alim.mn | 2024.12.22
Хойд Солонгосын бүсгүйчүүд 2 долоо хоногийн цагаан будаагаараа улаан уруулын будаг сольж авдаг

БНАСАУ-ын гоо сайхны үйлдвэрлэлийн хөгжлийн эх суурийг  аугаа удирдагч Ким Ир Сен тавьжээ. 1945 онд Манжуурт Японы булаан эзлэгчдийн эсрэг тулалдаж байхад ард түмний эцгийн тушаалаар Солонгосын эмэгтэй дайчдыг гоо сайхны бараагаар хангадаг болжээ. Өдгөө их удирдагчдын ач хүү Ким Жөн Ун 1949 оноос эхтэй гэдэг хувьсгалт улсын гоо сайхны барааны үндэсний брэнд “Unhasu”, “ Bomhyanggi”-ийг дэлхийн түвшинд хүргэх нөр их ажлыг мэргэн удирдлага жолоодлогоор байнга хангадаг байна. Гэхдээ улс дотор нь ороод бүсгүйчүүдийг нь ажвал хоёр брэнд өдөр тутмын маск, сэвх, толбо арилгах крем, цайруулах тос зэргээс нэг их дээшээ гараагүйг хялбархан харж болно. Гоо сайхны будалтын тос кремийн тухайд бүр ч ярилтгүй. Энэ улсад төр нь иргэнээ толгойноосоо хөл хүртлээ хэрхэн хувцаслахыг хатуу чанга зааж өгөн нарийн хянадаг тул нэгэнт тогтоосон гоо сайхны үнэлэмжийн хязгаар шалгуурыг давахыг хэн ч зориглодоггүй. Улс нь ч ийм “зоригтнуудыг” хатуу шийтгэж ирсэн. Энэ тухай Хойд Солонгосоос зугтаж ирсэн бүсгүйчүүд сүүлийн үед олонтаа ярих болжээ. Тэдний нэг нь нутагтаа нэг ёсны загвар өмсөгчөөр ажиллаж байсан 24 настай Нара Кан юм. Тэрээр 2015 онд Өмнөд Солонгосд оргож орж ирсэн байна. Бүсгүйн баталсанаар БНАСАУ-д гадаад төрх, хувцаслалтыг төр засгаас баталсан хатуу загвар шалгуурт оруулжээ. Богино банзал, энгэр нь задгай, англи бичигтэй цамц футболк, бариу жинсэн өмд зэргийг чандлан хоригложээ. Элдэв янзын зүүлт ээмэг бөгж зэрэг нь мөн хориотой. Уруул болон хумсаа ягаан өнгөөр будаж болох агаад улаан өнгөөр будвал шийтгүүлдэг. Бүсгүйчүүд үсээ задгай тавихыг мөн хоригложээ.

Хойд Солонгост уруул, хумсаа улаан өнгөөр будах хориотой. Энэ өнгийг  капитализмын билэг тэмдэг гэж үздэг

Энэ мэт хориог зөрчсөн бүсгүйчүүд залуусыг олны өмнө ичээх, шившиглэх болон торгууль оноож арга хэмжээ авдаг.  Мөн шийтгэл барьсан газраас нь шалтгаалдаг. Хэрвээ улсын нийслэл Пхеньян зэрэг гол хотуудын гудамжинд явж байгаад баригдвал бүр ч хатуу шийтгүүлж цөллөг, хөдөлмөрийн лагерьт ачигддаг байна. Иргэдээ гоо сайхны шалгуурыг хэрхэн баримталж байгааг ардын сэргийлэхийн “гючалдэ” гэдэг газар тусгайлан хариуцаж ажилладаг. Энэ газрын ажилтнуудтай том гудамжны 10 метр тутамд тааралддаг аж.  Гэхдээ л Хойд Солонгост төрийн машиныг сөрөн гоо сайханд тэмүүлж , өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх гэсэн залуус улам бүр олширч байгаа аж. Тэд гадаадын гоо сайхны бүтээгдэхүүнийг “Жангмаданг” гэдэг захаас авдаг. Энд хулгайгаар хил давуулан оруулж ирсэн электрон бараа, тавилга, гоо сайхны бараанууд зарагддаг.  Чухал бараатай худалдагчдыг олох амархан гэнэ. Тийм наймаачид зориуд Сөүл аялгаар ярьж худалдан авагчдаа татдаг байна. Тэднээс гоо сайхын бараа төдийгүй Өмнөд Солонгосын поп-оддын клип, савангийн дуурьтай флаш хүртэл авч болно. Чухамдаа өмнөдийнхний кино урлаг л Нара Каныг эх орноосоо зугтахад хүргэжээ. Өдгөө тэрээр зорьсондоо хүрч Өмнөд Солонгосын эрэлттэй эмэгтэй жүжигчдийн нэг болсон. Хойд Солонгосоос зугтаж ирээд амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн нэг нь Сөүлийн нэртэй загвар бүтээгч гэгддэг Жу Янг юм. Тэрээр нутагтаа “Жангмаданг” захын нэгэн наймаачний нууц байранд ороод л барууны соёлыг гайхан биширчээ. Наймаачны гэр гадаад хувцас, бараа, тавилгаар дүүрсэн байжээ. Жу Янг хоёр долоо хоногийн цагаан будаагаа өгч байж нэг ширхэг улаан өнгийн уруулын будаг авчээ.  Түүний баталснаар өмнөдийнхний соёл урлагийн амжилт хойд солонгосчуудын гадаад төрхийг төдийгүй оюун санааг нь өөрчилж байгаа гэнэ.

Хойд Солонгосын эрх баригчид ард иргэдийнхээ дунд илэрдэг “барууны соёлын гаж нөлөөтэй” тэмцсээр байгаа ч одоо бүхнийг хянаж чадахаасаа өнгөрсөн. Өмнөдийн соёл, урлагийн нөлөөгөөр хойдынхон засаглагч дэглэмээ үл таашаах, дургүйцэх үзэлд бага багаар автаж эхэлсэн. Өмнөдийн үндэс угсаа нэгтнүүдийнх нь бишрүүлэн татагч урлаг, соёл нь хойдынхны өнөөгийн байдлаа эсэргүүцэх сэдлийг улам бүр өдөөж байна

Үүнийг Нара Кан ч баталжээ.

Хойд Солонгост маш олон залуус хамгийн наад зах нь хүссэнээрээ хувцаслаж чадахгүй байгаадаа л тун ихээр уурлаж бухимддаг. Би яагаад дээрээс заасны дагуу явах ёстой юм бэ гэж бие биенээсээ асуудаг болсон

Улсаасаа зугтаж ирсэн бүсгүйчүүдийн баталснаар гоо сайхан л Хойд Солонгосыг аврах гэнэ.

 

Эх сурвалж :https://edition.cnn.com/style/article/north-korea-womens-beauty-freedom/index.html

 

 

Төрөөс баталсан эмэгтэйчүүдийн үсний загварууд ...
Нара Кан
Төрөөс баталсан загварын дагуу хувцасласан иргэд
“Жангмаданг” зах дээр
“Жангмаданг” зах дээр

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ