ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд төрийн өмчийг хувьдаа ашиглахыг хориглосон журмаа зөрчөөд байгаа асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Журам гараагүй. Журмыг судалж байгаа. Гаргах журманд эдгээр асуудлыг хөндөнө. Харин мөрийтэй тоглох асуудал журамд тусгагдсан нь бий. Үүний дагуу сануулга өгч байгаа. ЦЕГ болон Төрийн албаны зөвлөлөөс хамтран хийсэн ганцхан өдрийн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт “албаны балаар хувийн юм бичиж болохгүй” гэдэг гарын үсэг зурсан тохиолдол бий. Төрийн албан хаагч гэдэг сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа үйлчилгээ гэж ойлгож болно. Олон нийтийн төлөө татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилж байгаа гэсэн үг. Тиймээс хувь, хувьсгал хоёр заагтай байх ёстой. Гэхдээ манайд ийм журам, протокол байхгүй. Тиймээс одоо том хэмжээний нилээн зузаан бичиг баримт бэлтгэгдэж байна. Түүнд улс төрийн албан хаагч албаны машинаар хувийн ажил амжуулж болохгүй, албаны машиныг амралтын өдөр унахыг хориглох заалт хөндөгдөнө. Тиймээс одоогоор албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй.
-Төрийн албаны тухрай хуульд албаны эд хөрөнгийг хувьдаа ашиглахыг хориглосон заалт бий. Албаны машиныг хувьдаа ашигласан хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу?
-Хариуцлага яригдана. Хөндөгдөж, яригдаж эхэлж байна гэдэг нь сайшаалтай. Тиймээс хуульчилж тусгана.
-УИХ-ын гишүүд казино тоглосон асуудал яригдсан. Ямар хүмүүс тоглосон гэдэг мэдээлэл байгаа вэ?
-Казино тоглосон байж болзошгүй мэдээллүүдийг ЦЕГ, ТЕГ-аас гаргаж үзсэн. Энэ бол нууц. Казино тоглохыг хориглосон журам гарснаас хойших, өмнөх гэж ангилан үздэг. Журам гарснаас хойш 12 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр хүн тоглосон нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон.