alim.mn | 2024.12.23
ЯПОН: Хятадаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч болзошгүй 8 улсын нэг нь Монгол
ЯПОН: Хятадаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч болзошгүй 8 улсын нэг нь Монгол‼
Сэтгэл өвтгөсөн аймшигтай судалгааны дүнг Америкийн Глобал хөгжлийн төвийн судлаач Скотт Моррис танилцуулжээ. Энэ нь Японы NHK телевизийн 2021.11.21-ний "Спэйшл" нэвтрүүлгээр хөндөгдсөн юм. БНХАУ "Нэг бүс - Нэг зам" бодлогынхоо хүрээнд улс орнуудад хөгжлийн хөнгөлөлттэй зээл олгодог болсон. "Нэг бүс - Нэг зам"-ын дагуу 68 улс орон байдаг. Эдгээрээс 23 улс нь Хятадаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрэх аюултай гэнэ. Үүн дотор 8 улс магадлал туйлын өндөр байгаа ажээ. С.Моррисын судалгаагаар 8 улсын тоонд Монгол багтсан. Гадаад өр зээлээ хугацаанд нь буцаан төлж чадахгүй бол тухайн улсууд хилийн боомтын эрхээ Хятадад шилжүүлэх, Хятадын ардын армийн арын хангалтын бааз байгуулагдахад хүрч болзошгүй гэнэ.
  Хятадтай байгуулсан гэрээний түгээмэл заалт нь “Хэрэв гэрээг ямар нэг байдлаар зөрчсөн бол гэрээг нэн даруй хүчингүй болгож, зээлийг нэг дор буцаан төлүүлэх” тухай заажээ. Гэрэл зурагт улаанаар тэмдэглэгдсэн улс орны ирээдүйд Японы ард түмэн санаа зовниж байна. Манай эрх баригчид гадаад өр зээлийг нэмж авах биш нэн яаралтай төлж эхлэх хэрэгтэй болжээ. Учир нь Монгол Улсын нийт гадаад өр $32.9 тэрбум, үүнээс ЗГ-ын гадаад өр $8.4 тэрбум болсон. Зөвхөн 2021 онд $998 саяын гадаад зээл авсан тухай УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганы танхимд мэдэгдсэн. Гэтэл жилд эргэн төлж буй дүн нь ердөө $190 сая байх юм. Шүүмжлэл дагуулдаг Оюутолгойн гадаад өр $12 тэрбумд хүрсэн. Хувийн хэвшил, төрийн өмчит компаниудын гадаад өр ч сэтгэл зовооно. Бид өрийг өрөөр сольж, хойшлуулж явдаг тогтолцоотой болсон. Энэ нь хуримтлагдсаар аюул дагуулж байна. Сүүлийн 4 жилд гадаад өр $4-5 тэрбумаар нэмэгдсэн тухай УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлж, сануулдаг. МАНайх төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардал болон хавтгайруулж олгодог халамжаа хязгаарлахгүй бол төсвийн алдагдал өсч, гадаад өр зээл авсаар байх болно. Учир нь төсвийн алдагдлыг гадаад зээлээр санхүүжүүлдэг. Хэрэв мугуйдлан, дараа дараагийн ЗГ-т эрсдэл шилжүүлэн явсаар байвал өөрийн улсын үнэ цэнэтэй хөрөнгө, газар нутгаа өгөхдөө тулах вий дээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ