөн биш бүдүүлэг аймшигтай харагдуулдаг цаг ирсэн шүү.