alim.mn | 2024.12.22
Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган салс, өөхийг хаврын улиралд арилгана

Хаврын улиралд хэрхэн биеэ тэтгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Хаврын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлж, биеийн хүч тамираа тэтгэх талаар ярихаас өмнө хаврын улирлын онцлогийн талаар асуумаар байна?

-Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг. Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, хүний бие махбод доройтдог. Хаврын улиралд бадганы бэлгэ чанарууд арвидан хөдөлдөг учраас хүний биеийн бадган голлон оршдог мах, өөх, чөмөг, тархи, уушги, ходоод, дэлүү, бөөр зэрэг эрхтэнүүд өвчлөх магадлалтай бөгөөд хэрэв эдгээр эрхтэнүүд архаг өвчтэй байсан бол сэдэрч хөдөлдөг.

-Уламжлалт анагаах ухаанд хамгийн чухал нь цаг улиралтай тохируулан хоол унд, явдал мөрөө зохицуулах байдаг шүү дээ. Хаврын улирлын идээ унд, явдал мөрийн талаар зөвлөхгүй юу?

-Бадган аривддаг учир ширүүн, илчлэг, бүлээн, хөнгөн чанартай хоол хэрэглэж, хоолны хэмжээг багасгана. Хоолныхоо хэмжээг багасгана гэдэг нь идэхгүй байх, өлсөөд яваад байна гэсэн үг биш юм. Хүний ходоодны хэмжээ нь өөрийнх нь хоёр алгыг нийлүүлж тоссон хэмжээтэй байдаг. Үүний дөрөвний гуравт нь хоол, ундаа тохируулан хэрэглэж, шингээх үйлдлийг сайн явуулахын тухайд дөрөвний нэгийг хоосон байхаар тооцно. Өвлийн улиралд ходоодны галын илч сайн байх үед чанасан мах, өөх тостой хоол ихээр хэрэглэж байсан бол хавар хүнд хоол, өөх тосны хэрэглээг багасгах нь зүйтэй. Цагаан гааг усанд буцалгаж, эсвэл буцалсан усанд дэвтээгээд уувал бадганыг дарж, хийн бэлгэ чанарыг тэгшитгэнэ. Мөн буцалсан усанд зөгийн бал хутгаж ууж болно. Харин ногоон цай, хар цай, липтон цай зэрэг сэрүүн чадалтай цайг энэ улиралд хэрэглэх нь зохисгүй. Мөн түүхий, хүйтэн сүү хэрэглэж болохгүй. Явдал мөрийн хувьд бадган арвидаж байгаа учраас явган алхах, сунаж мөргөх зэргээр зохистой дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол идэвхитэй хийгээрэй. Мөн шөнө унтах цагаараа сайн унтаж амраад, өдөр унтахгүй байх хэрэгтэй. Өдөр унтах заалттай хүмүүс буюу хүүхэд, хөхүүл эмэгтэй, хүнд өвчтэй хүн, ахмад настнуудаас бусад нь өдөр унтаж болохгүй. Өдөр унтвал бадган аривдана, хавдана, таргална. Бадган ихэсвэл ой тогтоолт муудах, нозоорох, залхуурах, бие хүндрэх, сэтгэл хүндрэх, ажил үйл хийхэд дургүй болох, хоолны шингэлт муудах, таргалах, нус цэр ихсэх зэрэг шинжүүд илэрдэг. Тиймээс бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй.

-Дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор охид бүсгүйчүүд маань хурдан хугацаанд жин хаях зорилгоор мацаг их барьдаг шүү дээ. Гэтэл хаврын улиралд өлсөж болохгүй талаар та сая хэллээ?

-Хавар мацаг барьж болохгүй. Бадган ихсэж, хий хурж, хөдөлдөг улирал үргэлжилж байгаа учраас мацаг барих хэрэггүй. Хоолныхоо хэмжээг багасгаад зөв зохистой хооллож, идэвхитэй хөдөлгөөнтэй байх нь чухал. Мацаг гэдэг нь нийтээрээ хийх зүйл бишээ, тодорхой заалттай хүмүүст хийдэг эмчилгээний нэг арга. Учир нь мацагийн үед янз бүрийн хүндрэл гарах эрсдэлтэй байдаг, хэрэв хүндрэл гарсан тохиолдолд түүнийг таньж эмчлэх аргыг эмч хүн л мэднэ. Оточ Манрамба Их Сургууль зэрэг мэргэжлийн сургуульд уламжлалт анагаах ухааны онол шүн үзэж төгссөн эмчид хандаж, эмчийн хяналтанд мацаг эмчилгээг хийлгэж болно. Ялангуяа хийн бэлгэ чанар арвидаж хөдөлдөг луу, могой сард (IY.17-YI.12) мацаг барьж болохгүй.

-Хавар халуун дулааны улирал учраас элэгний өвчлөл сэдэрдэг, энэ үед хануур, туулга хийлгэх ёстой гэж ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хаврын сүүл сард цаг агаарын хувьд хуурай, халуун болдог. Үүнтэй уялдаад хүний биед хийгээр хөлөглөсөн халуун буюу хоосон халуун үүсч элэгний архаг хууч өвчин сэдрэх магадлалтай байдаг. Гэхдээ энэ сард хийн бэлгэ чанар давамгайлан ихсэж, хөдөлсөн байдаг учраас хануур, туулга зэрэг сэрүүн чадалтай эмчилгээ хийж болохгүй. Харин хийн бэлгэ чанарын эсрэг эмчилгээг голлон хийгээд, элэгний хэсэг бусаг халууныг эм, тангаар эмчилсэн нь илүү зохимжтой. Туулга, хануур зэрэг сэрүүн чадал эмчилгээг яг шарын халуун давамгайлан ихэсдэг намрын улиралд хийх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс турах зорилгоор туулгах сонирхолтой болсон байна. Туулга эмчилгээ нь шарын халууны эсрэг хийдэг сэрүүн эмчилгээ учраас харин ч бадганыг ихэсгэж таргалуулах эрсдэлтэй.

-Хүний биед хуримтлагдсан хорт бодисыг улирал бүрт цэвэрлэх хэрэгтэй гэдэг. Тэгвэл хаврын улиралд ямар цэвэрлэгээ хийвэл илүү тохиромжтой вэ? 

-Өвлийн улиралд хурсан бадган хаврын эхэн, дунд сард (энэ жилээр бол II.16-IY.16) ихсэж, хөдөлдөг учир энэ улиралд толгой, уушги, ходоод зэрэг бадган голлон оршдог эрхтнүүдэд хуримтлагдсан бадган, сальсыг бөөлжүүлэг эмчилгээгээр арилгаж цэвэрлэдэг. Бөөлжүүлэг эмчилгээг хийснээр ходоод, уушги, тархи толгойн өвчлөлөөс сэргийлэх бөгөөд хүний биед хуримтлагдсан илүүдэл бадган сальс, өөхийг арилгадаг зэрэг олон талын ач холбогдолтой. Бөөлжүүлэг эмчилгээг 16-с доош, 70 дээш насны хүмүүст хийж болохгүй. Бөөлжүүлгийн өмнө бэлтгэл хийж, явцыг хянаж, эмчилгээний сүүлийг таслах хэрэгтэй байдаг учир мөн л уламжлалт анагаахын онол, шүнг үзэж гүйцээсэн уламжлалт анагаахын мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгээрэй.

-Хавар хүмүүсийн сэтгэл санаа их тогтворгүй болдог шүү дээ. Энэ нь юутай холбоотой вэ?

-Түрүүн мацаг барьж болохгүй гэж хэлсэн хаврын сүүл сар буюу луу, зуны эхэн сар буюу могой сард (энэ жилээр бол IY.17-YI.12) хийн бэлгэ чанарууд ихсэж хөдлөхөд хүний сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Учир нь хүний сэтгэл санаа, оюун ухаан нь хийн судсыг хөлөглөж үйл ажиллагаа явуулж байдаг. Тиймээс энэ үед сэтгэлийн гутралд орох, санаа зовинох, сэтгэлийн хэт хөдлөлд автагдах зэрэг сэтгэл санааны буруу, муу үйлдлүүдийг хийх, нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцлөөр хийн бэлгэ чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг. Үүнээс урдчилан сэргийлж дээрх нөхцлүүдийг бүрдүүлэхгүй байх, сэтгэлийн үйлээ сайтар хянамгайлж амар амгалан, тайван байх нь чухал.

-Хаврын улиралд ямар өвчнөөс урьдчилан сэргийлж, ямар эмчилгээ хийлгэвэл тохиромжтой вэ?

-Энэ улиралд зайлшгүй анхаарах ёстой зүйлүүдийн нэг бол завсрын улирал болох хаврын улиралд бадган, хийтэй уялдаад гараг сааны өвчин буюу цус харвалтанд өртөх магадлал өндөр байдаг. Амьдрал дээр ч ажиглаад байхад хаврын улиралд цус харвалт их тохиолддог. Тиймээс гараг саа гүйдэг өдрүүд буюу сар бүрийн шинийн 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29 гэсэн эдгээр найман өдрүүдэд даралт ихэсдэг хүмүүс маш тайван байж, дээшээ хөөрч, даралт ихсэхээс урдчилан сэргийлэх хэрэгтэй. Ер нь аливаа өвчнөөс урдчилан сэргийлэх нь маш чухал бөгөөд хэрэв өвдсөн тохиолдолд бусад эд эрхтэндээ нөлөөлөөгүй дангаараа, шинэ байхад нь арга хэмжээ авч, эмчилж эдгээх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

“Уламжлалт анагаах ухаан” сонин


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ